“Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” хэмээх соёл эрдэм шинжилгээний “Сувдан сондор – 10” аялалын үр дүнд зориулсан үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний түүхийн музейд үүдээ нээлээ. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ. Энэ оны долдугаар сард зохион байгуулсан “Сувдан сондор –10” ээлжит аялал шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн баг бүхий 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумдын нутгаар 3000 орчим км замыг туулсан байна. Аяллын багийнхан Дорнын хээр талын экологийн байдал, түүх соёлын үл хөдлөх дурсгал, нүүдэлчдийн соёлын өвийн талаар судалгаа хийжээ.
“Сувдан сондор–10” аяллын явцад Сүхбаатар аймгийн Эрдэнэцаан сумын төвд “Хээр талын байгаль экологи, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, 20 гаруй эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд Өвөр Монголын Өөртөө засаг орны эрдэмтэд хүрэлцэн ирж оролцсон нь уг хурлыг улам өргөн цар хүрээтэй болгосон байна. Сувдан сондор багийнхны энэ удаагийн аяллын гол олз гэвэл, Эрдэнэцагаан сумын нутагт нэг доор 10 гаруй хүн чулуун хөрөг бүхий эртний тахилгын өлгий болох “Хөргийн хөндий”-д хийсэн хайгуул, судалгаа байлаа. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт “Хөргийн хөндий” нэртэй тахилгын хүн чулуун хөргийн чуулбар байдгийг Монголчууд сайн мэдэх билээ. Энэ удаа “Хөргийн хөндий-2” буюу дорнод хээр талд нэг дор чуулсан арав гаруй хөрөг бухий томоохон тахилгын цогцолбор болохыг шинээр тогтоожээ.
Мөн Эрдэнэцагаан сумын нутаг “Рашааны тээг” хэмээх газарт буй эртний онц сонирхолтой тамга дүрслэл бүхий сүг зургуудыг олж илруулжээ. Мөн “Жаргалантын адаг” хэмээх газарт хадны сүг зургийн чуулбарын цар хүрээг тогтоосон байна. “Сувдан сондор–10” аяллын баг дорнын хээр талаар аялах замдаа дархан цаазат Лхачинвандад болон Хатагин түмний их шүтээн Зотол хан ууланд мод тарьж, эх орныхоо ус байгаль дэлхийг хамгаалахад хүн бүр хувь нэмэр оруулахыг уриалсан байна. Үзэсгэлэнд 100 гаруй гэрэл зураг, ургамал, палентологи, археологийн олдворын дээжийг дэлгэсэн бөгөөд энэхүү аялалын “Нүүдэлчин” групп ивээн тэтгэн оролцож байна. Хээр талын ургамлын цуглуулгыг ХАА-н ШУА-н академич, шинжлэх ухааны технологийн гавъяат \АНУ\, профессор Доктор \ph\ У.Лигаа хийсэн байна.
Түүх соёлын мэдээллийг судалгааны сан хөмрөгт шилжүүлэв.
“Сувдан сондор”8, 9,10 дахь аялалуудын мэдээллийг Монгол улсын Соёлын Өвийн төвд хүлээлгэн өгсөн байна. Уг мэдээллийн сан нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт “Хайрхан цохио” хэмээх газар буй эртний хүний урласан хадны зурагт цогцолбор, мөн Эрдэнэ сумын нутаг “Бүрдэн элс” хэмээх газар дахь 19-р зууны шашны зан үйлд хэрэглэж байсан тахилгын чулуун байгууламжийг анхны байдлаар нь сэргээсэн тухай мэдээлэл, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Хөргийн хөндийд шинээр олсон хүн чулуун хөрөг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь “Рашааны тээг”, “Жаргалантын адаг” дахь хадны зургууд, “Хөргийн хөндий-2” хүн чулуун чуулбарын гэрэл зураг, дүрс бичлэгүүдээс бүрдэж байна.
Мөн “Сувдан сондор-10” соёл , эрдэм шинжилгээний аялалын үед Сүхбаатар аймийн Сүхбаатар сумын нутгаас олдсон галав эртний чулуужсан ургамлын олдворын дээжийг ШУА-ийн Палеонтологийн Хүрээлэнгийн судалгааны сөн хөмрөгт, “Сувдан сондор-9” аялалын үед Сүхбаатар аймгийн Онгон сумын Онгон элснээс тус сумын малчин Д.Довжирын олсон эртний ваарыг сэргээн засварлуулж Монголын Үндэсний музейд шилжүүлэн өгсөн бөгөөд зарим ил олдворын дээжийг орон нутгийн музейд шилжүүлэн өгөх ажээ.
"Жаргалантын адаг" дахь хадны сүг зургийн чуулбар
Эрдэнэцагаан сумын нутаг “Жаргалантын адаг” хэмээх газарт буй эртний сүг зургийн "галерей"-тэй танилцаж, зураг авч бичлэг хийв. Зүүн урагш харсан хаднаа зөрсөн хоёр буга зурсан нь анхаарал татаж байлаа. Мөн нар сар, мал амьтан, эртний тамга, сансарын сэтгэлгээний шинж тэмдэг бухий дүрслэл арвин их байна. Энэхүү хадтай хэсгийг нутгийнхан "Таван хошуут" хэмээн нэрийдэх бөгөөд хавартаа цагаан идээнийхээ дээжийг өргөдөг нь эртний шутлэг тахилгын ул мөр гэж эрдэмтэд узэж байна.
“Рашааны тээг” дэх тамганы чуулбар
“Сувдан сондор-10” аялалын баг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гашууны хөндийн рашааны дэргэдэх “Рашааны тээг” хэмээх газарт орших хүрмэн чулуунаа байх эртний нэн сонирхолтой тамга дүрсүүдийг олж нээв. Энэ нь Хэнтий аймгийн Бат ширээт сумын нутаг Биндэр уулын зүүн урд хормойд орших Рашаан хад хэмээх алдарт дурсгалт газартай төстэй нэртэй байгаа нь анхаарал татаж байна. Энэхүү Гашууны хөндийн рашаан нь ходоод гэдэс цэвэрлэх, хоолны шингэц сайжруулахад ууж хэрэглэдэг бөгөөд шаварыг нь үе мөч, бөөр эмчилэхэд ашигладаг байжээ. Эндэхийн хадны тамга дурсэлгээнүүд нь маш ховор өвөрмөц нэн ховорт орно гэж судлаачид үзэж байна.
Д.ЦЭЭНЭ