Үүсэн
байгуулагдсан цагаасаа эхлээд олон нийтийн дунд итгэл, эргэлзээ хоёрын
аль алиныг дагуулаад байсан Ардчилсан хүчний холбооны анхдугаар хурал
өчигдөр Төрийн ордонд боллоо. Их хурлыг Ардчилсан намын ерөнхий нарийн
бичгийн дарга Д.Эрдэнэбат нээж, намын дарга Н.Алтанхуягийн илгээлтийг
уншиж танилцуулсан. Индонезийн Жакарта хотноо албан томилолтоор
ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ч мөн мэндчилгээ дэвшүүлж,
цахилгаан ирүүлжээ. Харин анхдугаар их хурлын нээлтийн илтгэлийг
холбооны ерөнхийлөгч З.Энхболд тавьсан.
Түүний
илтгэлийн дараа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Дэлгэрмаа,
МоАХ-ны дэд тэргүүн Ш.Түвдэндорж нар үг хэлснээр нэгдсэн хуралдаан
өндөрлөж, их хурлын төлөөлөгчид Хөгжлийн бүс, Шинэ Улаанбаатар,
Нийгмийн салбарын шинэчлэл, Байгаль орчин, экологи, Шинэ хөдөө, Улс
төр, эрх зүйн шинэтгэл гэсэн үндсэн сэдвүүдээр салбар хуралдаанд
оролцлоо.
Д.Бямбасүрэн: Монголчууд бид Оюутолгойн орд дээр молигодуулсан
Ардчилсан
хүчний холбооны Байгаль экологийн асуудал хөндсөн салбар хуралдаанд
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ус” сэдвээр илтгэл тавилаа. Томоохон
гүрнүүд усаар дамжуулж, төрийн бодлогыг шахдаг болсон энэ цаг үед
Монгол Улс усны бодлогоо шинэ төвшинд гаргаж, хойч үедээ усаа өвлүүлэх
бодлого баримтлахгүй бол нефтийн бүтээгдэхүүнээр ОХУ-ын хараат болсны
нэгэн адил хувь заяа хүлээж буйг санууллаа. Мөн өнөөдрийг хүртэл
дэлхийн олон эрдэмтэн судлаачид усыг орлох бүтээгдэхүүн гаргаж чадаагүй
байгааг онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн байгаль
экологийн асуудлыг хөндөх зуураа Оюутолгойн орд газрыг ашиглахаар
байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний тухай байр сууриа илэрхийлээд
амжив.
Оюутолгойн орд газрыг ашиглахын тулд
өмнийн говийн газрын гүнээс секундэд 844 метр куб ус татаж гаргана.
Олон жилийн туршид говийн усыг ингэж ашиглахад тухайн газрын доор
хөндий нүх үлдэнэ. Дээр нь ус ашиглалтын төлбөрийг хамгийн хямд үнээр
тооцож авахаар гэрээ байгуулсан нь төр хамгийн муу менежер болохоо
харуулсан том жишээ болжээ.
Монгол Улсын нутаг
дэвсгэрийн 22 хувь гадаадынхны мэдэлд, лиценз хэлбэрээр очиж, Айвенхоу
Майнзын захирал Фрийдланд Америкт очихоороо “Би Монгол Улсад
Калифорниос ч их газар нутаг эзэмшдэг” гэж баярхдаг нь өмнийн говь
үндсэндээ түүний мэдэлд очоод байгааг сануулахад илүүдэхгүй хэмээн
анхааруулаад авав.
Алдарт Оюутолгойн хөрөнгө
оруулалтын гэрээний тухайд анх 2009 оны гуравдугаар сард энэхүү гэрээг
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж байхад Монгол Улс
ашгийнхаа 75 хувийг авна гэсэн. Гэрээг сайжруулах үүрэг авсныхаа дараа
буюу долдугаар сард Засгийн газар “59 хувийг авна” гэсэн. Одоо тооцоод
үзэхээр гуравны нэг дээр бууж байгаа төдийгүй, хөрөнгө оруулагч тал 45
сая тонн зэсийн 19 сая тонныг ашиглах бололцоогүй гэж бултаж буйн
зэрэгцээ 1200 тонн алтын гуравны нэгийг мөн газарт нь үлдээхээс аргагүй
хэмээн мэдэгдсэн нь монголчууд бид Оюутолгойн орд дээр молигодуулчихаад
байгаагийн тод илрэл аж. Тиймээс ард түмнийг хуурч, Оюутолгойн орд
газрыг ашиглах гэрээ байгуулсан эрх мэдэлтнүүдийн ажлыг үнэлж
цэгнэхээс аргагүй. Хариуцлага алдсан эрх мэдэлтнүүдэд Ардчилсан хүчний
холбооныхон хариуг нь барих ёстой” гэсэн үгийг эцэст нь хэлсэн юм.
Монгол хонины ноосыг үнэд хүргэнэ
Мөн
салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр монгол хонины ноосыг дэлхий
дахинд үнэд хүргэх бололцоотой талаар нэгэн сонирхолтой илтгэл
тавилаа. Малчны хотонд хог болж, үнэгүйдсэн монгол хонины ноосоор
барилгын дулаалга хийхэд өмнөд хөршөөс чингэлэг, чингэлгээр нь зөөж
авчран монголчуудын халаасыг сэгсэрч буй шилэн хөвөнгөөс хэдэн хувь
илүү тусна. Монгол хонины ноос олон талын ач холбогдолтой. Дуу чимээ
нэвтрүүлэхгүй байхаас гадна хүний биед сөрөг нөлөөгүй. Дулаан
хадгалах чанараараа монгол хонины ноосыг гүйцэх бүтээгдэхүүн дэлхийд
одоогоор хаа ч алга. Дээр нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Монгол
хонь бэлчээрийн учраас тэр л дээ. Хонины ноосыг дэлхийд гаргахын тулд
тэрбээр хоёр ч улсын технологийг Монголд нэвтрүүлэхээр зориг
шулууджээ. Нэг нь Герман, нөгөө нь Япон технологи. Малчдын хувьд гар
аргаар эсгийгээ хийгээд байхад л болно. Малчдын дунд уралдаан зарлаад
байгаа гэж хэлээд салбар хуралдаанд оролцогчдын цөсийг хөөргөөд авлаа.
Монголын
мал аж ахуйгаас гарах цагаан идээ дэлхий дахины брэнд болох цаг бас
айсуй. “Бизнес инкубатор” холбооны ерөнхийлөгч н.Энхтуяагийн
тайлбарласнаар өнгөрсөн жил Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн
банк хамтран Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, хамтран ажиллах
гэрээ байгуулжээ. Монгол малаас гарах сүү цагаан идээ, тодруулж хэлбэл,
шар тос, айраг, аарц гээд хотынхны мартах шахаж байгаа бүтээгдэхүүнүүд
Дэлхийн шинжлэх ухааны бүтээгдэхүүнд багтсан байна.
Улаанбаатарыг шинэчлэх төлөвлөгөө
“Шинэ
Улаанбаатар” салбар хуралдааны гол илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
хийлээ. Түүний хэлснээр Улаанбаатарыг шинэчлэхэд саад болж буй хамгийн
гол шалтгаан нь утаа, агаарын бохирдол юм байна. 2008 оны тоогоор
нийслэлд 104 мянган машин байгаа бөгөөд улсын нийт машины 59,3 хувь нь
Улаанбаатарт төвлөрчээ. Үүнээс гадна гэр хорооллын 145 мянган айл өрх,
ДЦС-ууд, жижиг оврын уурын зуухуудын утаа тортог нийслэлийн агаарыг
бохирдуулж буйг илтгэгч хэллээ.
Гэр хорооллыг
салхины дор шилжүүлэх, утаагүй түлш үйлдвэрлэх, дулааны эх
үүсвэрүүдийг хотын гадна байрлуулах, био түлшний хэрэглээг нэмэгдүүлэх,
гэр хорооллыг амины орон сууцжуулах, цэвэр бохир усны системд холбох
зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй болохыг С.Эрдэнэ гишүүн хэлсэн юм.
Нийслэлд Монголын хүн амын 60 хувь нь суурьшсан байна. Мөн барилга
байшингийн 80 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй болохыг дараагийн
илтгэгч, НИТХ-ын тэргүүлэгч Э.Тамир дурдлаа.
Шинэ төмөр замд 14 тэрбум ам.доллар хэрэгтэй
“Хөгжлийн
бүс” салбар хуралдаанаар Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөвийн
талаар төлөөлөгчид ярилцлаа. Гол илтгэгч, УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн
газрын зураг дэлгэн танилцуулснаар бол Монгол орны Дорнын талаас баруун
хойд хилийн орчмын Баян-Өлгий, Увсын зааг нутгийг хүртэл, улсын нутгийн
өмнөд этгээдийг эмжин хагас дугуй хэлбэрээр оршсон газрын тосны асар
баян ордтой аж. Увс, Завханы урд, Ховдын хойд тал, Баянхонгор,
Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутаг, Төв аймгийн
өмнөд хэсэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг газрын тосны ай
савд багтсан байна. Уг нь түүгээрээ бүтээгдэхүүн хийж чадвал монголчууд
гаднаас нефть царайчлах албагүй аж. Тэр нуман тойргийг дагуулан Монгол
орны баруун, зүүн этгээдийг холбосон төмөр зам байгуулахаар газрын
зураг дээр төсөл гаргажээ. Түүний дагуу боловсруулах үйлдвэрүүд,
Сайншанд зэрэг цогцолбор үйлдвэр байгуулахаар төлөвлөснийг Д.Одхүү
гишүүн танилцууллаа. Мөн тэр замын орчмоор нүүрсний арвин ордтой юм
байна.
Түүний илтгэлийг үргэлжлүүлэн Барилга, хот
байгуулалтын сайдын зөвлөх Б.Ганбат шинэ төмөр замын төсөөллийн талаар
танилцуулсан юм. Баян-Өлгий, Дорнодыг холбосон хэвтээ тэнхлэгийн төмөр
зам нь эдийн засгаа нэг улсаас хараат бус байлгахад нэн хэрэгтэй аж.
Коксжих нүүрсийг уг төмөр замаар дамжуулан ОХУ-ын Владивосток руу тээж,
тэндээсээ Япон, БНСУ руу явуулбал Хятад руу гаргадгаас хавьгүй өндөр
үнэд хүргэж болох юм байна. Улс орныхоо харьцангуй давуу талыг
өрсөлдөхүйц давуу тал болгож, макро эдийн засгийн зорилтуудад хүрэх
оновчтой бодлого хэрэгтэй байгааг илтгэгч ярилаа. Олборлолтын эдийн
засаг, аж үйлдвэржилтийн эдийн засгийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн
цогцолбор байгуулах гээд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх суурь тавих
талаар ч тэрбээр дурдсан юм.
Харин шинээр байгуулах төмөр замын төсөлд 14 тэрбум ам.доллар хэрэгтэй юм байна.
Сонгуулийн тогтолцооны алдаа
“Улс
төр, эрх зүйн шинэчлэл” салбар хуралдаан дээр улс төр судлаач, доктор
А.Саруул өнөөгийн сонгуулийн тогтолцооны алдаа мадгийн талаар
илтгэлээ. Тэрбээр Монголд улс төрийн систем үндсэндээ дампуурсан
хэмээн мэдэгдэв. Монгол бол бүрэн ардчилалтай бус, зөвхөн сонгуулийн
ардчилалтай оронд л багтахаар болсныг хэлж байлаа. Хүн амын бүртгэл ил
тод бус, СЕХ-ны бүрэлдэхүүнийг нэг намын төлөөлөл давамгайлсан
хуудуутай маягаар бүрдүүлдэг, мэргэжлийн бус, сонгуулийн зардлын
санхүүжилтийг хуульд тодохой тусгаагүйгээс яаж ч мушгиж болохоор
болсныг А.Саруул шүүмжлэв.
Сонгуулийн мажоритар
тогтолцоо олон хувилбартай. Абсолют мажоритар гэхэд 50+1 гэсэн босгоор
нэр дэвшигчийн авах саналд босго тавьдаг, гэтэл манайд ердийн олонхийн
санал авсан нөхөд УИХ-д сонгогддогоос 40 хувийн санал авсан нам 72
суудал эзэлдэг гаж тогтолцоо байгааг хэлсэн юм. Иргэдийн хаягийн
бүртгэлийг тодорхой болгох, нас барсан, гадаадад байгаа иргэдийн
бүртгэлийг хатуу гаргаж байх зэрэг арга хэмжээг сонгуулиас өмнө авахыг
санал болголоо. Гадаад орнуудад сонгогчдын шилжилтийг санал хураалтаас
дөрвөн долоо хоногийн өмнө зогсоодог байна. Саналын хуудсын хэвлэлт,
тараалтад хяналт тавих, тойргийг яс 76 байлгах бус, хүн амын тоонд
тохируулан нэмэлт тойрог гаргаж болох талаар саналаа хэлээд
пропорциональ систем ч өөрийн сөрөг талтайг сануулж байсан юм.
Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу
УИХ-ын
гишүүн Г.Баярсайханы удирдсан “Байгаль экологи” салбар хуралдаан дээр
энэ талаар ярилцлаа. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга
С.Дэмбэрэлийн танилцуулснаар манай улс одоо байгалийн баялгаа хамгийн
үр ашиггүй зарцуулах талын хууль, бодлого бүхий хүрэн эдийн засгийг
хөгжүүлж байна. Харин үүнийг байгаль, экологийн аюулгүй байдлыг сахисан
ногоон эдийн засаг, ногоон хуулиар солих ёстой гэж байлаа. Ногоон
хуулийн засаглалыг нэн даруй тогтоож УИХ баталсан хууль бүртээ ногоон
бодлого шингээх хэрэгтэйг тэрбээр сануулсан юм.
Усны
ассоциацийн тэргүүн Б.Батмөнх Оюутолгойд ашиглах говийн гүний усны
нөөцөд маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж байлаа. Говийн гүний ус маш
урт удаан хугацаанд бүрдсэн, хөгшин усанд тооцогддог тул дахин
сэргээгдэх боломж бараг байхгүйг сануулсан юм. Сэргээх гэвэл хэдэн
мянган жил хэрэгтэй гэнэ. Салбар хуралдаанууд дээр төлөөлөгчид энэ
мэтээр санал бодлоо хэлж байлаа.
Ардчилсан хүчний
холбооны их хурал 17 цагт өндөрлөлөө. Төгсгөлийн нэгдсэн хуралдаанаар
Их хурлаас гаргах уриалгын төслийг хэлэлцэн баталсан юм. Төслийг тус
холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн З.Энхболд танилцуулав. Монгол
орондоо ардчиллыг төгөлдөржүүлж, дундаж иргэн давамгайлсан нийгмийг
цогцлоож, авлига, хүнд суртлаас ангид байж, Монголоо шинэчлэн хамтдаа
хөгжихийг их хурлын төлөөлөгчид уриаллаа. Байгаль орчинд сөргөөр
нөлөөлөх хүний хүчин зүйлийг хязгаарлах, Монгол Улсын хөгжлийг хүрэн
эдийн засгаас ногоон эдийн засагт шилжүүлэх, гүний усны нөөцийг
стратегийн нөөцөд бүртгэх, Хөвсгөл далайг Монгол Улсын усны үндсэн нөөц
хэмээн хамгаалалтад авах, байгаль цаг уураас хамааралтай мал аж ахуйг
хөтлөх арга барилыг өөрчлөх, ганц улсаас хамааралтай түүхий эдийн
үнийг хяналттай болгож “Мах-сүү-ноос” хөтөлбөр хэрэгжүүлэх, сайн
төлөвлөлт, эрүүл экологитой Шинэ Улаанбаатарыг хөгжүүлэх,
боловсролыг олон улсын жишигт нийцүүлэх зэргийг их хурлаас гаргах
уриалгад багтаасан байна. Шүүхийн байгууллагыг шинэчлэх, удирдлагад нь
хариуцлага тооцох, улс төр, эдийн засгийн олигархи бүлэглэлийн үйл
ажиллагаа, шүүхийн дампуурсан байгууллагын эсрэг ажиллахыг монгол
түмэндээ сонордуулахыг уриалснаар их хурал өндөрлөлөө. Хурлын дараа Их
хурлын төлөөлөгчид Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний дэргэд
дурсгалын зураг татуулав.
Г.ДАРЬ, Д.ОЮУН