Авлигын эсрэг тэмцэл Хятадын армийг чиглэв

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг тэмцэл Хятадын армийг чиглэв

Сюй Цайхоу, Гу Юньшань нар

 

Хятадад өрнөж буй авлигын эсрэг өргөн хүрээтэй тэмцэл улс төр, эдийн засгийн хүрээнээс гадна армийн дээд, дунд албан тушаалтнуудыг хамруулж эхэллээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Хятадын ардын чөлөөлөх армийн харъяа Наньжиний цэргийн коллежийн орлогч дарга асан Дай Вейминийг авлигын хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж эхэлжээ. Хошууч генерал Дай Вейминийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундаас цэргийн прокурорууд хараандаа авч судлан шалгаж эхэлсэн гэнэ. Түүнийг газар болон бүтээн байгуулалтын төсөлд их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэж байгаа аж.

 

Үүний зэрэгцээ Хятадын цэргийн төв хорооны тэтгэвэрт гарсан, орлогч дарга Сюй Цайхоу, Цэргийн техник хангамж, хүний хэлтсийн орлогч дарга асан Гу Юньшань нарыг авлигын хэрэгт мөрдөн шалгаж буй. Дэслэгч генерал Гу Юньшанийг цэргийн олон зуун албан тушаалыг худалдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

 

Хятадын дарга Си Жиньпин 2012 онд албан тушаалаа авснаас хойш авлига, хээл хахуультай хатуу гараар тэмцэхээ мэдэгдсэн билээ. Хятадад их хэмжээний авлигын хэрэгт буруутгагдсан өндөр албан тушаалтныг “бар”, жижиг гарын авлигачдыг “ялаа” гэж нэрлэх болжээ. Авлигын эсрэг тэмцэл улс төрийн хүрээнд Хятадын Чунцин хотын коммунист намын хорооны дарга асан Бо Силайгаас намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнканыг хүртэл хамарчээ. Жоу Юнкантай холбоотой авлигын хэрэгт газрын тос, бизнесийн салбарт  “PetroChina” компанийн экс дэд захирал Ли Хуалин, “CNPC” корпорацийн тэргүүн асан Жиан Жеймин нар багтаж буй аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж