УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөртөө багтааж сайд нарыг томилох чиг барьж байгаа учраас хуралдааны цагийг сунган, Уул уурхайн сайдад нэр дэвшигчийг хэлэлцэн гишүүдийн 86.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 59 гишүүн оролцсоноос 51 нь дэмжсэн юм.
Ингэснээр Уул уурхайн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг томиллоо.
Түүнийг сайдаар томилохын өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга “Оюутолгой ордыг хөрөнгө оруулагч нарт зарахгүйгээр ашиглаж, үр шимийг нь хүртэх ёстой” гэсэн захиасыг хэлсэн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Оюунгэрэл нар Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших фосфорын ордыг ашиглах уу, яах вэ гэсэн асуулт тавьсан ч түүнээс тодорхой хариулт авч чадсангүй.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ДНБ-ний 40 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгааг тодотгоод УИХ-аас баталсан 34 дүгээр тогтоол, Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлж чадах эсэх. Монгол Улсын нэг иргэнд Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг хамтарсан Засгийн газрын үед гаргаж байсан. Түүнийг яаж ажил хэрэг болгох. Стратегийн ордуудын 10 хувийг хөрөнгийн зах зээлд гаргах даалгаврыг Засгийн газар авсан байдаг, энэ талаар ямар ажил хийх. Хайгуулын салбар үндсэндээ уначихсаныг яаж сэргээх вэ гэдэгт хариулт хүслээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тодорхойлсноор хайгуулаар дамжиж хөрөнгө оруулагчид орж ирдэг, ноу хау орж ирдэг. Шинэ технологи нэвтэрч, мэргэжлийн боловсон хүчин орж ирдэг, түүнийг дагаад монголчууд суралцдаг гээд сайн талууд олон аж.
Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Тавантолгойн ордод Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл явц явж байна. Энэ бүхний дараа тодорхой шийдлүүд гаргана. Улсын төсвөөс хөрөнгө зарж, хайгуул хийдгийг жилээс жилд нэмэгдүүлэхэд анхаарч байна. 2012 онд 4 тэрбум, 2013 онд 7 тэрбумыг хайгуулд зарцуулсан. 2015 онд ч мөн хөрөнгө суулгасан” гэсэн тайлбар хийсэн юм.
Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн М.Наранхүү “Оюутолгой төслийг хэдэн жил боорлож байгаа тул шууд явуулах ёстой. Гэрээ зурагдсан бол хэрэгжих л ёстой, ажлыг нь цаашид амжилттай үргэлжлүүлэхэд анхаарах. Ингэхдээ стандартаа барих. Гэрээг байгуулах шатанд хариуцлага алдсан албан тушаалтан байдаг юм бол түүнд нь хариуцлага тооцоод урагшаа харж ажиллах ёстой” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Болор “Архангай аймагт уран ашиглах асуудал байж таарахгүй. Архангай аймгийн Өндөрхаан суманд ураны хайгуул хийх явцад сүйтгэсэн. Хэрвээ энэ ажлыг зогсоохгүй бол бүрэн эрхийнхээ хүрээнд таныг огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирнэ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр бид хоёр хяналт тавьж ажиллана” хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар сайдад нэр дэвшигчийг хэлсэн ярьсандаа байж, ажилдаа хариуцлагатай хандахыг сануулсан бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Уул уурхайн салбар Монголын хөгжлийн гол салбар. Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувь, экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний 90 шахам хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр энэ салбарт ажилладаг байсан 60 мянган хүний 80 хувь нь ажилгүй болж, хамгийн гол салбар эрсдэлд орсон байна. Ийм байхад Монгол Улс яаж хөгжих юм. Уул уурхайн салбараа улстөржүүлсээр байгаад өрсөлдөх чадваргүй болгож, олох валютыг алдаж байна. Бидний өрсөлдөх орон Орос, Австрали. Монгол бол цорын ганц сонголт болсон орон биш. Улс орнууд өрсөлдөж байна шүү. Уул уурхай бол улстөрждөг салбар биш, иргэний зориг гаргаж, ажиллаарай. Ерөнхийлөгч сайд нарыг зөвшилцөх үед захисан байна лээ, Торгуулийн батальон шүү гэж… Монгол Улсад уул уурхай хөгжих анхан шатандаа яваа, хөгжүүлэх үү яах вэ гэдэг бас танхимд сууж байгаа 76 гишүүнээс хамаарна. Танд амжилт хүсье” гэсэн юм.
Г.ДАРЬ