УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮАН-ын дарга М.Энхсайханыг Монгол Улсын сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн, гишүүдийн 94.9 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 53 нь дэмжив.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Яамгүй сайд, гэтэл мэргэжлийн баг шаардаж таарна. Яаж ажиллах вэ” гэсэн асуулт тавьж, сайдад нэр дэвшигч М.Энхсайхан “Ямар бүтэцтэй, албатай байхыг Засгийн газрын хуралдаанаар шийднэ биз дээ” гэсэн хариулт өгөв.
Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ерөнхий сайд ерөнхий юм яриад байгаа, ингэж болохгүй. Мега төсөл гэхээр Оюутолгой, М.Энхсайхан даргын хувьд төмөр замын төслийг явуулах гээд нэлээд ажил хийж байсан. Тавантолгой цахилгаан станцын төсөл дээр мөн ажиллаж байгаа учраас туршлагатай. Оюутолгойн хувьд дахиад баахан сайд хариуцах болж байна. Оюутолгой төслийг хариуцна гэхээр энэ төслийг хариуцаж байгаа хүмүүсээ яах юм. М.Энхсайханы удирдлагад ирэх үү, эсвэл хуучин салбарынхаа сайдын мэдэлд явах юм уу. Ойлгогдохгүй байна” гэлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой төслийг УИХ-д оруулж ирж ярина. Техникийн хэсэг нь хэнтэй ярих юм бэ, ном журмаар нь УИХ-д оруулж ирж, хариуцуулаад явна. Ямар том төсөл байгааг бид бүгдээрээ мэднэ. Аль салбарт нь яаж орж ажиллах вэ гэдгийг бүгдээрээ ярьсан” гэсэн тайлбар хэллээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэг “Сайд нар эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж ажиллаасай. Хөрөнгө оруулалтын агентлаг, гадаадын хөрөнгө оруулалтад судалгаа хийгээсэй. Гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг дэмжих талд ажиллаасай. Гадаадын хөрөнгө оруулалт болоод эдийн засгийн аюулгүй байдлыг хангах талд та ямар байр суурьтай байна вэ” гэж санал, асуулт хоёрыг зэрэг дайлаа.
Нэр дэвшигч М.Энхсайхан “Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалтыг ярихдаа үндэсний эрх ашгийг тэргүүнд тавих ёстой. Дотооддоо нэлээн сайн ойлголцож явах ёстой байх” гэсэн юм.
Ийнхүү УИХ Монгол Улсын сайдыг томилсноор хамгийн сүүлийн томилгоог хийж, баталлаа.
Шийдлийн Засгийн газар нь Ерөнхий сайдаас гадна 18 сайдтай ажиллана.
Г.ДАРЬ