Д.Оюунхорол: МАН хагаралдаж, хуваагдаагүй

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: МАН хагаралдаж, хуваагдаагүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, зарим сайдыг үүрэгт ажилд нь томилоод байна.

 

Тэдний нэг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол.

 

Тэрбээр парламентад  гурав дахь удаагаа  Завхан аймгаас сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улстөрч. Гэхдээ өнгөрсөн хугацаанд  Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаагүй юм. Тэрбээр “Боломж олгож, итгэл хүлээлгэсэн учраас  үүргээ ухамсарлаж ажиллана” гэлээ. Түүнийг  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар дэмжсэний дараа цөөн хором ярилцлаа.

 

-БОНХЯ-ны сайд боллоо. Цаашдаа ямар бодлого баримтлан ажиллах вэ?

 

-Энэ ажлыг аваад Монгол орны байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах тал дээр иргэний нийгмийн байгууллагаа, ТББ, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллана. 

 

-Энэ салбарт алдаа оноотой зүйл олон байсан. Засч залруулах зүйл  их байна уу?

 

-Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зарчмын асуудал. Тиймээс хариуцлагатай уул уурха хөгжүүлэх, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлийг горимын дагуу хийдэг, байгаль орчныг хамагаалдаг, ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж цогцоор нь энэ асуудлыг шийдвэрлэх ёстой.Ингэхийн тулд мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллана. Манай зарим гишүүд ч Богд уулын дархан цаазат газарт газар олгосон асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж асууж байна. Энэ асуудлыг хууль өргөн барьж шийдүүлэх ёстой гэж бодож байна. Тэр бүс нутагт маш олон иргэд аж ахуйн нэгж газар аван үйл ажиллагаа явуулж байгаа. Хүний барьцан байгаа үл хөдлөх хөрөнгийг заха зээлийн хүнд байгаа энэ цаг үед нураана гэдэг шийдвэрийг төр гаргана гэдэг зохимжгүй. Тиймээс дархан цаазат газрын хилийн бүс нутгийг хэрхэн тогтох вэ гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулж, хамгийн зүй зохистойгоор шийдвэрлэнэ.

 

-Аялал жуулчла  улс орны эдийн засагт нөлөөлнө гэцгээж байна. Энэ салбарыг дайвар байдлаар биш хамтад нь хөгжүүлэхэд  хэрхэн анхаарч ажиллах вэ?

 

-Ер нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар гэдэг бол монголын нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээж амьдарч байгаа монголчууд. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсын эдийн засгийн хөшүүргийн нэг хөл болно.Аялал жуулчлалын дэд бүтцийг боловсронгуй болгох тал дээр бодлогоо  илүү их төвлөрүүлэн ажиллана. Монгол Улсын эдийн засаг хямралтай байгаа энэ үед бүтэц орон тоог цомхон, чадварлаг болгоё, баялаг бүтээдэг яамдуудынхаа тоог нэмэе гэдэг зарчмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирсэн. Үүнийг би зөв гэж бодож байна. Тиймээс байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалыг нэгтгээд аваад явах боломжтой.

 

-МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн ил захидалд бичсэнээр нам дотроо сандал суудлын төлөө бүлэг үүсгэж байгаа,  хуваагдсан, талцсан асуудал үүссэн гэж ойлгож байна?

 

-Хуваагдсан, талцсан асуудал байхгүй. Ө.Энхтүвшин даргын ил захидал нь боловсон хүчнийхээ томилгоог нээлттэй, ил тод болгох хэрэгтэй байна  гэсэн утга илэрхийлсэн байна. Энэ удаагийн Засгийн газрын гишүүдийг томилох асуудал дээр намын Удирдах зөвлөл, удирдлагууд маш чамбай хандаж, хамгийн сайн сонголтуудыг оруулж ирсэн гэж бодож байгаа. Жишээ нь Өвөрхангай аймгаас  томилогдсон хоёр гишүүн аймгаасаа 6500 гаруй хүний саналаар ялалт байгуулсан УИХ-ын гишүүн болох боломжтой байсан. Харамсалтай нь  шүүхийн шийдвэрээр тангаргаа өргөж, гишүүн болж чадаагүй.  Хоёр гишүүний хувьд нам нь улстөрийн эрхийг нь олгоход дэмжлэг үзүүлж чадсангүй гэсэн гомдол тээж явсан зүйл бий. Эдгээр хоёр гишүүнийг Засгийн газрын гишүүнээр томилсон нь Өвөрхангай аймгийн сонгогчдын саналыг хүндэтгэсэн, ажил хийх боломжоор нь хангасан шийдвэр болсон. Нөгөө талаас дандаа нэг хэсэг хүмүүс сайд байх албагүй. Төрийн албыг ээлж дараатай, эрэмбэтэй явуулж сурах ёстой. Энэ боломжийг хүмүүст  олгох шаардлага  байсан гэж бодож байна.

 

-Намын ахмад гэж хэлж болох гишүүд сайд болох бодолтой байсан  уу. Тэд гомдолтой үлдсэн үү?

 

-Би арай тэгэж бодохгүй байна. Ер нь намыг дотор нь хагалах, нийгмийг талцуулдаг байдлаас гарах юмсан гэж боддог. Энэ удаагийн зөвшилцлийн Засгийн газрын хийх нэг том чухал ажил нь  Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн тухай, Үндсэн хууль гээд нийгмийн зөвшилцөл бий болгож чадах  хуулиудад өөрчлөлт оруулж, нэг зүйл рүү харж хөгжих  үндсийг тавьж ажиллах  ёстой. Хөгжих юмсан  гэдэг  хүсэл эрмэлзэл, итгэл дүүрэн байгаа учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Зөвшилцлийн Засгийн газар  байгуулж байна гэж харж байна. Энэ үүргээ ухамсарлаж хамтран ажиллана  гэж бодож байна.

 

-Ө.Энхтүвшин гишүүний  захидал дээр МАН дотроо бүлэг фракцид хуваагдаж байна гэж тодорхой бичсэн байсан?

 

-Хагаралдаж, хуваагдсан зүйл огт байхгүй. Ардчилсан нийгэмд хэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Илэрхийлэх хэлбэр нь манай намд нээлттэй. Намын дотоод ардчилалаараа Ө.Энхтүвшин гишүүний хувийн үзэл бодлоо илэрхийлсэн болов уу. Намын удирдлагууд нэг өрөөнд хаалгаа түгжиж суугаад   ярилцсан асуудал байхгүй. Намын бүлгийн бүх  гишүүдтэй санал солилцсон. Тэр үед нь гишүүн өөрөө байгаагүй юм болов уу даа.  Уг нь анх удаагаа бүлгээрээ, удирдах зөвлөлөөрөө ярьж томилгоог шийдсэн. Олонхиороо шийдэж байгаа асуудалд ганц хоёр хүн өөр бодолтой байж болно. Тэр болгон нь 100 хувь үнэн гэж ойлгох нь учир дутагдалтай.

 

-Дэд сайдуудын асуудал ямар шатандаа явж байна вэ. Нэрс нь тодорхой болсон уу?

 

-Одоогоор яригдаагүй байна.

 

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж