Мах бөөндөө хямд ч жижиглэнгээр үнэтэй

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Мах бөөндөө хямд ч жижиглэнгээр үнэтэй

Жил бүрийн өдийд махны бөөний үнэ ханш ерөнхийдөө буурдаг. Учир нь энэ л цаг үед “Үе үе нэг цадна. Үхэр идэхээр нэг цадна” хэмээн хошигнодог идэшний цаг тохиодогтой холбоотой. Энэ жил махны үнэ өмнөх жилүүдээ бодоход илүүтэй хямд байгаа талаар ченжүүд ярьж байна. Тиймээс бид бүхэн энэ удаагийн сурвалжлагаараа махны бөөний болон жижиглэнгийн үнэ, иргэдийн худалдан авах чадварын талаар хөндлөө.

Өглөөний 09:00 цагийн орчимд “Дэнжийн 1000” худалдааны төвийн хашаа хөл хөдөлгөөнтэй байх аж. Хөдөө орон нутгаас малын мах оруулж ирж бөөнөөр нь зарж байгаа иргэд ихэвчлэн бүхээгтэй машинд махаа зарж байна. Ийнхүү гадуураа зарж байгаа махны үнэ ханшийг судлахад ямааны мах 3300/бөөний үнэ/, адууны мах 3500-3800, хонины мах 4500-4700 мянгын үнэтэй байгаа бол үхрийн мах 5000-5500 төгрөгийн үнэтэй байна. Харин аль аймгаас ирсэнийг нь асуухад ихэвчлэн Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн аймгуудаас ирсэн байх бөгөөд мах худалдан авах хүнд гарал үүслийн бичгийг нь ч үзүүлж болно гэдгээ хэлж байлаа. Мөн зарим нэг нь малаа амьдаар нь хотод оруулж ирээд Эмээлтэд нядалсан гэдгээ хэлж байлаа.

“Дэнжийн 1000” худалдааны төв дээр урьд нь цөөнгүй удаа очиж сурвалжлага бэлтгэж байлаа. Гэсэн ч энэ удаад ийм сүрхий анхааруулгатай таарсан тул махны худалдаачдын зургийг тэр бүр аваад байж чадсангүй. Тэд ер нь л зургаа авахуулах дургүй байдаг ч дээрх анхааруулга гарсанаас болж нилээд ууртай ч болсон шиг байна. Зарим нэг нь гэрэл зурагчныг маань элдвээр хэлж, биед нь халдахаар ч завдлаа.

Ийнхүү маргалдаж, мэтгэлцсээр дотор жижиглэн худалдаа руу ороход зургийн аппараттай хүнийг бараг л дотогш нь нэвтрүүлэхгүй маягийн юм боллоо. Харин махны үнийн хувьд хонины жижиглэнгийн үнэ дотроо 5800-6200, ямаа 5000-5300 байх аж. Махны үнэ ийнхүү хямд байгаа учраас малаа махлах нь багасдаг байх гэсэн ойлголт минь тэнгэр газар шиг зөрүүтэй болохыг нэгэн ченжийн ярианаас ойлголоо. Учир нь яг ийм хямралтай байгаа цаг үед зардал их гардаг учраас ченжүүд хөдөө явж мал худалдаж авах нь багасдаг ч хөдөөнөөс малаа нядлаад өөрсдийн унаагаар орж ирэх малчдын тоо нэмэгддэг байна. Гэсэн ч иргэдийн мах худалдан авах нь өнгөрсөн үеийнхээс эрс муу байгааг тэд харамсангуй ярьж байлаа.    

Бөөний үнэ ханш нь ямар байгааг ерөнхийдөө мэдсэн учраас захын гэр хорооллын зарим дэлгүүрээр орлоо. Учир байдлаа нилээд сайн тайлбарлаж ойлгуулсаны дараа дэлгүүрийн хөлдөөгчинд байх махны зургийг дарах зөвшөөрөл авч чадлаа. Харин дэлгүүрийн худалдагчийн хэлж буйгаар толгойн таташ, зүрх зэрэг нь нилээд гүйлгээтэй бараа болсоноос гадна элэгний нухаш, талхыг хүмүүс нилээд худалдаж авдаг болжээ. Захын дэлгүүрүүдэд гялгар уутанд савласан хонины мах/нөөцийн/ 6500 төгрөг байгаа бол хонины цул мах 8000-8500 төгрөг, үхрийн мах 8600-8900 төгрөгийн үнэтэй байна. Харин махан таташ, толгойн таташ 1500-1700 төгрөгөөр борлуулагддаг байна.

Дэлгүүрийн худалдагч бидний “Бөөний үнэ нь хямдарчихсан байхад дэлгүүрүүдэд яагаад үнэтэй хэвээрээ байгаа вэ?” гэсэн асуултад тодорхой хариу өгсөнгүй. Лавлаж асууснаасаа болоод бухимдалыг нь төрүүлчихсэнээс өөдөөс хялааж харагдана.

Харин буцаж явахдаа аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний байгууллагуудын үнэ ханшны талаар тодорхой заасан дүрэм журам, зохицуулалт байдаггүйгээс ийм байдалтай байдаг болов уу гэж бодлоо. Буруу ч байж болно л доо. Гэхдээ л махны үнэ буурлаа гээд цайны газар, рестораны хоолны үнэ буурдаггүй, жижиглэнгийн худалдааны үнэ нь тэнгэрт тулсан хэвээрээ байгаа нь гарцаагүй үнэн.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж