Хууль зүйн сайдаар Д.Дорлигжавыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайдаар Д.Дорлигжавыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцээд, гишүүдийн 94.9 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 59 гишүүн оролцсоноос 56 нь дэмжив.

Сайдаар томилохын өмнө нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт тавилаа.  Тэрээр “4 сая ам.долларын хэрэгт өөрийг тань хамаатай тухай мэдээлэл цацагдах боллоо. Үүнд хариу өгөөч. Цагдаагийн газрын дарга Б.Билигтээс хойш тус газрын даргыг нэлээн хэд өөрчиллөө. Цагдаагийн удирдлага өөрчлөгдөх бүрийд дагаад шат, шатандаа даргыг нь өөрчилж, өвөлжин, намаржин ширээ сандлаа чирээд явдаг боллоо. Ширээ сандал чирсэн хүмүүс энэ өвөлжин холхих уу. Та сайдаар томилогдоод дахиад өөрчлөх үү” гэлээ.

Сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав “Нэрийг маань Хууль зүйн сайдад нэр дэвшүүлэх үеэс  хөрөнгө мөнгөний асуудал гарч, шуугиулсан.  Хууль зүйн сайд хүний гарт тийм мэдээлэл орж ирэхэд үнэн юм болов уу гэдгийг шалгачих ёстой байсан болов уу. Энэ бол гүтгэлэг. Тийм зүйл байхгүй гэдгийг дахиад хэлье. Би зарга хийж яваагүй энэ арай хатуудаж байгаа учраас шалгуулна. Шалгуулах үүрэгтэй гэж бодож байна” гэсэн хариулт өглөө.

Тэгвэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын гишүүд “Гэм буруу нь тогтоогдоогүй байхад Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас зорилготойгоор мэдээлэл хийж байгаа. Энэ бүхэнд ямар байр суурьтай байна вэ, таслан зогсоох ямар арга хэмжээ авах вэ” гэдэгт хариулт өгөхийг хүсэв.

Сайдад нэр дэвшсэн Д.Дорлигжав “Гэм буруу нь тогтоогдоогүй байхад төрийн өндөр албан тушаалтнаасаа эхлээд сенсаци дэгдээдэг. Үүнийг хуульчлах гэж оролдвол ямар вэ л гэж бодож байна” гэсэн юм.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Эмнэлгийн зориулалтаар баригдсан Төрийн албан хаагчдын барилгыг хэвээр нь үлдээх талд анхаарч ажиллаарай” гэсэн бол УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар “Увс аймгийн Ардчилсан намын дарга аймгийнхаа бизнесийнхнийг, мөн ардын намынхныг элдвээр дарамталдгаа боль гэж хэлээрэй. Хэн нэгний найз нөхөд гэлгүйгээр бизнесээ хийдэг боломжоор хангаарай. Улс төрийнхөн нь, хувийн хэвшлийнхэн нь бүгд айдастай байвал Монголын эдийн засаг мөхөлд л хүрнэ. Энэ асуудалд анхаарч ажиллаарай” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хууль хяналтын байгууллагууд бие биенээ тагнадаг чагнадаг байдал хэрээс хэтэрсэн. Цагдаа нь тагнуулаа, Авлигатай тэмцэх газар нь цагдаагаа тагнуулдаг. Даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр одоо бүр өмгөөлөгч нь тагнуулч болсон. Бичлэг хийдэг, түүнийгээ олон нийтэд цацдаг. Энэ бүхнийг засаарай. Н.Алтанхуягийг огцрохынх нь өмнө Авлигатай тэмцэх газар улстөрийн зорилгоор тодорхой мэдээлэл хийсэн. Ажил эрхэлдэг хүмүүстээ улстөрийн эгзэгтэй үед ийм юм хийгээд үзээрэй гэдгийг хатуу сануулж, ийм юм хийсэн тохиолдолд хурдан зайлуулна гэдгийг хэлэх ёстой” гэсэн юм.

Одоо Аж үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж