Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд яамны тамгыг гардуулан өглөө. Ерөнхий сайд “Олон жилийн арвин туршлагатай улс төрч энэ салбарыг удирдахаар болсонд баяртай байгаа. Аялал жуулчлалын салбар эргээд ирж байгаа тул энэ салбарынхныгаа нэгтгээд, энэ салбар алга боллоо гэж ярьдаг зарим хүмүүсийн шүүмжлэлийг давж гарахаар сайн ажиллаарай. Ирэх жил Берлинд болох “ITB”-гийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор Монгол Улс орох гэж байгаа. Энэ чиглэлээр олон ажил хийсэн” гэсэн юм. Мөн тэрбээр байгаль орчныг хамгаалах ажлуудыг эдийн засгийн хөгжлөө дэмжиж, ногоон гэсэн бодлогоороо тодорхойлогдсон салбарынхаа хөгжлийг түлхэж ажиллаарай гээд Сайд болон яамны хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол яамны тамгаа хүлээн авсны дараа Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон газар хэлтсийн дарга нартай уулзсан юм. Тэрбээр “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг горимын дагуу хийдэг, байгаль орчныг хамгаалдаг, ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж цогцоор нь энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Ингэхийн тулд иргэний нийгмийн байгууллагаа, ТББ, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллана” гэлээ.
Д.ЦЭЭНЭ