Байргашдаггүй “балчрууд”-ын балаг

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Байргашдаггүй “балчрууд”-ын балаг

Хилчид дарга нараа бууджээ.  Алахыг нь алж, заримыг нь
шарх­дуулж, бас болоогүй хүн барь­цаалаад нутгийн гүн тийш “дүрвэжээ”.
Хүний нутгийн зүгээс тулгарч болох аюулаас нүд цавчилгүй сэргийлж байх
учиртай дайчид маань хоорондоо “тулалдаж”, торгон хилээ эзгүй хаяад
наашаа “довтолж”, нэг муу боохой аятай газрын бартаанд хоргодож
хэвтдэг… Эх орноо хамгаалахаар мордсон эр цэргүүд халагдах дөхөөд
ирэхээрээ өөрийгөө боомилдог болчихож. Халагдаад харих гэргүй, хийх
ажилгүй гээд бурхны оронд морилж байгаа юм гэнэ.

Үүнийг
халаглах хүн захаас аван байна. “Хөөрхий нялх юмнуудаар хил мануулж,
цэрэгт явуулаад ингэж байгаа юм” гээд л ам уралдуулцгаах. Нө­гөөдүүл нь
19-20 настай, сүүлийн өөрийгөө боомилдог байлдагч л гэхэд 26-тай
“хөгшин” цэрэг. “Цэргийн дэгээс болоод ингэлээ” гэж тайлбарлах хэсэг
байна. Гэтэл цэргийн дэг гэдэг нь огт шинэ юм биш, аль Чингисийн үеэс
оны ялгаа, зэрэг дэвийн дээр дор байсан л байж таарна. Тэр болгонд нурж
ойчоод байсан бол монгол цэрэг дэлхийн талыг эзэлж чадах байсан уу.
Харин ч 16 наснаасаа эрийн тоонд орж сумын исгэрээн, сэлмийн
цавчил­даан дор шуугиулж Монгол туургатны ид хавыг гайхуулж яваагүй бил
үү. Уг нь “Хил манаагүй эрийг эр гэдэггүй” гэдэгсэн.

Гэтэл
хатан зоригоороо дэлхийд гайхуулж явсан монгол эрс сүүлийн үед баргийн
бэрхшээлийг сөрч дийлэл­гүй өвдөг сөхөрч, Хангүүг киноны баатар аятай
нялцганан нус нулимсандаа хутгалдаж, юм л бол боож үхэх шидэмс хайгаад
харай­чихдаг болж. Харин “нялзрай юм” гээд хатуужуулж өсгөөгүйнхээ
алдааг үүрэх ёстой нийгэм нь нөгөө “нял­хууддаа” хэрийн хүн давахааргүй
цаазын ялыг эмээх ч үгүй оноочих юм. “Алдахаар нь алах ял заах юм шүү”
гээд гарын ая даахгүй, үг сонсохгүй амьтан болгож өсгөсөн гэж үү,
тэднийг?

Ер нь юм л бол “нас нь бага” гэж
бөмбөрсөөр монгол хүн байргашиж төлөвшихөө больжээ. Зорилго
тэмүү­лэлтэй болгож өсгө­хөөсөө урьтаж амиа хичээсэн, арчаагүй байдалд
багаас нь оруулсны балаг. Тэрний гайгаар сэтгэлийн тэнхээгээ алдаж,
биеэ өмөөрөхөөс бус нийгмийн өмнө хариуцлага хүлээх учиртайгаа сэрж
санахаа зогсчихож. Үүнд төрүүлж өсгөсөн эцэг эх, сургууль, багш нар,
цаашлаад нийгэм буруутай. Өмнөх нийгмийн үед ч яахав социализмаа өрнүүн
байгуулна гээд хүн бүр зорилго, тэмүүлэлтэй явсан. Өдгөө санахад
инээдэмтэй ч, ямар ч гэсэн амиа хорлох “завгүй” явж.

Харин
одоо бол өөрөө өөрийгөө аваад явах чадал­тай, нийгэмд байр суурьтай
болгохын төлөө эцэг, эх бүр хүүхдээ тэмүү­лэлтэй өсгөх ухаан дутаад
байх шиг. Түрүү үеийн цэргүүд эр бие гүйцэж тэгшрээд ид  хийж бүтээх
гал цогоор дүүрэн ха­лагддаг байсан бол өнөөгийн дайчид ганц жилийн пян
даахгүй сэтгэлээр унаж, хугацаат албаа хаахыг шоронд ял эдлэхийн дайтай
санадаг болж. Үүний цаана байргашдаггүй “балчир” гэж өөрийгөө
нялхамсуулж бод­догийн, бас тэгж бөөцийлж хүмүүжүүлдэг болсон өнөө­гийн
эцэг эх, нийгмийн алдаа харагдаж байна. Уг нь гурван жилийн хугацаат
албаа гя­лалз­тал хаагаад халагддаг байсан дайчид ч, гутранги үзлээр
цаг элээж, нэг жилийг үддэг болсон өнөөгийнхөн ч адилхан 18-20-иод
насныхан шүү дээ. “Балчир, балчир” гэж өмөөрсөөр байр­га­шуулж
төлөвшүүлээгүйн балаг ялангуяа 20-иод нас­ныханд, тэр дундаа эрчүү­дэд
тод үзэгдэх болжээ. Тэдний дотор цэрэгт очмогц өвдөг сөхөрч, тэвчээр
муу­тай нь амиа хорлож, нөхдөө сүйтгэж, сургуульд ирмэгц баардаж
цэнгэсээр, ид залуу насаа хүн бололгүй гээдэг нь олширчээ. Харин
жин­хэнэ хүүхэд насаа РС тог­лосоор үрчихсэн байдаг.

Энэ
байдал УИХ дотор ч анзаарагдаж байна. Анхны байнгын ажиллагаатай
пар­ламент Улсын Бага Хурлын хамгийн залуу гишүүд нь 23-тай С.Баярцогт,
25-тай Д.Бал­дан-Очир нар байлаа. Тэднийг “памперстан” гэж хэн ч
хоч­лоогүй. Эрийн цээнд хүрсэн идэрхэн ги­шүүд л гэж үздэг байсан. Ер
нь тэр цагт монголчууд 25 хүрсэн хүнийг ид турш­лагажиж яваа нийгмийн
түү­чээ гэхээс бус “нялх юм” гэж хошуу дэвсч байсангүй. Аравдугаар анги
төгссөн 17-18-тай залуусыг илгээлт өвөр­лүүлэн атар газар, үйлд­вэрийн
цех, малчны хотонд илгээж байснаас биш нусыг нь арчиж, нулимсыг нь
шу­дарч бөөцийлж байгаагүй. Дунд сургууль төгслөө л бол “хүүхэд” нэрийг
орхидог, тиймдээ ч эрт бие дааж, эцэг эхдээ төвөг удалгүй ажлын
дад­лагатай болж, нийгмээ манлайлж явлаа. 1990 оны ардчилсан хувьсгалыг
18-40 насныхан хийсэн. Удир­дагч­дын дийлэнх нь 30 эр­гэм насны залуус
байсан. С.Зо­риг 28-тай, Ц.Элбэг­дорж 27-той, Э.Бат-Үүл, Да.Ган­болд
33-тай явжээ. Хамгийн “хөгшин” Р.Гончиг­дорж 36-тай байв. Тэднийг
нийгэм даяа­раа дагаж хуу­чин тог­тол­цоог халсан. “Эрч­тэй сайхан
за­луус байна” л гэхээс биш “Нялх юм чаа­ваас” гэж үл ойшоож байсангүй.

Гэтэл өдгөө УИХ-д 34-өөс доош насны гишүүн
сонгогдохоо больчихжээ. Хуучны үгээр “эвлэлийн нас”-наас хэтэрч ахмадын
тоонд орох болсон 35,36 настанг “живхтэй” гэж өхөөр­дөх болж. Нөгөөдүүл
нь ч “мөлхөө анги”-ийн хүүхэд гэж нэрлүүлэх дуртай. Алдаад дуугарчих юм
бол “шинэ гишүүн, залуу хүн юм чинь” гэж өмөөрүүлэх янз­тай. Энэ
янзаараа явбал удахгүй 40 настай балчир гишүүн гэж нэрлүүлж,  өмнөд
хөршийнхөн шиг “60 настай залуу удирдагч” хэмээн цоллуулах вий. Өмнөд
хөр­шийнхөн ч яахав, хийх аж­лаа хийх шиг хийдэг, бас дээр нь урт
насалж удаан жаргадаг улс. Тэгэхээр 60 насандаа идэрхэн явдаг биз.
Манайдаа бол энэ чинь бараг дундаж нас. Ялангуяа эрчүүдийн хувьд.

Байтлаа
30 хүртэл пам­перстай, 40 хүртлээ хүүхэд нэртэйгээ явтал монгол хүн мөн
чанараа алдаж, дээр нь солонгос кино үзсээр мөс нь нимгэрч, яс нь
хэврэгшжээ. Монгол залуус нийтдээ ийм биш л дээ. Гэхдээ л аав ээжүүд
эртхэн гараасаа гаргаж, “хүүхэд” нэрээс нь салгахгүй бол “угж”-наасаа
гаралгүй 30 хүрсэн эрчүүд “хүн болох” аядсаар явтал хорвоо дуу­сахдаа
тулсан байх вий. Насанд хүрээгүй балчруудын эх орныг алсдаа “ноолох”
хүн олон болж, манжуудыг мөхөөсөн ар­гаар торгонд хөл­бөрүүлж, тосонд
өнхрүүлсээр эзгүй­дүүлж орхихыг ч байг гэхгүй. “Миний хойч үе өвсөнд
ороовч үхэр үл идэх, өөхөнд ороовч нохой үл шиншлэх амьтас болох вий”
гэсэн Өгөөдэй хааны үгийг өнөө цагийн залуус бодоход илүүдэхгүй болжээ.


Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж