Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Үдээс өмнөх хуралдаанаар С.Баярцогт, Д.Оюунхорол, Л.Пүрэвсүрэн нарыг сайдаар томилохыг дэмжсэн бол үлдсэн сайдуудыг үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэнэ.
Үдээс өмнө болсон хурлын үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр нь тодорсон УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас давхар дээлээ тайлж, УИХ-ын гишүүнээсээ татгалзах эсэхийг тодруулахад,
-“Чуулганаар хэлэлцэх үеэр өөрийн байр сууриа илэрхийлнэ. Гишүүд энэ талаар асуувал хариулна. Одоо ярихгүй” гэх хариулт өглөө.
Түүнийг өнгөрсөн хугацаанд давхар дээлтэй байхыг эсэргүүцсэн, Засгийн газраа унагахад нөлөөлсөн хүний нэг гэдэг утгаараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаж магадгүй гэх таамгийг олон нийт дэвшүүлээд байгаа.
2012 оны сонгуулиар намын жагсаалтаар сонгогдсон тэрбээр гишүүнээсээ татгалзвал дараагийн хүн нь Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ байх юм байна.
С.СҮРЭН