Засгийн газрын сайд нарыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Засгийн газрын сайд нарыг томиллоо

УИХ өнөөдрийг бүхэлд нь засгийн газрын гишүүдийг томилох асуудалд зориуллаа. Өглөө хоёр байнгын хороо хуралдан нэрээ өгөхөөс хоцорсон МАХН-ын хоёр нэр дэвшигчийг хэлэлцээд 10 цаг өнгөрөөгөөд чуулганы хуралдаанаа эхлүүлсэн юм. Нийт 18 сайдын асуудлыг ийн тус тусад нь хэлэлцсэн бөгөөд 24.40 минутанд өндөрлөсөн байна.

Нэр дэвшигчдийн хувьд “дэмжигдэх болов уу яах бол” гэх айдас байгаагүй бөгөөд бүгд 90-ээс дээш хувийн дэмжлэгтэйгээр томилогдож байв.  Энэ нь мэдээж улс төрийн намуудын хооронд тохиролцоогоо нэгтгэсэнтэй холбоотой юм.

Хамгийн олон асуулт, саналтайгаар томилогдсон сайдууд гэвэл Г.Шийлэгдамба, Н.Төмөрхүү, Р.Жигжид, С.Чинзориг нар байсан бөгөөд энэ нь хүнтэй нь холбоотой гэхээс илүү салбарт нь яригдах зүйл ихтэй байсантай холбоотой байв.  Харин нэр дэвшигчийнхээ хувиар хамгийн их асуултанд хариулсан нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт байв.  Түүний өмнө гаргасан ёс зүйн асуудлыг хөндөж байсан бөгөөд дахин ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулж байлаа.

Хуралдааны үеэр давхар дээлтэй байхыг хамгийн ихээр эсэргүүцэж байсан Р.Бурмаа гишүүн рүү хандан ямар дайралт ирэх бол хэмээх хүлээлт байсан ч гишүүдийн зүгээс ямарваа нэг шүүмжлэлт байр суурь илэрхийлсэнгүй. Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай холбоотой хэргийн талаар ямар тайлбар өгөх бол хэмээх асуултыг “үндэслэлгүй гүтгэлэг” гэх тайлбараар хаав.

Чуулгантай зэрэгцэн Ардчиллын ойн өдрийн бөхийн барилдаан, шагнал гардуулах ажиллагаа болсон тул УИХ-ын дарга хэсэг хугацаанд чуулганаа орхиж, дэд дарга М.Энхболд түр орлож байсан нь “чуулганаа орхиод бөх үзэхээр явлаа” хэмээх явган шүүмжийг ч өдөөгөөд амжив. Хэлэлцэх асуудал нь ар араасаа цувсан, үг хэлэх гишүүд дараалсан байдлаас болж хуралдаан даргалагч сэдвээс хальсан гишүүдийн ярих эрхийг нь хязгаарлаж, үүнд нь бухимдсан жижиг хэмжээний эсэргүүцэл ч дэгдээд авлаа.

Ийнхүү зөвлөсөн, сануулсан, тодорхой, аядуухан хурал өдөр дамнан үргэлжилсээр Засгийн газрын сайдуудаа бүгдийг нь томилж чадлаа. Шинэ сайдыгаа хүлээсэн яамд ч сайдыгаа хүлээн авах л үлдэж байна. Маргаашнаас дэд сайдууд хэн байх тухай яриагаар улс төр үргэлжлэх биз.


АН-аас нэр дэвшсэн сайдууд:

1. ЗГХЭГ-ын дарга: С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд: Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд: Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр

 


МАН-аас нэр дэвшсэн сайдууд:

1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар

 


“Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвших сайд:

1. Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд: Ц.Цолмон
3. Эрүүл мэнд, спортын сайд: Г.Шийлэгдамба

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж