Ө.Энхтүвшин ил захидлаа ингэж тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин ил захидлаа ингэж тайлбарлав

МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн өөрийнх халааг авсан намын дарга М.Энхболдод хаягласан хатуухан үгтэй ил захидал олон нийтэд ил болоод байна. Тэрбээр Засгийн газарт хамтарсан нь буруу, сайд нарын томилгоог шударга хийгээгүй гэх утгатай ил захидал намын даргадаа илгээгээд байгаа юм. Түүнээс ил захидалтай холбоотойгоор зарим асуултад хариулт авлаа.

 

-Та намын даргадаа ил захидал илгээсэн байна. Намынхаа удирдлагын шийдвэрт сэтгэл дундуур байгаа хэрэг үү?

 

-Өчигдөр бүлэгтээ намын даргад ийм захидал бичсэн гэдгээ хэлсэн. Намын даргыг өчигдөр надтай уулзах юм болов уу гэж хүлээсэн. Ажил ихтэй байсан биз, уулзаагүй.  Уулзах байх гэж бодож байна. Ил захидалд айхтар ноцтой нууцлаад байхаар, намын эв нэгдлийг бусниулахаар, аюул тарихаар  зүйл бичээгүй.  Тийм ч учраас сайтууд дээр гарсан байгаа.

 

-Та намаасаа нэр нь тодорсон сайдуудыг дэмжихгүй байгаа хэрэг үү?

 

-Би яг одоо нэр дэвшиж байгаа, сонгогдож байгаа сайд нарын талаар ярихгүй. Өнөөдөр тэр хүн сайн хүн юм уу, чадалтай хүн юм уу гэдгийг ажил дээрээ очсоны дараа харагдана. Цаг хугацаа харуулна. Тэрнээс биш  одоо “Тэр чадахгүй, энэ гялалзуулна” гэж ярих нь дэндүү субьектив болно. Харцгаая бүгдээрээ.

 

Манай намын 27 дугаар Их хурал жилийн өмнө болсон. Жилийн өмнө болсон их хурлаас гаргасан шийдвэрүүдийн нэг нь боловсон хүчний томилгоотой холбоотой юм. Хүнийг мэддэг чаддаг, шударга чанар, дадлага туршлага олон түмэн дэх нэр хүнд зэрэг хэдэн гол шалгуурыг хангаж байгаа эсэхээр шүүнэ гэж шийдсэн. Хоёрдугаарт, боловсон хүчнийг сонгож дэвшүүлэхдээ жижигхэн хүрээнээс биш олон түмнээс, намын гишүүдээсээ хайя. Тэр талаар судалгаа гарга, бүртгэл бий болгоё, өрсөлдөөн бий болгоё гэсэн. Өөрөөр хэлбэл, намын боловсон хүчний сонголтыг өөр түвшинд гаргая гэсэн шийдвэрийг МАН-ын 27 дугаар Их хурлаар гаргаж байсан. Их хурлаас хойш МАН анхны томилгоогоо хийлээ.  Засгийн газарт орох анхны томилгоо. Энэ үйл явлдыг харахаар 27 дугаар их хурлын үнэр алга.  Хамгийн гол нь энэ. Намын удирдах зөвлөл, бүлэг дээр ярьсан болоод, шөнө болонгуут шууд чуулганаар оруулсанд нь би эгдүүцэж байгаа.

 

-Та МАН засагт хамтарсныг дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?

 

-Тийм. Засагт орж ажиллах байсан бол 2012 оны сонгуулийн дараа хамтраад Засгийн газраа байгуулж болох  байсан.  Би тэр  үед АН-ын даргатай санал солилцож, “Цаашдаа улс орноо яаж авч явах вэ, эдийн засгийн байдал хүндрэх нь” гэхэд “Бидэнд боломж байгаа. “Шударга ёс” эвсэлтэйгээ ажиллаад явна. МАН-тай  яасан ч эвсэхгүй. Намын ҮЗХ 80 хувиар  МАН-тай хамтрахгүй гэж шийдсэн” гэж байсан.

 

Гэтэл байдал хүндрээд чадахаа байгаад хадаг бариад ирэхээр нь  манайхан “За за” гээд хүлээж авч  байгаа нь утгагүй.  Орох байсан бол юу хийж чадах, яах гэж орж байгаа вэ, засагт ороод ажлаа хийж чадахгүй бол яах юм гэдгээ бодох ёстой. Засгийн газарт  орж ажиллахад ард түмэн биднийг эрх баригч  л гэж харна. 2016 оны сонгуульд энэ нь яаж нөлөөлөх вэ гэдгийг ярихгүйгээр тэр сайд, энэ сайд гээд явчихаж байгаа юм.

 

-АН тохирсон, амласан зүйлээсээ буцдаг гэж танай намын зарим гишүүд шүүмжилж байгаа?

 

-Тийм тохиолдол зөндөө. Сайхан гар барьж, тэврэлдчихээд маргааш нь “Хууль зөрчих гээд байна” гээд бултаж байсан шүү дээ. Жишээ нь Өвөрхангайд сонгогдсон хоёр гишүүнийг тангараг өргүүлэх асуудал яригдахад АН гэдийсэн. Аргаа бараад ядаж нэг нэг хүнээ оруулъя гэхэд “Тэгье” гэж гар барьчихаад маргааш нь Г.Батхүүг тангараг өргүүлсэн. Ингээд Н.Алтанхуяг нь “УИХ мэднэ” гээд, УИХ дээр очихоор З.Энхболд нь “Сонгуулийн ерөнхий хорооны асуудал” гээд Сонгуулийн Ерөнхий хороонд очихоор “Шүүхэд оч” гэсээр дууссан шүү дээ. Иймэрхүү байдалд олон удаа орж, АН-д олон удаа хууртаж байсан.

 

-Та сайдуудын томилгоонд сэтгэл дундуур байх шиг байна?

 

-Сайдад томилох хүмүүсээ 100 хувь гаднаас томилох ёстой байсан. Гэтэл үндсэн чиглэлийн яамдад УИХ-ын гишүүн оруулж ирсэн. 1.5 жил буюу маш богино хугацаанд ажиллана. Гэтэл энэ хугацааны зарим цагийг яамны ажилдаа, заримыг нь УИХ-ын ажилд зарцуулж таарна. Хямралын үед яамандаа сууж, 100 хувь цагаа зарцуулж ажиллах хүн хэрэгтэй. Хоёр ажил давхар харьцуулахаар үр өгөөжтэй байж чадах уу, үгүй юу. Түүний оронд салбараа мэддэг хүнийг нь ажиллуулсан бол үр  дүн харагдах байсан гэж бодож байгаа.

 

-Таныг намынхаа даргад захидал илгээсэн нь МАН-ын хагарал гэж ойлгогдож байна?

 

-Хагарал биш. Уг нь  энгийн зүйл. Асуудлаа хэлж л байх ёстой. Болохгүй бол захидал бичиж шаардах ёстой. Эв нэгдэл гэчихээд бие биедээ үгээ хэлж чадахгүй  бол нэг л  өдөр дэлбэрнэ. Тиймээс эртхэн сануулж байгаа юм.

 

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж