“Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн ёслол Монголын театрын музейд болж өндөрлөлөө. Эл ёслолын үеэр Драмын театрын ахмад уран бүтээлчид, залуу үеийн төлөөлөл төдийгүй үе үеийн уран бүтээлчид хүрэлцэн ирж Алтан үеийнхээ ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Уг хүндэтгэлийн ёслолын үеэр МУГЖ Г.Равдан 100 жилийн түүхтэй театрын түүхийг өгүүлэх үе үеийн уран бүтээлчдийн талаарх фото агшин бүрийг тайлбарлаж, фото хуудсанд мөнхөрсөн ахмад уран бүтээлчид, театртай холбогдсон өөрсдийн залуу үеийн хөгжилтэй дурсамжуудаа хуваалцаж, ирсэн залуучуудтай туршлагаа хуваалцсан юм.
Уг ёслолын үеэр ахмад уран бүтээлчидтэй ярилцсанаа уншигчиддаа хүргье.
Ардын жүжигчин Д.Мэндбаяр:
-Өнөөдрийн арга хэмжээ нь алтан үеийнхний бүтээсэн, театрын тайзнаа мөнхөрсөн уран бүтээлчдийн араас залуу үеийнхэн алхаж, театрын, урлагийн ертөнцөд орж байгаагийн тод жишээ юм. Ахмад үеийнхэн маань Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуай, Н.Дугарсанжаа гуай, Б.Батжаргал гуай зэрэг уран бүтээлчдийн ойг тэмдэглэж байгаад Драмын театрынхаа удирдлагууддаа баярласнаа илэрхийлье. Миний хувьд театрын тайзан дээр 50 жил тасралтгүй ажиллаж, гавьяаныхаа амралтыг авсан. Театр гэдэг бол амьд дүр бүтээж, үзэгчдийг ухааруулж, баярлуулж, уйлуулж байдаг амьд харьцааг бий болгож байгаагаараа онцлогтой. Хүнд амьд харилцааг хүргэж, бүтээж, залуучуудад үлгэр дууриалал болдог учраас өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээг зохиож байгаа болов уу.
Ардын жүжигчин П.Цэрэндагва:
-Театрын үе үеийн түүхийг өгүүлсэн ёслол болж өнгөрлөө. Та өөрийн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл мэдээж өндөр байна. Харах, үзэх, бодох, сэтгэх ажилд маань үнэлгээ өгсөн арга хэмжээ боллоо. Өмнөх үеэ ухааран ойлгох нь дараа үедээ жигүүр болон хөгжихөд их өгөөж өгдөг ажил юм гэж би боддог. Энэ ажилд өнгөрсөн биш үлдсэн нь хүртэл санах хугацааг өгдөг ажил шүү дээ.
-Энэ арга хэмжээнд өлгөөтэй байгаа зурагнууд нилээд хуучны зурагнууд байх шиг ээ. Ер нь хэр удаан хадгалсан зурагнууд вэ?
-Эдгээр зурагнуудыг харахад ганц нэг зурагнуудыг эс тооцвол ер нь сүүлийн үед гарч ирээгүй зурагнууд өлгөсөн байна шүү. Мэдээж 100 жилийн ой нь тэгширч байгаа зурагнуудыг өнөө үеийн фото зураг гэж хэлж болохгүй л дээ. Цаг хугацааны хэмжүүр, гэрч болж түүх өгүүлсэн зурагнууд байгаа юм. Ихэнх зурагнуудыг нь би харсан, үзсэн. Цуг ажиллаж, амьдарч байсан учраас үзэгчдийн мэдэж байгаатай харьцуулахад мэдэх зураг дийлэнх нь байна. Гэхдээ шинэ зүйлийг хайж, олсон ганц нэг фото зураг байна. Ганц нэг зүйл нэмэгдэнэ гэдэг чинь алтан үеийнхэндээ хандах хандлага илүү эрчимжиж байгаа юм болов уу гэж миний хувьд сэтгэл их өег байна.
Ардын жүжигчин Г.Мягмарнаран:
-“Бид мартахгүй” арга хэмжээ ахмад үе гэхээсээ илүү залуу үеийнхэндээ хандсан сэтгэгдэл төрүүллээ. Таны хувьд залуу уран бүтээлчдэд ахмад үеийн уран бүтээлчид юуг үлдээхийг зорьдог вэ?
-Бид өчигдөргүй бол өнөөдөргүй, өнөөдөргүй бол маргаашгүй гэж ярьдаг шүү дээ. Хүний амьдралын гурван хэлхээс, нийгмийн амьдралын гурван хэлхээ гэдэг энэ юм. Манай театр өөрсдөө ярьж дурсаж, ахмад болон хойч үеэ мартахгүй үгүйлж байна гэдэг залуу үеийнхнийгээ сургаж байгаагийн нэг илрэл. Өнөөдөр маргаашдаа энэ дурсамжийг аваачиж өгдөг жамтай. Эндээс маш олон зүйлсийг олж харж болно л доо. Тухайн үеийн нийгэм, театрын амьдрал, урлаг соёлын хөгжил, үе үеийн ахмадуудын түүхэн замнал бүтээлч үйлсийг хойч үедээ дамжуулж байна гэж харж болно. Хоёрдугаарт, хүний хувьд хойч үеийнхэн маань түүхээ мартахгүй гэдгийг харж байгаа юм. Гэхдээ энэ, тэр гайхалтай гэж ярихаас гадна аливаа зүйлс гурван хэлхээсэн дээр амьдардаг гэдгийг театр маань бусад театр, хамт олон, нийгэмд үлгэрлэж байгаа юм болов уу л гэж би ач холбогдол өгч байгаа юм.
Би жаахан шүүмжлэлтэй хандах гээд байна шүү дээ. Зарим урлагийн том том байгууллагууд, ахмадууд ярьдаг “биднийг мартдаг, бидний хийснийг мартдаг, өнөөдрийн залуучууд байвал л болдог” гэж энэ асуудалд ч мөн нэг санаа өгч байгаа юм. Өнгөрснөө, түүхээ мартдаг, ахмадуудаа мартдаг байгууллагуудад нэг дохио өгч “нээрээ бид чинь дурсах хэрэгтэй юм байна” гэх санааг өгөх болов уу. Эцэг өвгөд, үүх түүхээ мартахгүй гэж манай театрт хэвшчихсэн зүйл юм шүү дээ. Олон зүйлийг харж болох сайхан арга хэмжээ байгаа юм даа.
Дэлхийн сонгодог болон үндэсний олон жүжгийн гол дүрийг бүтээсэн алтан үеийн ахмад уран бүтээлчдийн нэг МУГЖ Лха.Долгортой товч ярилцлаа. Өдгөө 90 нас дөхөж яваа ахмад уран бүтээлчийн тухай Драмын театрын дэд захирал Н.Сувд өөрийн өгсөн нэгэн ярилцлагандаа “Ардын жүжигчин, Төрийн шагнал гэх цол Лха.Долгор гуайг битгий мартаасай” гэж дуу алдсан байдаг.
-Театрын тайзан дээр та олон жил амьдарсан хүний хувьд одоо эргээд нэг дурсахад юу хамгийн харамсалтай санагддаг вэ?
-Театр маань намайг сургаж, өдий хүртэл наслуулж байсныг мэдэхгүй л байсан байна шүү дээ. Ээ…Би ийм зүйлсийг хийдэг байж, тийм хүмүүстэй уулздаг байж гэсэн бодлыг өгч байна. Сүхбаатар жанжны кинонд гардаг даа, нэг лам хүн Сүхбаатарт хор өгчихөөд явчихдаг. Тэр хүний нэрийг мартсан байна, театр маань ч мартсан байна. Уг нь тэр хүний нэр хэн гэдгийг би сайн мэддэг байсан юм. Театрын түүх гэдэг чинь жижиг зүйлсээс эхэлдэг. Дурьдагдсан, орсон зүйл зөндөө бий ч зарим хүмүүс мартагджээ. Ганцхан миний харснаар л тэр шүү дээ. Хүн гэдэг дандаа аливаа зүйлсийг бодож хардаг байх ёстой. Би тийм байгаагүй нь харамсалтай. Жүжигчин гэдэг их том нэр зүүгээд театрын босгыг алхаж байжээ одоо бодоход. Жүжигчин гэдэг нэрнээс би их айдаг. Миний бодлоор жүжигчин гэдэг их буруу нэр, “тоглолоо” гэдэг үгэнд ч дургүй. “Театрт тийм жүжиг тогложээ, тоглолоо” гэж ярьдаг. Тэр жүжгийн ард ажиллаж байгаа, бүтээж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа юм шиг санагддаг. Маш их хөдөлмөр шүү дээ, дүр босгох гэдэг чинь. Жишээ нь, тэр хүн далан худалчийн дүрд л тоглосон байна лээ гэж ярьдаг. Тухайн дүрийг бүтээж байгаа жүжигчний хөдөлмөрийг үнэлээгүй яриа, цол юм болов уу гэж боддог. Тоглолоо гэхээр тоглоод өнгөрчихсөн санагдаж байгаа юм.
-Та ямар нэр жүжигчин хүнд өгвөл илүү зохих вэ гэж бодож үзсэн үү?
-Бодож үзсэн…Товчхон нэг л үгээр хэлэхэд театр өнөөдөр хөдөлмөрөө хийж байна л гэх хэрэгтэй. Гэхдээ энийг ухаантай хүмүүс илүү сайн хийх байх өө. Би жаахан тэнэг шүү дээ. /Инээв/
-Жүжигчин хүний сэтгэл ханамжийг үзэгчдийн алга ташилтаар хэмжиж болох уу?
-Би өнөөдөр жүжгэнд сайн тоглолоо гэсэн сэтгэл ханамж бол худлаа. Өөрөө өөртөө хэлж байгаа юм шүү дээ. Үзэгчид андашгүй. Жүжигчин хүн тайзан дээр ганцхан үг хэлэхэд үзэгчид чимээгүй, нам гүм болдог. Энэ чинь үзэгчид уран бүтээлчид өгч байгаа үнэлэмж. Тэр үнэлгээнийхээ дараа үзэгчид алга ташиж байгаа юм. Би тэгэж л боддог. Гэхдээ ухаантай хүмүүс өөрөөр хэлэх байх. Эмээ нь гадуур явах дургүй ш дээ. Хүмүүс энийг яриад өгөөч тэрийг яриад өгөөч гэдэг юм. Хүнд худлаа юм ярьчихвал төвөг юм даа. /Инээв/
Э.ТЭКҮ