Монголын сэтгүүлчдийн эвлэлийн шагналт Ц.Галбадрахын сэтгүүлчийн хөдөлмөр, авьяас шингэсэн бүтээлүүдийнх нь дээж ном болон баринтаглагдаж, уншигчдын гар дээр очжээ.
Баримт, үгийн урыг нийтгэж бичсэн дан уянгын эсээ, тэмдэглэл, хөрөг, таталбаруудаас бүтсэн “Нартай хамт” ном сэтгүүлчийн хөдөлмөр эгэл мөртлөө гайхамшигтай болохыг батлах бас нэгэн нотолгоо болжээ.
Үүнийг яаран өгүүлээд өөрт төрсөн сэтгэгдлийг хоёр зүйлд багтаан уншигч нөхөдтэй хуваалцахыг хүслээ.
Түүний уран бүтээлийн объект “хүн”
Хэдийгээр сэдэв, үйл явдал хөөцөлддөг мэт боловч эцэстээ хүний тухай бичдэг болохоор сэтгүүлч мэргэжилтнээс эмч, хууль сахиулагчдын адил өндөр хариуцлага шаарддаг. Харин “хүмүний хөрөг” бичдэг сэтгүүлчдийн хувьд хариуцлагатай байхын дээр чамгүй авьяастай байхгүй бол нэмэргүй. Номын эхний бүлэг дэх хөрөг, таталбарууд юуны өмнө энэ хоёр шалгуурыг хангалттай давжээ.
“Аварга аа, намайг амлаач” нэртэй хөрөг таталбарт жирийн бөх хүн наадмын зүлэг ногоон дэвжээнээ хүчит аваргад амлуулахын учир утга, сэтгэлийн нэгээхэн жаргалыг тун ч сонирхолтой нээн дүрсэлжээ. Энэ нь цаашлаад уншигчийн “жинхэнэ монгол хүн”-ий сэтгэл рүү өнгийх хүслийг бадраах аж.
Нэгэнтээ “модернист” Галсансүх “сэтгэл гэдэг эрхтэн” гэж бичсэн билээ. Тэгвэл монгол хүний сэтгэл хэмээгч “эрхтэнг” нүдний өмнө дурайтал дүрслэн бичсэн таталбарууд хийгээд бидний дунд, олны өмнө амьдран яваа ховор араншинтай, сонин содон хүмүүсийн тухай бичсэн хөргүүд нь нэгэн бүлэг болж номонд оржээ.
Хэтрүүлж дэвэргэлгүй, хачирлаж хужирлалгүй, гэхдээ бодит баримт түшиж тун чамбай урласан хөрөг таталбарууд сэтгүүлч Ц.Галбадрахын бичвэртээ хариуцлагатай ханддагийг аргагүй илтгэж байна. Үүнийгээ “Монголын цуут” хэмээх дан тамирчдын хөрөг таталбаруудаар бүтсэн номоороо өмнө нь баталсан билээ. Тамирчин болгоныхоо хөргийг хэвлэлд гараагүй “хөшигний цаана” үлдсэн сонирхолтой баримтуудыг түшиж бичсэн гэдгийг энд хэлэлгүй өнгөрч боломгүй.
Ер нь Галаа сонин сэтгүүлд тэр бүр гараагүй орхигдсон, сэтгүүлчдийн мэдэлгүй өнгөрөөсөн тэр баримтуудыг олж, түшиж, түүгээрээ хүнийг дахин шинээр нээж бичиж чаддаг онцлогтой. Энэ бол Галбадрах хэмээх сэтгүүлчийн бусдаас ялгарах авьяас нь.
Ингэж сайн урлахын нууц Галаагийн бас нэгэн эрдэм авьяастай салшгүй холбоотой. Хүний хөрөг дүрийг цаас хайч нийлүүлэн, ганц ч алдаа үл гарган байж бүтээдэг хайчилбар хийх ур, авьяасыг бурхан түүнд заяасан байдаг. Энэ чимхлүүр хөдөлмөрөөр эгэл жирийнээс эхлээд төрийн түшээдийн хөргийг арваад жил бүтээж суухдаа хүнийг хэрхэн урлахын ухааныг олсон гэлтэй.
Тиймдээ ч үзгээ бариад хүмүний хөргийг үгээр ч тэр өөгүй сайхан урлаж явна. Ардын жүжигчин Дашпэлжээ гэж эрхэм хүмүнийг Монголын ард түмэн сайн мэдэх ч кино урлагтай заяа холбосон сонирхолтой түүхийг нь тэр бүр дуулаагүй. Энэ л өнцгөөс “хулангийн тоосонд орсон илжиг” мэт кино урлагт хөл тавьсан уран бүтээлчийн хөргийг сонирхолтой бүтээсэн гээд хүмүний хөрөг урлах авьяасаа зориулсан олон бичвэр энэ номонд багтжээ.
Сэтгүүлч бол үнэн түүхийн гэрч
Сэтгүүл зүй бол үнэн түүхийн нэгэн талбар юм. Ялангуяа хэсэг бусаг мэдээлэл, үйл явдлын сурвалжлага, нийтлэл зэрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зах замбараагүй мэт цацагддаг ч уншигч хэнбугай ч болж өнгөрсөн үйл явцыг тэрхүү хэсэг бусаг мэдээллүүдээр нэгтгэн, цаг үеийн үнэн мөнийг таньж, цаашлаад өрнөн буй бодит түүхийг сэргээн харж болдог билээ.
Яг ийм л үнэний нэг дүр зураг болсон цуврал бичвэрүүд энэ номонд нэгдэж. Монголын өмгөөлөгчдийн холбоо хэмээх байгууллагын сүүлийн жилүүдийн ажил амьдралыг нэгэн өнцгөөс, гол төлөв томилолт, айлчлалын хэд хэдэн чухал үйл явдлаар дамжуулан, тухайн үеийн бодит хүмүүсийн үйл хэрэг, үг хэл, амжилт бүтээл, тэр ч бүү хэл энэ салбарт тохиож буй зарим бэрхшээл, тулгарсан асуудлуудтай нь үнэн мөнөөр үзэглэн хүүрнэсэн сурвалжлага, тэмдэглэлүүд эмхлэгдсэн байна.
Үйл явдлуудыг сонирхолтой, нүдэнд үзэгдэж, сэтгэлд буутал хүүрнэн бичихдээ ямар нэг нэмж хачирлах зүйлгүйгээр бодит байдлын “алтан хэмжээ”-г барьж чадсан нь түүний сэтгүүлчийн ур чадвар. Гэхдээ бичлэг нь энгийн хүүрнэхийн зэрэгцээ монгол сэтгэлгээтэй нэг л “дулаахан” хэллэгээр, үйл хөдлөлийг монгол хүний хэлж ярилцдаг тийм л дотно үг өгүүлбэрээр тайлбарлан бичсэн нь заримдаа мэдээллийг энгийн тоочоод өнгөрдөг сүүлийн үеийн “модон бичлэгтэн”-гүүдээс эрс ялгарах “уран” болоод “монгол найруулга” бүхий донж маягийг олжээ.
Ингэж бичсэн сурвалжлага, тэмдэглэлүүд нь сэтгүүлчийн үнэнийг гэрчилж, түүхийг баримтжуулан үлдээх гэсэн чин хүслээр хөглөгдсөн болохыг хэлэлгүй өнгөрч үл болом. Тиймээс л сэтгүүлч хүн мэдээ мэдээлэл бэлтгэж, сурвалжлан явахдаа түүхийг тэмдэглэн үлдээж, бас түүхийн гэрч нь болж байдаг мэргэжилтэн. Түүний тэмдэглэлүүд хэмжээгээр товчдоо товч, томхондоо томхон бичигдэх боловч шинэ мэдээ, баримт, үйл хэрэг, үзэгдлийг цагийн дарааллаар тодоос тод өгүүлж, Галбадрах хэмээх сэтгүүлчийн үзсэн харсан, сурвалжилсанаар гэрчлэгдэн шинэ цагийн түүхийн хуудас болон үлджээ.
Түүний эдгээр тэмдэглэлүүдийн сонгосон өнцөг сонирхолтой, бичлэгийн хэл найруулга нь уян дөлгөөн, мэдээлэл нь бүрэн төгс учир уншихад сонирхолтой, сайхан санагдлаа. Ц.Галбадрахын нэг онцлог нь мэдээлэл сайтай, тиймээс ч баримттай, нотолгоотой бичдэг.
Учирлах нь:
Энгийн хийгээд сонирхолтой өгүүлэмжтэй, сонсож дуулаагүй сонин содон баримтуудыг агуулсан энэ ном сэтгүүлчийн бичих найруулах эрдэмтэй найрсан нэгдэж, уншихад нэг л “дулаахан” дотно сэтгэгдлийг төрүүлж байлаа.
“Монгол хүн монголоороо сэтгэхээ байлаа” гэж шүүмжлүүлдэг болсон өнөө үед энэ номыг уншиж гэмээнэ гээж орхисон мэдрэмж сэрж, “монголоороо сэтгэх, монголоороо ярих” дотоод чинадын хүслийг уншигч танд эрхгүй төрүүлнэ гэж итгэл төгс хэлэх байна. Монгол хэлний яруу тансаг, тэгсэн атлаа ээжийн бүүвэй шиг уян зөөлөн, “гол ус намуухан урсах” мэт дөлгөөн, хуурын эгшиг адил уянгалаг бичлэг найруулга нь сэтгэлд нэг л дотно.
Ялангуяа “Дулаахан” хэмээн нэрийдсэн уянгын эсээг уншвал нутаг ус санагдаж, сэтгэл гэгэлзэнэ. Ер нь түүний энэ номонд орсон олон бичвэрийг шимтэн уншваас сэтгэл баясаж, олон сонин содон зүйлийг олж мэдэх болно оо.
МУБИС-ийн багш, доктор С.АМАРТҮВШИН