Хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Хөдөлмөрийн сайдаар Н.Чинзоригийг томилуулах тухай саналыг хэлэлцэн, гишүүдийн 92.7 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад нийт 55 гишүүн оролцсоноос 51 нь дэмжив.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд нэр дэвшигчид хандан ирэх онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд анхаарах. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангахад анхаарах. Иргэдээ ажилтай болгох, ажлын байрыг хадгалж үлдэхэд анхаарч ажиллах ёстойг санууллаа.

Мөн төрийн албан хаагч нарын цалин хөлсний тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодотголоо. Тэрээр “Төрийн албан хаагч нарын цалин хөлсний тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Зах зээлийнх нь горимд шилжүүлэх,. Тэр тусмаа эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн хөлсийг бүтээмжтэй нь уях. Төрийн албаны зэрэглэлийн асуудлыг эргэж харах. Монголд хүний нөөцийн бодлого зайлшгүй байх ёстой. Я.Санжмятав сайдад урамшиж байгаа, АНУ-ын судалгааны багаар хөдөлмөрийн зах зээлийн асуудлаар үндэслэлтэй тооцоотой судалгаа гаргаж байгаа гэж сонссон. Энэ тооцоо судалгаанд үндэслэж, хүний нөөцийн бодлогодоо юуг барьж ажиллах вэ гэдэгт шинээр томилогдох сайд анхаарах” ёстой гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Барьцаа хөрөнгөгүйгээс жижиг, дунд үйлдвэр эрхлэгч бизнес эмэгтэйчүүдэд зээл олдоггүй. Энэ чиглэлд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллаарай.  Эмэгтэйчүүд жирэмсний амралтаа аваад ажилдаа орох болоход нь буцааж авдаггүй. Энэ талд ажиллах, он гарахаас өмнө УИХ-аар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батална. Энэ хууль батлагдсанаар хамгийн олон ажлын байр бий болно. Эхний ээлжинд 5000 ажлын байр бий болгоно. Жижиг дунд бизнесийг дэмжихэд зээл олговол энэ тооны хүмүүсийг ажлын байраар хангах боломж бий. Түүнд Хөдөлмөрийн яам дэмжлэг үзүүлэх ёстой” хэмээв.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг хэсгийг дааж ажиллах явах нь ээ гэдгийг бодож орж ирсэн байх. Бүтээгчид хувийн хэвшилтэйгээ нягт хамтарч ажиллах ёстой гэдгийг ойлгоорой. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо бий, тэдний дуу хоолойг сонсож анхаарч ажиллаарай. Ерөнхий сайд ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгийг өгөх ёстой, ажлын байрыг хамгаалах, талд анхаарахгүй бол төсвөөс мөнгө бага тавигддаг. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаар Жижиг дунд үйлдвэрийн газар, сантайгаа хамт шилжиж очино. Ажлын байрыг хамгаалахад илүү анхаарч ажиллах ёстой шүү” гэсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж