БХИС-д аэронавтикийн клуб байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

БХИС-д аэронавтикийн клуб байгуулагдлаа

БХИС-ийн Цэргийн командын сургуулийн Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тэнхим “AIR DEFENSE” аэронавтикийн клубыг шинээр нээлээ. БХИС-ийн оюутан, сонсогчдын техник, зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх, нисэх загварын улсын болоод олон улсын чанартай тэмцээн, уралдаануудад идэвхтэй оролцуулах зорилготой  энэхүү клуб нь спорт, лаборатори гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, долоо хоногт хоёр удаа хичээллэх юм.

Дэд хурандаа Б.Энхзоргол “БХИС-д анх удаа аэронавтикийн клуб байгуулагдлаа. БХЯ-наас  тодорхой дэмжлэг авахаар зэхэж байна. Тодруулбал, эрх зүйн орчин, бодлогын дэмжлэг, урт хугацааны төсөл хөтөлбөрүүд, эдийн засгийн урамшуулал, тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэг зэрэгт анхаарах хэрэгтэй. Бид МУИС, ШУТИС-иудтай нисэх загварын төхөөрөмжүүдийг угсрах ажилд хамтрах болсон.

Нөгөөтэйгүүр, цэргийн хиймэл дагуул, тактикийн пуужин, нисгэгчгүй нисэх аппарат зэрэг орчин үеийн олон улсын армид нэвтэрч буй технологиудын мэргэжилтнүүдийг бэлтгэх хэтийн зорилго агуулж байгаа юм. Энэ ч утгаараа тус клуб эдгээр судалгаа, шинжилгээний ажлын үндэс, суурь болж байна” хэмээн онцолсон юм.

Энэ үеэр аэронавтикийн клубт хичээллэх эхний 15 оюутанд гишүүнчлэлийн үнэмлэх гардууллаа.

Т.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж