Салбартаа тэргүүлэн шинийг сэдэж яваа залуу манлайлагчдын нэг, хийж бүтээх ирмүүн хүслээр дүүрэн нийгмээ эерэгээр өөрчлөхийг зорьж яваа нэгэн бүсгүйтэй бид ярилцлаа. Түүнийг “Улс төрд шинэ манлайлагч ” зорилтот тв төслийн шилдэг оролцогч Агваандоржийн Батчимэг гэдэг. 33 настай, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, “Новасофт” компанид судалгааны алба тэргүүлэн ажилладаг. Гурван хүүхэдтэй, залуу гэр бүлийн эзэгтэй. Нийгмийн хөгжил хүмүүсийн ухамсар, хандлагаас хамаарах бөгөөд үүнийг эерэгээр өөрчилж чадвал хөгжилд хөтөлнө хэмээн дэвшүүлж буй шинэ шийдлийнх нь талаар голчлон ярилцлаа.
Та БНСУ-д хэрхэн суралцсан болон Монголдоо эргэн ирсэн тухайгаа ярьж өгнө үү?
Би БНСУ-д долоон жил сурч, амьдарсан. Доктрантын шалгалтуудаа амжилттай өгч диплом бичих эрхээ аваад 2011 онд OpenSnS нэртэй Солонгостоо мэдээллийн технологиийн салбарт нэр нөлөөтэй ХХК-д ажилд орохоор 20 гаран Солонгос залуустай өрсөлдөн тэнцэж байсан. Энэ ажилд ороод хэд, хэдэн олон улсын хуралд байгууллагаа төлөөлөн оролцсон нь надад олон сайхан дурсамж, туршлага болон үлдсэн. Тухайн үед 2015 он хүртэл БНСУ-д ажиллаж, амьдрах виз гэр бүлээрээ авсан байсан. Гэсэн хэдий ч “ Би эх орныхоо төлөө сурсан, эх орныхоо төлөө ажиллах нь зүйтэй юм” гэсэн бодолд хөтлөгдөн нэг л өдөр шийдээд бүх боломжуудыг орхин Монголдоо 2012оны 12 сард ирж байсан. Хүйтэн жавар, утаа униар гээд бүгд л бараан санагдаж байлаа. Гэхдээ эх орон минь учраас хурдан дасаад эрч хүчээр дүүрэн ирээдүйгээ харж эхэлсэн.
Та ер нь нийгэм олон нийтийн ажлын ямар туршлагатай вэ?
БНСУ-д суралцаж байх хугацаандаа Солонгос оюутнуудтай хамтран Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт сайн дурын ажил хийдэг байсан. Тус хороонд эмзэг бүлгийн хүүхдүүд, настай хүмүүс олон байдаг. Тэдэнд витамин, хувцас хичээлийн хэрэгслээр туслаж, хичээл, сургалт явуулдаг байсан юм. Энэ ажил маань өргөн хүрээ хамраагүй ч багахан ч гэсэн үр дүнтэй ажил болдог байсан гэж боддог.
Төсөлд чухам яагаад оролцох болсон бэ?
Нэг орой twitter-т “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд “Надад шийдэл байна” нэртэй эсээ бичиж, оролцох урилга ирсэн байсан. Би ер нь энд тэнд явж байхдаа энийг нь ингээд нэг өөрчилчих юмсан гэсэн олон бодол төрдөг. Тэдгээрээс нэгийг нь сонгон эсээ болгон бичээд төсөлд явуулсан юм. Ингэж дотроо байгаагаа уудлан бичихэд сэтгэл нэг л хөнгөрдөг юм билээ. Тэгээд нэгдүгээр шатанд тэнцсэн байсан. Хоёрдугаар шатанд маш их бэлдсэн. Шөнө нойргүй суун хэд хоног олон юм судлаж, их хүчин чармайлт гаргасны ачаар дараагийн шатанд бас тэнцсэн.
-Таны санал болгосон шийдэл энгийн юм шиг хирнээ өвөрмөц санагдсан?
Миний гаргасан гол санаа бол иргэдийн ухамсрын түвшинг өөрчлөхгүйгээр хөгжил ярих нь зөв үү? гэсэн асуултанд хариулт өгөх шийдэл юм. АНУ-д “Advertising council – public service announcements” ашгийн бус байгууллага, БНСУ-д “Korea Broadcast Advertasing Corp”. Японд “AC Japan” нэртэй олон нийтийн төлөөх сурталчилгааны албууд байдаг. Яг ийм албыг Монголд байгуулах нь зүйтэй юм. Энэ алба нь нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг хөндсөн богино хэмжээний сурталчилгаа тогтмол хийж, олон нийтэд цацдаг. Нэг жишээ нь 1998 онд Америкт согтуугаар машин жолоодох явдлын эсрэг сурталчилгааг үр дүнтэй цацсанаар ийм гэмт хэргийн тоо багагүй хувиар бууруулсан байдаг юм билээ. Бид Монголынхоо нийгэмд тулгамдаад байгаа асуудлын шийдлийг харуулсан сурталчилгаа явуулж иргэдийнхээ буруу зуршил, хандлагыг өөрчлөх боломж байна. Өнөөдөр ТВ сувгууд ямар ч хяналтгүй ажилладаг. Танин мэдэхүй, хүний хөгжил, ухамсарт нөлөөлж, хүүхэд залуучуудад мэдлэг түгээх зүйл маш дутмаг байна. Аллага хүчирхийлэл, бэлгийн замбараагүй амьдрал буруу зуршилд хүүхэд, өсвөр үе, залуусыг уруу татсан зүйл ихээр гарч байна. Энэ бүхнийг зохицуулах залруулахын тулд ийм алба байгуулъя, хүүхэд багачууддаа хүргэж байгаа мэдээлэлд хяналт тавихыг санаачилсан юм.
-Харин яаж?
-Нийгэмд тулгамдсан асуудлуудыг хөндөн нийгмийн сэдэвтэй сурталчилгаа хийнэ. Бусад орнуудад ийм үйл ажиллагааг ТББ-ууд бусад эх үүсвэрийн хандив тусламжаар санхүүжүүлэн зохион байгуулдаг. Харин Солонгост Засгийн газар нь дэмжлэг үзүүлдэг. Тэгээд тэд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамжин дахь самбарыг хүртэл ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг маш том салбар байдаг. “Та хогоо битгий хаяарай”, “Та өнөөдрийг үр дүнтэй өнгөрүүлж байна уу?” гэх мэт энгийн мэссежийг маш идэвхтэй хэлбэрээр хүргэж хүний хандлага, алхмыг өөрчлөхөд нөлөөлж чаддаг. Ийм л аргаар нийгэмд зөв өөрчлөлтийг авчирмаар байна. Цаашаа зөвлөх үйлчилгээ гэх мэтээр өргөжинө. Би Монголчууддаа итгэдэг. Бид нэгдвэл яриад байгаа хөгжлийнхөө төлөө хамтран нэгдэж, ухамсар, хандлагааөөрчилж чадна. Үүнд ганцхан түлхэц болохуйц санаа, цөм бий болгох хэрэгтэй гэж харж байна.
Таны энэ төслөөс хүлээж байгаа хүлээлт юу вэ?
Энэ төсөл хувь хүн талаас нь бүх оролцогчдоо маш их хөгжүүлж байгаа нь надад таалагдаж байгаа. Энд оролцож байгаа бүх залуус өөрийн салбар бүртээ их зүйлийг бүтээнэ гэсэн хүлээлт надад байна.
Танд төслийн явц ямар санагдаж байна? Сая гэхэд л та гуравдугаар шатны хасалтаас гарч ирлээ.
Төсөл ерөнхийдөө гэнэтийн зүйлээр дүүрэн байгаа нь их сонирхолтой, хүч сорьж байгаа. Ер нь ийм том хэмжээний төсөл зохион байгуулсан хүмүүстээ маш баярлаж байна. 90 залуусыг нэг дор цуглуулж чиглүүлж байгаа нь маш том хэмжээний ажил юм.
Цаашид өөрийгөө улс төрч гэж харж байна уу, эсвэл нийгмийн хандлагыг өөрчлөгч гэж төсөөлж байна уу?
Улс төрч гэдэг эх орон, иргэдийнхээ сайн сайхны төлөө өөрийгөө зориулан золиослож чаддах хүнийг хэлдэг гэж ойлгодог. Барагтай хүний хийж чадах ажил гэж бодохгүй байна. Гэхдээ би өөрийгөө боловсруулж, хөгжүүлээд хүчээ үзэхэд бэлэн. Харин улс төрд гараад миний нөлөөл бага, үнэхээр нийгэм улс орныхоо хөгжилд сайн үр дүн гаргаж чадахгүй бол өөрийнхөө саналаар огцроод ТББ-аа байгуулан бодитой, үр өгөөжтэй ажил хийнэ. Би амьдралаа эргээд харахад үр хүүхэддээ бахархаад хэлэх хийсэн бүтээсэн зүйлтэй байхыг л хүсдэг.
Ярилцсанд баярлалаа.