“Замын-Үүд” ЭЗЧБ-д бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

“Замын-Үүд” ЭЗЧБ-д бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Аливаа улс үндэсний хөгжлийн гол түлхүүр бол дэд бүтэц  байдаг. Дэд бүтцийг дагасан бүтээн байгуулалт өрнөх нь зайлшгүй. Тэгвэл манай улсад  урд хил дээр "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс бий болсоноор гадны хөрөнгө оруулагчдыг татаад зогсохгүй аж үйлдвэржилт, хотжилтын үйл явцыг түргэтгэх тус бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтөд бодит түлхэц үзүүлэх онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Түүнчлэн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд байгаль орчны судалгаа, нарийвчилсан үнэлгээ, тухайн бүс нутгийн эдийн засгийн үзүүлэлтийн судалгаа зэргийг үндэслэн чөлөөт бүсийг хөгжүүлэх  төлөвлөгөөг боловсруулж, мастер төлөвлөгөөн дээр үндэслэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийдэг.

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс, Замын-Үүд сумын дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдвэрлүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн  Захирагчийн ажлын албанаас санаачлан боловсруулж  2011 оноос Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.

"Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуургын шугам сүлжээ болон автозам холбооны байгууламж барих үндсэн дөрвөн багц дэд бүтцийн  ажлуудыг  хийж гүйцэтгээд байна.

Дулаан хангамжийн дэд бүтцийн ажил:

"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн инженерийн дэд бүтцийн төлөвлөлтөнд  тусгагдсанаар дулааны эх үүсвэрийг Замын-Үүд суманд барьж байгуулахаар  төлөвлөж   "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг дулаанаар хангах 90 мВт-ын хүчин чадалтай дулааны станц,  "Замын-Үүд" ЭЗЧБ-д дулаан дамжуулах төв 5 ширхэг,  Замын-Үүд суманд 7 ширхэг дулаан дамжуулах төв болон холбогдох шугам сүлжээг барьж байгуулаад байгаа юм.

Цахилгаан хангамжийн дэд бүтцийн ажил

Цахилгаан хангамжийн хувьд Замын-Үүд сумын 110/10кВ-ийн дэд станцийг өргөтгөж “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсэд 2×16 мВт хүчин чадалтай дэд өртөө барьж, 10/04 кВ-ын 16 ширхэг хувиарлах байгууламжыг барьж ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна.

Усан хангамж, ариутгах татуургын дэд бүтцийн ажил

Замын-Үүд сумын нийт 20 мянга гаруй иргэд болон  "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг цэвэр усаар хангах 500м3 усны танк дөрвөн ширхэг, чөлөөт бүсэд байрлах 1600м3 цэвэр усны өргөтгөлийн станц,  хоногт 3200 м3 хүчин чадалтай Ус цэвэршүүлэх үйлдвэрийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулаад байгаа юм.  Мөн "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг цэвэр усаар хангах усны нөөцийг сэвхүүлийн тойрмоос 12 км-ээс татаж байгаа. 2013 онд чөлөөт бүсээс 80-90 км радиуст газрын доорх усны эрэл хайгуулын гидрогеологийн ажлыг хийж, цэвэр усны нөөцийг тогтоосон.

Ус цэвэршүүлэх байгууламж

Ариутгах татуургын байгууламж:

Чөлөөт бүсэд бохирын түрэлтэд станц 2 ширхэг, хоногт 3040 м3  хүчин чадалтай  бохирын цэвэрлэх байгууламж,  даралттай шугам 3км, өөрийн урсгалын бохирын шугам 2км, 13.6 км бохир усны шугам  болон  9.8 км цэвэрлэгдсэн усны шугамтай хамт хийж гүйцэтгэж  байна. Түүнчлэн "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн бохирын шугамын 60-75 метр тутамд бохирын худаг тавигдсан.

Бохир цэвэрлэх байгууламжын байр

Авто замын бүтээн байгуулалтын ажил

Чөлөөт бүсэд эхний ээлжинд  гол гудамж 5.4 км, хорооллын чанартай гол гудамж 6.9 км, чөлөөт бүсийг боомт хооронд холбосон 6 эгнээ бүхий 1.25 км ,  нийт 13.6 км авто замуудын ажлуудыг чанарын өндөр түвшинд  хийж гүйцэтгээд байна.

Гол гудамж  /5,4 км/

Хорооллын чанартай гол гудамж /6,9 км/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж