Г.Шийлэгдамбыг Эрүүл мэндийн сайдаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамбыг Эрүүл мэндийн сайдаар томиллоо

Эрүүл мэнд, спортын сайдад МАХН-аас Г.Шийлэгдамбыг нэр дэвшүүлснийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.3 хувийн саналаар дэмжиж, баталлаа. Санал хураалтад нийт 60 гишүүн оролцсоноос 53 нь дэмжиж санал өгөв.

Нэр дэвшигчид хандан гишүүд асуулт тавьсангүй, харин саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Салбар дампуурсан, системийн гажигтай, бодлого алдагдсан байгаа тул энэ бүхэнд дүгнэлт хийж, шуурхай ажиллаарай. Түрүүчийн сайд шүүмжлэл сонсохгүй явсаар ийм байдалд хүргэсэн” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Шинэчлэлийн Засгийн газрын шинэчлэл хийж чадаагүй салбар эрүүл мэндийн салбар. Сар хүрэхгүйн өмнө Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Удвал сайд элэгний С вирусыг эмчилдэг эм оруулж ирэх гээд чадахгүй жил болж байгаа тухай ярьсан. Яам хувийн компани шиг дэд сайд нь эмийг өндөр үнэтэй оруулж ирэх гээд зөвшөөрөл олгодоггүй. Ийм байж таарахгүй, энэ бол салбар дампуурсны шинж. Элэгний С вирустэй хүн 480 мянгад хүрсэн, өдөрт зургаан хүн элэгний хорт хавдраар хорвоог орхиж байна. Сайдын ажлаа хүлээж авангуутаа элэгний С вирусыг эмчлэх эмийг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг нь олго. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй байдлаас болж, иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгох ёстой. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэхэд Эрүүл мэндийн яам сэтгэл гаргаагүй. Арын хаалгагүйгээр иргэд эрүүл мэндийн үйлчилгээг авдаг, тогтолцоо дутагдаж байгаа. Цаг наргүйгээр сууж, хуулиудыг гарга. Эдгээр хуулиудыг УИХ-аар батлуулж чадвал эрүүл мэндийн салбар сэргэнэ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Сонгионхайрхан дүүрэгт 300 мянган иргэн амьдардаг, жил тутам хөдөө орон нутгаас нүүдэллэн ирж байгаа иргэд хамгийн их суурьшдаг. Өрхийн эмнэлгийн нэг эмчид оногдох ёстой хүнээс хоёр дахин их ногддог. Уртасгасан цагаар эмч нар ажилладаг. Жирэмсэн эхчүүд үзлэгт орохын тулд дүүргийнхээ, хорооныхоо эмнэлэгт 05.00 цагт очиж дугаарладаг. Хоёрдугаарт төрөх эмнэлгийн асуудал.  СХД-ийн эмэгтэйчүүд төрөх бол II төрөх эмнэлэгт очих ёстой болдог. Гэтэл хотын төвд байрлаж байдаг. Төрөхөөр очихоор “Та төрөх болоогүй байна” гээд явуулдаг.

Яармагт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг өнөөдөр гацаанд орсон. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 165 ортой хүүхдийн тасаг байдаг ч 280 хүүхэд хэвтэж байгаа,  зах зухаас нь хэлэхэд ийм. УИХ дахь 11 эмэгтэй гишүүн эрүүл мэндийн салбарыг дэмжиж ажилладаг, хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хамгийн хүнд салбарыг хамгийн хүнд үед авч байна. Урд нь МАХН-ын хүн энэ салбарыг удирдаж байсан. Өнөөдөр клиник эмнэлэг, дүүргийн эмнэлэг, төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, халдвартын эмнэлэг, хөдөөгийн бүх эмнэлгүүд хөл тавих зайгүй байгаа. Гэтэл бид эмнэлгийн барилгаа контор болгох гээд сууж байна. Маш хүнд салбар, хариуцлагатай ажиллаарай” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Санхүүжилтийн тогтолцоогоо шийдэж чадаагүй. Эрүүл мэндийн тогтолцоонд Монголд тохирох загварыг олох ёстой. Эмчилгээний чанарт нийцсэн төлбөр, үйлчилгээний хөлс дээр тогтоно. Хаана чанартай үйлчилгээ байна, тийшээ явна. Эмчилгээний төлбөр даатгалд суурилсан тогтолцоогоо олох ёстой” гэлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж