Мэдэж мэдрэшгүйг мэдрэх Хиян шүлгийн эрин айсуй

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Мэдэж мэдрэшгүйг мэдрэх Хиян шүлгийн эрин айсуй

Мэдэж мэдрэшгүйг мэдрэх… Д.Нямдоржийн гуравт шүлгүүдийг уншсаны эцэст яруу найргийг ингэж тодорхойлмоор санагдав. Тэгэхлээр энэ нь хязгаарлашгүйн нэгэн агшныг илтгэнэ. Энэ агшнаас хүн болгон өөрийн зөн мэдрэмжийн хэрээр утган уудалж болно. Эсвэл юу ч олж харахгүй ч байж болно. Газрын нүдэн булаг шавхагддаггүй атлаа дундардаггүй шиг.

 

Бие сэтгэл төөрөм

биегүй манан дунд

буга эврээ гээнэм.

 

Юу ч гэсэн хамгийн гадна талаас нь ажихад дундаа цэг, таслал, том үсэггүй нэг л өгүүлбэр. Зохиогч өөрөө ч иймэрхүү маягаар өрж байршуулж. Уг нь бяцхан байгалийн зураглал юм уу гэж бодмоор. Яруу сайхныг яриад яах вэ, ярих ч боломжгүй. Түүний тулд энэ мөрүүдийг олсон эгшин лүү хэд дахин орж гарах хэрэгтэй?!

Хаа нэгтээ их хөвчийн манан дунд бугын эвэр гуужиж. Гэтэл тэр манан нь “бие сэтгэл төөрөм” юм. Энэ чинь арай бидний амьдрал биш биз дээ. Бидний амьдрал “биегүй манан” мөн үү?! Зарим талаараа мөн шүү дээ. Бид яах гэж энэ хорвоод ирж, эргэцсэн юм? Юуны төлөө амьд яваа юм? Хэнийхээ төлөө амьдрах юм? Хэзээ, хаашаа явж байгаа юм? Яах гэж, юугаа булаалдан цуугилдсан юм? Тэгээд хаа хүрэх юм, юунд тулах юм? Яг дээр хэлсэн “бие сэтгэл төөрөм биегүй манан” шиг. Энэ “биегүй манан” дунд юун түрүүн сэтгэл минь төөрдөг өө. Сэтгэл төөрөхлөөр бие дагаад л төөрнө шүү дээ. Нэмээд хэлэхэд тэр хоёроо дагаад хэл минь төөрч, сүүлдээ бүр ээрч муурч гүйцнэ. Үгээ ч олоод хэлчихэж чадахаа болино. “Аягүй аймаар гоё оо…” энэ тэр гээд л элийрч өгнө. Тэгээд энэ дүлий манан дундаас гардаг аргагүй, юм юмаа л гээнэ дээ. Буга ч яах вэ эврээ гээчихэж. Энэ бол байгалийн жам. Бугын эвэр тугалмайлна… дахиад л гуужна… дахиад л… Харин бид юугаа гээсэн бэ? Зарим үед чамд хамаг юмаа гээчихсэн юм шиг мэдрэмж төрдөг үү? Надад лав тийм мэдрэмж төрдөг болсон, хоосон торх, хэрзгэр хэнхэрцэг үлдсэн шиг аймшигтай санагдах үе бий. Тэгэхдээ энэ нь сүүлийн үеийн мэдрэмж л дээ. Бодвол постмодерн нийгмийн мэдрэмж байх. Өнөө үнэ цэнтэй гэсэн хамаг юм маань алга. Энэ чинь тэгээд яах гээд байгаа юм. Шувуун фабрикийн тахиа болох гээд байгаа юм уу? Өндөглөөд л болоо… Фермийн үнээ болох гээд байгаа юм уу? Өвс тавьж өгөөд л болоо. За за больё, жаахан бодох тусам төгсгөл нь аймшигтай… Гурван мөрт шүлгээс болж галзуурчихаад яах вэ. Одоо арай өөр юм ярья.

 

Дэргэдэх горхины чимээ

сарны гэрэл дамжсаар

дэрэнд ирж шингэнэ.

 

Энэ бол сэрлийн цогц. Дуу чимээ өнгө боллоо… Өнгө хүртэмж боллоо. Сартай шөнө уулын ч юм уу, талын ч юм уу горхины дэргэд хоноглохуйн сэрэл мэдрэмж цогцлол болсон байна. Амьдралын хамгийн аз жаргалант мөч. Энэ дуу, энэ өнгө гэрлээр дамжин бие сэтгэл ариусч. Яг дээрх “биегүй манан”-ы эсрэг тал. Бодгалийн яруу сайхны бясалгал. Цэвэр тунгалаг мэдрэмж. Тэгээд лав зүүдэлсэн байх. Тэр зүүд нь сарны зүүд байж таараа. Сар нүүрэн дээр, дэрэн дээр тусахад заавал зүүдэлдэг шүү дээ. Тэгэхдээ энэ зүүдний уг гарваль нь газар эхийн, түүний охин горхины зүүдээр эхэлсэн байх. Гоолиг горхин охины зүүдээр… Харин сүүл рүүгээ яг ямар зүүд зүүдэлснийг нь тааварлаж чадашгүй нь. Уг нь яруу найраг гэдэг чинь ингэж л мэдэж мэдрэшгүйг мэдрүүлдэг юм даа. Харин сүүлийн үед элий балай юм бичсэнээ “Та нар намайг мэдэрч чадахгүй…” хэмээн агсардаг болсон… Авьяасгүйнхээ ард нуугдаж байгаа ухаантай юм. Зүгээр л тэг авьяастан байхгүй юу. Авьяас гэгээн байдаг бол, авьяасгүй нь харанхуй байдаг. Ийм том ялгаатай. Авьяасгүй шүлэгч яг хуурамч бөө шиг худлаа сэгсэлзээд байдаг. Азаар би хоёуланг нь гадарлах юм даа.

Нямдоржийн зарим шүлгийг нүүдлийн иргэншил мэдэхгүй хүн ойлгохгүй зүдэж болох талтай. Гэтэл энэ нь Нямдоржийн асуудал биш, цаад хүний асуудал.

 

Бяслаг дардаг чулуу

бууриа сахиад үлдлээ.

Буцах цаг болж дээ.

 

Бяслагаа мэдэх бил үү? Гэтэл одоо Өмнөд Солонгосын Инчеон нисэх буудлын гаалийн ноход чемоданы цаанаас үнэрээр нь мэддэг болсон эд шүү дээ. Бяслаг дарахаа мэдэх бил үү? “Сыр” биш гэдгийг бодолцоорой. “Сыр”-ыг чулуугаар дардаггүй байлгүй дээ. Тэгэхлээр манай бяслаг бага зэрэг чулууны хольцтой, чулууны амттай бяслаг байгаа юм. Чулуу амтыг хэн ч мэдэхгүй л дээ. Харин бид бол мэднэ. Тэр “бяслаг дардаг чулуу”-г аваад нүүдэг айл гэж үгүй, буурин дээрээ л үлдээнэ. Гол нь намаржаанаас нүүхэд тэндээ л үлддэг. Тэгэхлээр намар цаг байгаа биз. Намар цаг бол юм болгоны буцах цаг. Сэтгэл гэгэлзүүлдэг цаг л даа. Юм болгон дэн дун санагдаад… Мөнх бусыг, хувьсал өөрчлөлт бол ертөнцийн хаан гэдгийг мэдүүлж, мэдрүүлж өгдөг цаг. “Үлгэрий далай”-д гардаг “ертөнц мөнх бусын дөрвөн хязгаар”-ын нэгний ёсоор бол “ирсэн бүхэн” оддог цаг. Нүүдлийн шувууд халуун орон луугаа буцна. “Буцах шувуудийг гаран бүү хар, ирэх шувуудыг харан бүү ор” гэдэг үгийг энэ үед л хэлдэг. Өвс ногооны сөл үндэс лүүгээ буцна, өтгөн их найр хурим өндөрлөх тийшээ буцна, өвөлд бэлдсэн айлууд өвөлжөө лүүгээ буцна, өвгөд хөгшдийн зарим нь өөр ертөнц лүү буцна. Арай сүүлдэж ирээд хөдөөгийн бяцхан жаалууд сургууль руугаа, дотуур байр луугаа буцах ийм л цаг. Ээж минь сүү өргөөд бөртийтөл гаднаа зогсдог нь одоо ч нүдэнд харагдсаар л байна. Бурханд одсон ээжийгээ саначихлаа байна… Ингэж л олныг мэдрүүлээд байгаа юм.

 

Уулын догшин гол.

Урсгалаас нь үсэрсэн загас

агаарт тогтосхийгээд унана.

 

Энэ агшныг олон хүн үзсэн харсан байх. Одоо уншихлаараа “Нээрээ тэгдэг шүү дээ…” гэцгээх байх. Гэтэл тэр олон хүн яагаад одоо болтол үүнийг хэлчихсэнгүй вэ гэдэгт л хэргийн учир байна. “Уулын догшин голын хүү” учраас хэлчихлээ гэж болно л доо. Гэхдээ уулын догшин голын хүү урьд хожид олуулаа л байсан шүү дээ. Тэд хэлэх нь яасан юм? Яагаад заавал Нямдорж гэж? Тэгвэл юмны учир, нумны гичир нь түүнд яруу найргийн билгүүн хараа, билиг авьяас, содон соргог мэдрэмж заяасанд л байгаа юм. Бүү атаархацгаа, эсвэл атаархацгаа. Хүн болгонд энэ нь заяадаггүй юм. За даа, бүх юмыг мөнгөөр худалдан авч болдог болсон энэ цагт гагц мөнгөөр арилжаад авчихаж болдоггүй юм энэ л болов уу даа. Эсвэл бүх эрхтнийг шилжүүлээд суулгадаг болсон энэ цагт шилжүүлэн суулгаж болдоггүй юм энэ л болов уу даа. Энэ цагт ганцхан, ийм яаж ч болдоггүй юм үлдсэнд миний баяртай байгаа гэж жигтэйхэн… Далайн цаадах хүчирхэг гүрний лабо-д ч үүнийг барахгүй гээд ам бардам хэлчихье. Юу нь гайхамшигтай байгаа юм бэ гэж үү? Уулын догшин голыг манай өвөг дээдэс “kiyan” (хияан) гэж нэрлэдэг байсныг нэгэн цагийн дэлхийн түүх бичсэн Персийн эрдэмт хүмүүн Рашид ад-дин бидэнд бичиж үлдээсэн юм. Тэгээд уулын догшин голын урсгал шиг замдаа таарсан юуг ч нэвтлэн шувтлан гарч хүний түүхэнд нэр алдраа дуурсгасан эр зоригтны овог ясны нэрийдэл нь “kiyad” (хияд) болсон юм. Найрагч өөрөө “kiyad” (хияд) ястай эсэхийг мэдэхгүй ч монголчууд эрт цагтаа цөм л “kiyad” (хияд) байсан л даа. Одоо цагийн хүнд ойлгомжтой хэлээр бол “Уулын догшин гол” байсан юм л даа. Учир нь цөм л тийм араншинтай байсан юм. Мөнхийн хөдөлгөөнийг төлөөлсөн тэр догшин урсгалаас тогтворт ганц эгшин, гагц номхон эгшин олж харсанд хамаг учир нь байгаа юм. Тэр гагц эгшин нь урсгалаас үсэрсэн загас буюу амьдын нэгэн ертөнц ажгуу. Амьдын энэ ертөнц угтаа усанд байдаг атлаа агаарт тогтосхийж. Гэвч агаартаа мөнхрөхгүйн учир эргээд усандаа уналаа. Энэ бол гайхамшгийн эгшин мөн. Энэ бол мэдэж мэдрэшгүйн нэгэн эгшин мөн. Загас шувуу хоёр, голын ус, тэнгэр хоёр нэгсэх эгшин, шүлгийн эгшин мөн. Ийм эгшин ховор бөгөөд үнэтэй бол ийм эгшнийг олж мэдрэх нь түүнээс ч ховор бөгөөд үнэтэй билээ. Тэгвэл уулын догшин голын Мөнхийн мэт урсгалд тогтож үлдсэн нэгэн эгшин нь Их Монгол улс байсан юм. Тэгээд ч түүнийг дэлхийн сэтгэгчид “Pax mongolica” буюу “Монголын энх амгалан” хэмээн нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цагийн догшин урсгал дундах энх амгалангийн гагц эгшин.  Нэг зуун жил, хэдэн зуун жил гэдэг нь хамаагүй, цагийн хязгааргүй урсгал дунд аль нь ч нэг л эгшин шүү дээ. Гэвч энэ бол миний олж харсан, миний онож  мэдэрсэн зүйл, өөр хэн нэгэн өөр зүйлийг олж мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Тэгэхлээр хиян шүлгийн онцлог нь юу вэ? Тэргүүнд, “Хиян” гэдэг үг нь бидний өөрсдийн бодлоор “Хэний ч илэрхийлээгүй яруу найраг” буюу тухайн яруу найрагчийн  өөрийн үндэстний болон өрөөл бусдын яруу найрагт огт илэрхийлж амжаагүй үг, мэдэж мэдрэшгүйн мэдрэмж байх ёстой. Товчилбоос “хиян” болно. Дэдэд, цагийн догшин урсгалын дундах энх амгалангийн эгшин байх, ирээдүйд мөнхрөн үлдэх үнэн байх, дэсэд, агуу их хиян удмын оюун сэтгэлгээний гүн увдисыг шингээсэн мөрүүд байх эдгээр болно.

Энэ бүхэн хүмүүн, тэнгэр, газар гурвын хүчин, сүлд буян хишгийг хураангуйлсан Хиян гуравтаар эхэлж буй нь юутай  сонин хувь тавилан. Хэтэрхий омог бардам юм шиг сонсдох боловч нэгэн цагт Хиян овогтон дэлхийг эзэрхийлсэн шиг Хиян яруу найраг дэлхийг, хүмүүн төрөлхтнийг аварч мэдэх юм.

Одоо ингээд Хиян шүлгийн тухай, хиян гуравт шүлэг бүрийн тухайд ихийг ярьж болох боловч  яруу найргийн шижир алтан авьяас бидний дунд байгаад, бидний иргэншил соёлоос ийм авьяас төрсөөр байгаад бахархан баясахын сацуу энэ яруу найраг өнөөгийн янгинамал төмөржин эриний төгсгөл байгаасай, хүн эргээд хүмүүн болохын эхлэл байгаасай гэдэг ерөөлийн үгээр өндөрлөе.

Багш” хэмээгдэгч С.Дулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж