Эх дэлхий маань 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн цагаасаа эхлэн агуу хувиралт өөрчлөлтүүдийг даван туулсаар ирсэн цуцашгүй тэмцэгч гариг билээ. 4 тэрбум жилийн өмнө солирын мөргөлдөөнөөс үүдэн далай бүрэн ууршиж байсан бол 2,2 тэрбум, мөн 600 сая жилийн өмнө дэлхий бүхэлдээ цас мөсөөр хучигдан хөлдөлтийн байдалд орж байв. 250 сая жилийн өмнө газрын гүнээс их хэмжээний магмыг үлээн гаргасан аварга дэлбэрэлтүүд болж амьд амьтадын 90%-ийг устан үгүй болоход хүргэжээ. Эдгээр агуу хувиралт өөрчлөлтүүд амьдралыг олон удаа мөхлийн ирмэгт хүргэж байсан юм. Гэвч нөгөө талаас бид бүхэн өнөөгийн төрхөө олсон явдал олон удаагийн агуу хувиралтыг даван туулах явцад хувьсан өөрчлөгдсөний үр дүн юм. Микроорганизм байсан бидний өвөг дээдэс олон эст амьтан болон хувирах явц их мөстлөгийн үеэс эхэлсэн бол аварга дэлбэрэлтүүдийн үеэс үр удмаа бие дотроо (умайд) өсгөх болсон гэдэг. Энэхүү урт удаан цаг хугацаа, орон зайг хамарсан тэмцлийн түүх дэлхий үүссэн мөчөөс эхлэлтэй билээ.
4.6 тэрбум жилийн өмнө дэлхийн гадарга бараг бүхэлдээ улаан өнгөөр туяарах далайн усаар бүрхэгдэж байв. Учир нь зузаан үүлэн давхарга нарны гэрлийн улаанаас бусад өнгийг нэвтрүүлж чадахгүй байсан юм. Мөн тэр үеийн дэлхий одоогийнхоос 10 дахин жижиг байв. Одоогийн наранд хамгийн ойрхон 4 гаригийн тойрог зам орчимд 20 гаруй жижиг гариг эргэлдэж байсан гэдэг. Эдгээр жижиг гаригуудаас өнөөгийн дэлхий хэрхэн үүссэнийг супер компьютерт тулгуурлан хийсэн япон эрдэмтэдийн судалгаагаар тодорхойлсон байна. 20 жижиг гариг 10 сая жилийн турш нэг нэгэндээ хал балгүйгээр нарыг тойрон эргэлдэж байв. Гэвч дараахан нь хоорондын таталцлын хүчнээс үүдэн тойрог замаа өөрчилж, мөргөлдөж эхлэнэ. Мөргөлдсөн жижиг гаригууд усны дусал мэт хайлан өмнөхөөс 2 дахин том гаригийг үүсгэнэ. Мөргөлдөлтийн тоо олон байх тусам гариг улам томорно. Буд гариг 1-2 жижиг гаригийн мөргөлдөөнөөс үүссэн бол Сугар гариг 8 орчим удаагийн мөргөлдөөний үр дүнд бий болжээ. Харин Ангараг нэг ч удаагийн мөргөлдөөнд оролцоогүй анхдагч жижиг гаригуудын нэгт тооцогдож байна.
Тэгвэл дэлхий 10 орчим удаагийн мөргөлдөлтийн гэрч болж, өнөөгийн хэмжээнд хүрчээ. Дэлхийн эхний үеийн мөргөлдөлтүүдээс үүлэн давхарга нь нимгэрч, зай завсраар нь далайн ус үзэгдэх болов. Харин хамгийн сүүлчийн мөргөлдөөн онцгой үйл явдал байв. Мөргөлдөөний улмаас хайлсан чулуулаг сансарт тархана. Чулуулгийн ихэнх хэсэг дэлхийн татах хүчний нөлөөгөөр солир болон буцаж унав. Мөргөлдөлтийн төв дэлхийн төвөөс зөрсөн учир чулуулгийн зарим хэсэг хэтэрхий холд шидэгдсэн байна. Хэрэв тухайн үед дэлхийн гадаргаас тэнгэр лүү ширтвэл Санчирын бүслүүр мэт тэнгэрт тархсан чулуулгуудыг харж болно. Эдгээр үлдэгдэл чулуулгууд хоорондоо татагдан нэгдсээр сарыг үүсгэжээ. Ийнхүү сар хэмээх дагуул бүхий дэлхий хэмээх гариг үүсэн бий болов. Дэлхийн хэмжээ бага гаригуудын мөргөлдөөний үр дүнд санамсаргүй байдлаар шийдэгдсэн хэмээн эрдэмтэд үзэж байна. Дэлхий санамсаргүйгээр том хэмжээтэй болсон явдал нь биднийг үүсэн бий болгох маш чухал бөгөөд санамсаргүй нөхцлүүдийн нэг юм. Чухамхүү энэ хэмжээ амьдрал үүсч, өдийг хүртэлх урт удаан хугацаанд оршин тогтноход хүргэжээ. Үүний нотлогоог хөрш Ангарагаас харж болно. Ангараг гариг далайтай байсан нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болоод байна. Хэдийгээр нарнаас алслагдсан зайн хувьд амьдрал үүсэх бүрэн боломжтой боловч өнөөдөр ус ч далай ч үгүй болжээ. Татах хүчний хэмжээ бага учир агаар мандал, далайг тогтоон барьж чадаагүй байна. Хэрэв дэлхий одоогийнхоос жижиг хэмжээтэй байсан бол Ангарагийн хувь тавиланг давтахаас өөр аргагүй болно. Том хэмжээтэй дэлхий өөрийн татах хүчээр далайг урт удаан хугацаанд тогтоон барьж байгаагийн ачаар далайн усанд амьдрал үүсч, оршин тогтнож байгаа билээ.
Нийт газар нутгийн 80 хувь нь цас, мөсөөр хучигдсан Грийнланд бол дэлхийн түүхэндэх хамгийн эртний чулуулгийг хадгалж үлдсэн бүс нутаг юм. Данийн эрдэмтэн Миник Росинг тэндээс хамгийн эртний амьдралын ул мөрийг илрүүлсэн юм. 1 м ч хүрэхгүй жижиг чулууны 30 см хэмжээтэй бараантан харагдах хэсгийг энгийн нүдээр хараад амьтны үлдэгдэл гэхээр зүйлийг олж харж чадахгүй. Гэвч чулууг электрон микроскопоор томруулан харсан эрдэмтэд нүүрстөрөгчийн бараан цэгүүдийг илрүүлсэн байна. Эдгээр цэгүүд 3.8 тэрбум жилийн өмнөх амьд биетийн үлдэгдэл гэдгийг шинжилгээгээр тогтоожээ. Одоогоор олдоод буй хамгийн эртнийд тооцогдох энэхүү амьт биетийн хэмжээ мм-г 100 хуваасны нэгтэй тэнцэж, өнөөгийн бактеритэй адил бичил биетэн байсныг илтгэнэ. 3.8 тэрбум жилийн өмнө Грийланд орчим хэдэн 100 м гүн бүхий далайн ёроол байсан бөгөөд эртний амьд биетүүд далайн уснаас нүүстөрөгчийг агуулах тэжээлийн бодисыг шингээн авч, бие махбодоо бүрдүүлж байжээ. Эрдэмтэд дэлхийн анхны амьдрал 4.3-аас 4 тэрбум орчим жилийн өмнө далайн усанд үүссэн гэж үздэг. Харин энэхүү эртний амьдралд заналхийлсэн хамгийн анхны аюул сансраас ирсэн солир байсан юм.
үргэлжлэл: robomec.blogspot.com