”World cup”-ын сонин хачин

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

”World cup”-ын сонин хачин

Өшөө хорсол. Хөл бөмбөгийн тэмцээний үр дүнгийн талаар урьдчилан зөгнөн мэдэрдэг авьяасаараа олныг гайхшруулж ирсэн хөөрхий зөнч Пауль наймаалжийн амь нас хутганы ирмэг дээр ирээд байна. Шударга зантай наймаалж Германий баг Испанийн хөл бөмбөгчдөд ялагдана гэж зөгнөөд байсан билээ. Энэ хоёр багийн хооронд болох ёстой байсан өрсөлдөөн болж, Германийн шигшээ баг Испанид ялагдлаа. Энэ мөчөөс эхлэн Германийн хөл бөмбөгийн олон мянган хорхойтнууд зөнч наймаалжийг буруутган, “шарсан наймаалжийн хуурга”, тосонд шарсан наймаалжийн амттай мах идэх хүсэлтээ интернетээр дамжуулан мэдээлж буй тухай германийн Der Westen сонинд мэдээлжээ.

Протокол ёс. Испанийн хааны хатан Софиа өөрийн орны хөл бөмбөгчдийн шигшээ багийн тогтолтод дэмжлэг үзүүлэхээр Дурбанд хүрэлцэн иржээ. Хатан хаан Софиа тоглолт үзэхээр ирэхдээ нэл улаан өнгийн хувцас өмсч,  шар өнгийн хүзүүний ороолтоор гангарсан аж.

Хов жив. Европийн нэр хүнд, нөлөө бүхий хөл бөмбөгийн багууд Германийн хөл бөмбөгчдийн  амжилттай тоглолтыг хараа хяналтандаа авч, цаашид хэрхэх талаар санаа бодлоо сэм сэм төлөвлөж эхэлсэн тухай хэвлэл мэдээлийнхэн олон нийтэд уламжилж эхэлсэн байна. Хэвлэл мэдээллийнхэн  Lukas Podolski Манчестер Ситийг, Sami Khedira Челсеаг, Per Mertesacker Арсеналыг, Bastian Schweinsteiger Реал Мадридийг, Mesut Ozil Барселонаг тус тус сонгон авах байх гэсэн таамгийг дэвшүүлжээ. Тэр бүү хэл хөл бөмбөгийн тэмцээн эхлэх мөчөөс эхлэн нөөцөд байсан Dennis Aogo хүртэл Турины Юувэнтусын толгойг эргүүлж амжих байх гэж мэдээлж байна.

Риоха. Германийн багийн дасгалжуулагч Joachim Low олон удаа өөрийн түнш Louis van Gaal-тай хамт Риоха вино ууж тухлан суух үедээ Muller, Schweinsteiger, Klose болон Lahm нарын тухай ярилцаж байсан гэж ам алджээ. Louis van Gaam Риоха улаан виног шүтэн бишрэгч нэгэн бөгөөд Барселоны багийн экс дасгалжуулагчаар ажиллаж байсан ажээ. Гэвч хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн эхэлснээс хойш хоёулаа хамт тухлан сууж вино уух зав гарахгүй боллоо гэж гомдоллосон байна.

Тагнуулчид. Германийн шигшээ багийн дасгалжуулагч өөрийн нутаг нэгтэн болох Швейцарийн шигшээ багийн техникч Ottmar Hitzfeld-ээс мэдээлэл авах гэж хүсэлт гаргасан удаа байхгүй гэж ярьжээ. Швейцарийн шигшээ Испанийг 1-0 оноогоор хожсон ганц баг билээ. Тэр бид хоёр бие биеэндээ мессеж бичилцэж, баяр хүргэх төдий л зүйл ярилцаж байсан гэж гүрийсэн аж.

Хурлаа хойшлуулсан нь. Полинезийн Үндэсний Ассамблейн 57 гишүүн хоорондоо харилцан тохиролцож, Голланд, Уругвайн багийн тоглолтыг үзэхээр чуулганаа хоёр цагаар хойшлуулсан байна.  Ассамблейн ерөнхийлөгч Оскар Темару “Бид бүгдээрээ хөл бөмбөгийн хорхойтнууд. Тэгээд л хоорондоо эв зүйгээр ярилцан тохиролцож, хурлаа хоёр цагаар хойшлуулсан юм” гэж тайлбар хийжээ. Ассамблейн гишүүд өөрсдийн дэмждэг багуудын далбааны өнгөтэй хувцас өмссөн байсан байна. Ассамблейн өөртөө засах засаглалыг дэмжигч бүлгийнхэн улбар шар өнгөтөй, тусгаар тогтнолыг дэмжигчид тэнгэрийн цэнхэр өнгөтөй хувцас өмсцгөөсөн байжээ.

Эх сурвалж: La Gaceta del Mundial-2010
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж