УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна. Дөнгөж сая Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Гишүүн Б.Гарамгайбаатар “Танай намын дарга чинь АН-ыг улс орноо удирдаж чадахгүй болоод МАН-ыг урьсан гэж байна. Та гуйлганы үндсэн дээр сайд болсон юм уу, эсвэл улс орныхоо төлөө ажил хийе гэж сайд болж байгаа юм уу гэдгээ хэлээд өгөөч. Мөн эдийн засгийн нөхцөл маань хямрал уу, хүндрэл үү” гэсэн асуулт тавихад,
Гишүүн Ж.Эрдэнэбат үүнд “Эдийн засаг хүнд байдалд орсон гээд хамтран ажиллах санал гаргасан гэж ойлгож байгаа. Улс орноо бодож хамтран ажиллах нь зүйтэй гэж удирдах байгууллагаас шийд гарсан. Миний хувьд удирдах байгууллагынхаа шийдвэрийг дагах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эдийн засгийн хувьд хямралт байдалтай байгаа” гэсэн хариулт өглөө.
Гишүүдээс өрийн таазын хувьд ямар байх нь тохиромжтой, хямралын үед эн тэргүүнд ямар асуудлыг шийдэх зорилготой байгаа тухай асуултыг Ж.Эрдэнэбат гишүүнд үргэлжлүүлэн тавьсан бөгөөд үүнд “Хямралаас гарахын тулд эдийн засгаа сэргээх боломжуудыг судлана. Юуны өмнө өөрсдийнхөө боломжоор хямралаас гарах боломжийг харна. Цаашид ямар нэгэн байдлаар гадаадын тусламж, төсөл хөтөлбөрүүдийг авах шаардлагатай бол тухайн үед нь шийдэх болно. Өрийн таазын асуудлыг парламентад суудалтай намууд шийдэх байх. Ямартаа ч Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлэн ажиллана” гэсэн хариултыг тэрээр өгч байлаа.
Харин Ө.Энхтүвшин “Тун амаргүй яамыг толгойлохоор болж байна. Бид идэр ес тачигнах гэж буй цагаар явдалтай, түчигнээнтэй айлын хашаанд буулаа л даа. Одоо АН-ынхан МАН-аас сонгогдсон Сангийн сайдыг шахаад өрийн таазыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй боллоо гэх нь л дээ. Ийм зүйл байхгүй шүү” хэмээн шүүмжилсэн байна.
Үүний дараа санал хураалт явуулж, олонхийн саналаар Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлыг дэмжлээ.
Б.ЭНХ