“Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн шүүхэд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

“Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн шүүхэд ажиллалаа

“Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн, МҮОНТ-ийн “ММ агентлаг”, “КМG-4 телевиз”, “Үндэсний шуудан” сонин, “Сэрүүлэг” сонин, Tovchoo.mn, Shuud.mn сайт зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид энэ сарын 4-5-ны өдрүүдэд Орхон аймаг  дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх, Сум дундын 14 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх болон Булган аймаг дахь Сум дундын 4 дүгээр шүүхэд  тус тус ажиллалаа. Сэтгүүлч сурвалжлагчдыг орон нутгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах, үйл ажиллагааг нь сурталчлах, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангаж, олон нийтэд бодит мэдээллийг газар дээрээс нь сурвалжлан хүргэх зорилготой энэ удаагийн томилолт маань Орхон аймгаас эхэлсэн юм.

Орхон аймгийн шүүхүүд “Хөтөч-туслах” үйлчилгээг хэвшүүлжээ

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэд шүүгч, мэргэжилтнүүдээс бүрдсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албыг зохион байгуулсан талаар тус шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун бидэнд танилцуулсан юм. Тус алба нь орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг бөгөөд 2014 онд орон нутгийн 4 телевизтэй хамтран ажиллаж, 21 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэжээ.

Мөн орон нутгийн 5 сонин, хэвлэлд 26 мэдээ, мэдээлэл нийтлүүлсэн байна. Түүнчлэн өөрийн шүүхийн цахим хуудас болон аймгийн Засаг даргын тамгын газрын цахим хуудсанд мэдээ, мэдээллийг тогтмол байршуулж, иргэдийн санал хүсэлтийг авдаг гэлээ. Тус албанаас Орхон аймгийн хэмжээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг хоёр удаа зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагаа, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагын талаар иргэдээс санал авч, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаанд тусган ажиллаж байгаа юм байна. Орхоны шүүхийн нэг байранд дөрвөн шүүх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд http://court.or.gov.mn/ цахим хуудаст шүүх тус бүрийн танилцуулга, холбоо барих утас, шүүх хуралдааны зар, шийдвэрлэсэн хэргийн тойм, мэдээлэл лавлагааны албаны ажиллах журам, нэхэмжлэлийн загвар зэргийг байршуулдаг юм байна. Тус цахим хуудас сард 899-өөс дээш хандалттай байдаг гэнэ. Түүнчлэн шүүхийн үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөх, туслалцаа үзүүлэх үүднээс “Хөтөч-туслах” ажиллуулж эхэлсэн нь тус шүүхийн давуу тал байлаа. Шүүхийн хаалгаар ормогц иргэдийг “Хөтөч-туслах” угтан авч туслалцаа үзүүлнэ. Шүүхүүдийн захиргааны ажилтнууд хуваарийн дагуу ээлжлэн хөтөч, туслахаар ажилладаг бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн ийм зохион байгуулалтад оржээ. Өнгөрсөн хугацаанд нийт 1495 иргэнд хөтөч, туслахын үйлчилгээ үзүүлсэн байна. Тус шүүхээр үйлчлүүлэхээр ирсэн иргэд хөтөч, туслахын үйлчилгээний талаар ам сайтай байсан юм. Шүүхийн үйл ажиллагаатай танилцах явцад дөрвөн шүүх нэг байранд үйл ажиллагаа явуулдгаас байрны хүрэлцээ тааруухан байдаг нь мэдрэгдэж байлаа. Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх, Сум дундын 14 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхэд нийт 22 шүүгч, Тамгын газар, захиргааны 40 ажилтан ажилладаг бөгөөд шүүхийн гурван танхимтай, одоогоор ямар нэгэн гомдол саналгүй үйл ажиллагаа явуулж байна. Зарим умгар өрөөнд хоёр шүүгч зэрэгцэн суусан байх бөгөөд шүүгчийн туслахуудад тусад нь өрөө гаргаж өгөх боломжгүй учраас шилэн тасалгаа гарган суулгажээ. Тус шүүхээс саяхан “Миний ажлын байр, миний бүтээмж” аян өрнүүлж дүгнэсэн бөгөөд аяны хүрээнд тохижилтын хэд хэдэн ажлыг шинээр санаачлан зохион байгуулсан гэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан шүүгч, шүүгчийн туслахуудтай нэг бүрчлэн уулзаж, ажил байдалтай нь танилцаж, тэдний санал бодлыг сонссон юм. Мөн энэ үеэр орон нутгийн хэвлэлийнхэн Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаатай шүүхийн ил тод, нээлттэй байдлын талаар санал солилцож, зарим асуултад хариулт авлаа. Шүүхийн захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийн шударга ажиллах нөхцлийг бүхий л талаар бүрдүүлж өгсөн гэж тус байранд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн шүүхийн Ерөнхий шүүгч нар онцолж байв. Ийнхүү бидний Орхон аймаг дахь шүүхэд ажилласан нэг өдөр 19.30 цагийн үед өндөрлөсөн бөгөөд шүүхийн ачаалал их байгаагаас бараг өдөр болгон цаг хэтрүүлж ажиллахаас аргагүй байдалд хүрдэг талаар шүүгчийн туслахууд ярьж байлаа.

Булган аймгийн шүүх хөдөө сумуудад нүүдэллэн ажилладагт иргэд талархаж байна

Бидний орон нутаг дахь томилолтын хоёр дахь өдөр Булган аймгийн сум дундын 4 дүгээр шүүхэд үргэлжилсэн юм. Тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэндулам, Тамгын газрын дарга Б.Дөлгөөнболд нар бидэнд шүүхийнхээ талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байлаа. Тус шүүх дөрвөн шүүгчтэй. Булган аймгийн 17 сумын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг юм байна. Тэд 2014 оны 12 дугаар сарын 2-ны байдлаар Эрүүгийн 110 хэрэг, Иргэний 526 хэрэг, Захиргааны зөрчлийн 256 материал, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх, хорих ял эдлэх дэглэмийг бууруулах болон чангаруулах 78 материалыг хүлээн авч хянан шийдвэрлэжээ. Шүүгч нарын ажлын ачаалал их байдаг гэлээ. Гэхдээ шүүн таслах үйл ажиллагааны чанар өндөр гарчээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэргийн 75,4 хувь, иргэний хэргийн 96,7 хувь нь давж заалдах гомдол гаргаагүй нь тэдний ажлын эерэг үзүүлэлт юм. “Шүүхийн багц хууль хэрэгжих эхэлснээр шүүгч ямар нэгэн гадны нөлөөнд автахгүй байх цалин, ахуй хангамж, хууль эрх зүйн бүхий л орчин бүрдсэн.

Шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсноор шүүгч нарт нөлөөлөх гэдэг асуудал байхгүй болсон” хэмээн Сум дундын 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэндулам онцолж байлаа.  Шүүхийн хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг нийт шүүгч нарт танилцуулсан бөгөөд мөн орон нутгийн хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон юм. Булган аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах явцад хэд хэдэн иргэн шүүхийн шинэтгэлд талархаж байгаагаа уламжилсан. Ялангуяа тус шүүхийнхэн хөдөө сумуудад нүүдэллэн ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулсанд тэд талархаж байлаа. Тухайлбал тус шүүхийнхэн 2014 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Орхон, Баяннуур, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Бүрэгхангай, Рашаант сумдуудад нүүдэллэн ажиллажээ. 

Нүүдэллэн ажиллахын зэрэгцээ хөдөө сумуудад “Нээлттэй шүүх” өдөрлөгийг тогтмол зохион байгуулж, орон нутгийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, шүүхийн үйл ажиллагааг танилцуулах зэргээр сургалт, сурталчилгааны ажлыг уламжлал болгон зохион байгуулж шүүхийн ил тод, нээлттэй байдлыг ханган ажилладаг юм байна. Орон нутгийн шүүхэд ажилласан хоёр өдөр иргэдийн талархлын үгээр дүүрэн байлаа. Иргэдийн шүүхэд хаягласан талархсан сэтгэгдлийг бид цувралаар хүргэх болно.

Г.БУЯНХИШИГ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж