Малайз Улсын Мелака хотноо, энэ оны 12 дугаар сарын 2-3-ны өдөр болсон АСЕАН-ны Бүсийн чуулга уулзалт (АРФ)-ын “Итгэлцлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа”-ны асуудлаарх чуулган хоорондын ажлын хэсгийн хуралдаанд ГХЭЗХАЯ-ны АНДОГ-ын захирал Ч.Баярмөнх тэргүүтэй төлөөлөгчид оролцож Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын үзэл баримтлалын талаар танилцуулга хийв.
Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь Ази, номхон далайн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулах чухал хүчин зүйл мөн хэмээн үзэж манай тал өнгөрсөн 7 сард Токио хотноо болсон хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд анх удаа хэлэлцүүлсэн бөгөөд 2015 онд Улаанбаатарт бүсийн хэмжээний зөвлөлдөх уулзалт зохион байгуулах санал дэвшүүлсэн юм.
Энэ удаагийн АРФ–ын ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дараа дараагийн шатны хуралдаан буюу ахлах албан тушаалтнуудын болон Сайд нарын уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан баталсан нь манай улсын статусыг бүсийн түвшний аюулгүй байдлын яриа хэлэлцээний анхаарлын төвд хүргэж, АРФ-ын гишүүн орнуудтай цаашид хамтран ажиллах бололцоог нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
АРФ нь Ази, номхон далайн бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээний механизм бөгөөд бүрэлдэхүүнд нь нийт 27 улс багтдаг юм.
Эх сурвалж: www.mfa.gov.mn