Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.12.08/ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо, Христосын Нийгмийн Холбоо намуудын парламентын бүлгийн дэд дарга, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга М.Грундыг хүлээн авч уулзав.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа, Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Й.Д.Рай, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Д.Шмюкинг болон албаны бусад хүмүүс байлцав.
Ноён М.Грунд, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Ардчилсан намын дарга болсонд баяр хүргэв. Монгол Улс ардчиллыг тууштай хөгжүүлж буй сайн жишээ. Киргиз, Мьянмар зэрэг орон танай улсын ардчиллын замаар тууштай хөгжиж буй туршлагыг судлах хүсэлтээ илэрхийлсэн. Конрад-Аденауэр сангийн хувьд Ардчилсан намтай нягт хамтарч ажиллаж ирсэн. Та ирэх онд манай улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Конрад-Аденауэр сангийн академи дээр монголын ардчиллын талаар илтгэл тавихыг урьж байна гэв.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Их Хурал ХБНГУ-ын Бундестаг нь парламентын бүх түвшинд хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж буйг тэмдэглэн хэлэв. Тэрээр, Конрад-Аденауэр сан манай улсад үйл ажиллагаа явуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэмээгээд 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан нам олонхи болоогүй ч хамгийн олон суудал авсан учраас Улсын Их Хуралд суудалтай бусад намыг урьж Засгийн газраа хамтарч байгуулна. ХБНГУ-ын хоёр том нам хамтарч засгийн эрх барьж буйтай адил бүтцээр ажиллах гэж байна гээд харилцан санал солилцов.
Конрад-Аденауэр сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа улс төрийн сан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.