шархдуулж, бас болоогүй хүн барьцаалаад нутгийн гүн тийш “дүрвэжээ”.
Хүний нутгийн зүгээс тулгарч болох аюулаас нүд цавчилгүй сэргийлж байх
учиртай дайчид маань хоорондоо “тулалдаж”, торгон хилээ эзгүй хаяад
наашаа “довтолж”, нэг муу боохой аятай газрын бартаанд хоргодож
хэвтдэг… Эх орноо хамгаалахаар мордсон эр цэргүүд халагдах дөхөөд
ирэхээрээ өөрийгөө боомилдог болчихож. Халагдаад харих гэргүй, хийх
ажилгүй гээд бурхны оронд морилж байгаа юм гэнэ.
Үүнийг
халаглах хүн захаас аван байна. “Хөөрхий нялх юмнуудаар хил мануулж,
цэрэгт явуулаад ингэж байгаа юм” гээд л ам уралдуулцгаах. Нөгөөдүүл нь
19-20 настай, сүүлийн өөрийгөө боомилдог байлдагч л гэхэд 26-тай
“хөгшин” цэрэг. “Цэргийн дэгээс болоод ингэлээ” гэж тайлбарлах хэсэг
байна. Гэтэл цэргийн дэг гэдэг нь огт шинэ юм биш, аль Чингисийн үеэс
оны ялгаа, зэрэг дэвийн дээр дор байсан л байж таарна. Тэр болгонд нурж
ойчоод байсан бол монгол цэрэг дэлхийн талыг эзэлж чадах байсан уу.
Харин ч 16 наснаасаа эрийн тоонд орж сумын исгэрээн, сэлмийн
цавчилдаан дор шуугиулж Монгол туургатны ид хавыг гайхуулж яваагүй бил
үү. Уг нь “Хил манаагүй эрийг эр гэдэггүй” гэдэгсэн.
Гэтэл
хатан зоригоороо дэлхийд гайхуулж явсан монгол эрс сүүлийн үед баргийн
бэрхшээлийг сөрч дийлэлгүй өвдөг сөхөрч, Хангүүг киноны баатар аятай
нялцганан нус нулимсандаа хутгалдаж, юм л бол боож үхэх шидэмс хайгаад
харайчихдаг болж. Харин “нялзрай юм” гээд хатуужуулж өсгөөгүйнхээ
алдааг үүрэх ёстой нийгэм нь нөгөө “нялхууддаа” хэрийн хүн давахааргүй
цаазын ялыг эмээх ч үгүй оноочих юм. “Алдахаар нь алах ял заах юм шүү”
гээд гарын ая даахгүй, үг сонсохгүй амьтан болгож өсгөсөн гэж үү,
тэднийг?
Ер нь юм л бол “нас нь бага” гэж
бөмбөрсөөр монгол хүн байргашиж төлөвшихөө больжээ. Зорилго
тэмүүлэлтэй болгож өсгөхөөсөө урьтаж амиа хичээсэн, арчаагүй байдалд
багаас нь оруулсны балаг. Тэрний гайгаар сэтгэлийн тэнхээгээ алдаж,
биеэ өмөөрөхөөс бус нийгмийн өмнө хариуцлага хүлээх учиртайгаа сэрж
санахаа зогсчихож. Үүнд төрүүлж өсгөсөн эцэг эх, сургууль, багш нар,
цаашлаад нийгэм буруутай. Өмнөх нийгмийн үед ч яахав социализмаа өрнүүн
байгуулна гээд хүн бүр зорилго, тэмүүлэлтэй явсан. Өдгөө санахад
инээдэмтэй ч, ямар ч гэсэн амиа хорлох “завгүй” явж.
Харин
одоо бол өөрөө өөрийгөө аваад явах чадалтай, нийгэмд байр суурьтай
болгохын төлөө эцэг, эх бүр хүүхдээ тэмүүлэлтэй өсгөх ухаан дутаад
байх шиг. Түрүү үеийн цэргүүд эр бие гүйцэж тэгшрээд ид хийж бүтээх
гал цогоор дүүрэн халагддаг байсан бол өнөөгийн дайчид ганц жилийн пян
даахгүй сэтгэлээр унаж, хугацаат албаа хаахыг шоронд ял эдлэхийн дайтай
санадаг болж. Үүний цаана байргашдаггүй “балчир” гэж өөрийгөө
нялхамсуулж боддогийн, бас тэгж бөөцийлж хүмүүжүүлдэг болсон өнөөгийн
эцэг эх, нийгмийн алдаа харагдаж байна. Уг нь гурван жилийн хугацаат
албаа гялалзтал хаагаад халагддаг байсан дайчид ч, гутранги үзлээр
цаг элээж, нэг жилийг үддэг болсон өнөөгийнхөн ч адилхан 18-20-иод
насныхан шүү дээ. “Балчир, балчир” гэж өмөөрсөөр байргашуулж
төлөвшүүлээгүйн балаг ялангуяа 20-иод насныханд, тэр дундаа эрчүүдэд
тод үзэгдэх болжээ. Тэдний дотор цэрэгт очмогц өвдөг сөхөрч, тэвчээр
муутай нь амиа хорлож, нөхдөө сүйтгэж, сургуульд ирмэгц баардаж
цэнгэсээр, ид залуу насаа хүн бололгүй гээдэг нь олширчээ. Харин
жинхэнэ хүүхэд насаа РС тоглосоор үрчихсэн байдаг.
Энэ
байдал УИХ дотор ч анзаарагдаж байна. Анхны байнгын ажиллагаатай
парламент Улсын Бага Хурлын хамгийн залуу гишүүд нь 23-тай С.Баярцогт,
25-тай Д.Балдан-Очир нар байлаа. Тэднийг “памперстан” гэж хэн ч
хочлоогүй. Эрийн цээнд хүрсэн идэрхэн гишүүд л гэж үздэг байсан. Ер
нь тэр цагт монголчууд 25 хүрсэн хүнийг ид туршлагажиж яваа нийгмийн
түүчээ гэхээс бус “нялх юм” гэж хошуу дэвсч байсангүй. Аравдугаар анги
төгссөн 17-18-тай залуусыг илгээлт өвөрлүүлэн атар газар, үйлдвэрийн
цех, малчны хотонд илгээж байснаас биш нусыг нь арчиж, нулимсыг нь
шударч бөөцийлж байгаагүй. Дунд сургууль төгслөө л бол “хүүхэд” нэрийг
орхидог, тиймдээ ч эрт бие дааж, эцэг эхдээ төвөг удалгүй ажлын
дадлагатай болж, нийгмээ манлайлж явлаа. 1990 оны ардчилсан хувьсгалыг
18-40 насныхан хийсэн. Удирдагчдын дийлэнх нь 30 эргэм насны залуус
байсан. С.Зориг 28-тай, Ц.Элбэгдорж 27-той, Э.Бат-Үүл, Да.Ганболд
33-тай явжээ. Хамгийн “хөгшин” Р.Гончигдорж 36-тай байв. Тэднийг
нийгэм даяараа дагаж хуучин тогтолцоог халсан. “Эрчтэй сайхан
залуус байна” л гэхээс биш “Нялх юм чааваас” гэж үл ойшоож байсангүй.
Гэтэл өдгөө УИХ-д 34-өөс доош насны гишүүн
сонгогдохоо больчихжээ. Хуучны үгээр “эвлэлийн нас”-наас хэтэрч ахмадын
тоонд орох болсон 35,36 настанг “живхтэй” гэж өхөөрдөх болж. Нөгөөдүүл
нь ч “мөлхөө анги”-ийн хүүхэд гэж нэрлүүлэх дуртай. Алдаад дуугарчих юм
бол “шинэ гишүүн, залуу хүн юм чинь” гэж өмөөрүүлэх янзтай. Энэ
янзаараа явбал удахгүй 40 настай балчир гишүүн гэж нэрлүүлж, өмнөд
хөршийнхөн шиг “60 настай залуу удирдагч” хэмээн цоллуулах вий. Өмнөд
хөршийнхөн ч яахав, хийх ажлаа хийх шиг хийдэг, бас дээр нь урт
насалж удаан жаргадаг улс. Тэгэхээр 60 насандаа идэрхэн явдаг биз.
Манайдаа бол энэ чинь бараг дундаж нас. Ялангуяа эрчүүдийн хувьд.
Байтлаа
30 хүртэл памперстай, 40 хүртлээ хүүхэд нэртэйгээ явтал монгол хүн мөн
чанараа алдаж, дээр нь солонгос кино үзсээр мөс нь нимгэрч, яс нь
хэврэгшжээ. Монгол залуус нийтдээ ийм биш л дээ. Гэхдээ л аав ээжүүд
эртхэн гараасаа гаргаж, “хүүхэд” нэрээс нь салгахгүй бол “угж”-наасаа
гаралгүй 30 хүрсэн эрчүүд “хүн болох” аядсаар явтал хорвоо дуусахдаа
тулсан байх вий. Насанд хүрээгүй балчруудын эх орныг алсдаа “ноолох”
хүн олон болж, манжуудыг мөхөөсөн аргаар торгонд хөлбөрүүлж, тосонд
өнхрүүлсээр эзгүйдүүлж орхихыг ч байг гэхгүй. “Миний хойч үе өвсөнд
ороовч үхэр үл идэх, өөхөнд ороовч нохой үл шиншлэх амьтас болох вий”
гэсэн Өгөөдэй хааны үгийг өнөө цагийн залуус бодоход илүүдэхгүй болжээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ