&#34Монголын Ардчилал Японы хэвлэлд&#34 үзэсгэлэнгийн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

&#34Монголын Ардчилал Японы хэвлэлд&#34 үзэсгэлэнгийн нээлт болов

Улсын Их Хурлын дарга З.Энхболд "Монголын Ардчилал Японы хэвлэлд" үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.12.08/ Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан гаргаж буй "Монголын Ардчилал Японы хэвлэлд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Тэрээр гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын түүхэнд онцгой үйл явдал болж тэмдэглэгдсэн Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг гадны хүний нүдээр, өөр өнцгөөр, хэрхэн харагдаж байсныг ойлгож мэдрэх нь одоо ч үнэ цэнээ алдахгүй. Монголын ардчилсан хувьсгалын үйл явцыг монголчууд бид олон талаас нь тунгаан ярилцаж байгаа ч гадаад хүн, гадаад ертөнц хэрхэн хүлээж авч байсан нь ихээхэн сонирхол татдаг. Хаалттай улс оронд зориг гарган ирж, үнэн зөв мэдээлэл дамжуулах нь ямар их эрсдэлтэй байсныг одоогийн дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байгаа сэтгүүлчдийн тухай мэдээллээс сонсож, харж, ойлгож, хүндэтгэж байна. Гэрэл зурагчин Хироюки Усами зургийн камераа үүрэн, тухайн үеийн социалист дэгмэлийн олон саад шахалтыг даван туулж хувьсгалын фронт дээрээс сурвалжлага хийн, Японы болон дэлхийн олон нийтэд хүртээж байсан. Түүний уран бүтээлийн сангаас цагаан морин жилийн хувьсгалын халуун үйл явдлууд, Ардчилсан хувьсгалын манлайлагчид-өнөөдрийн бахархалт хүмүүс, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан журмын нөхөд, ардчиллын баатруудын залуу нас, түүхэн үйл явцыг эргэн харж болно гэв.

Японы гэрэл зурагчин Хироюки Усами, тэртээ 25 жилийн өмнө Монголд ирээд -28 хэмийн хүйтэнд зураг авч чадах болов уу гэж санаа зовж байсан ч өнөөдөр 25 жилийн өмнөх Монгол Улсыг өөрийн гэрэл зургуудаараа монголчуудад танилцуулахдаа тун их баяртай байгаагаа хуваалцлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, тухайн үеийн Япон улс эдийн засгаараа дэлхийд гуравдугаарт жагсаж байсан. Тиймээс дэлхийн тэргүүлэгч Япон улсын сонин, хэвлэл дээр гарч байсан 1989 оны Монголын ардчиллын талаарх мэдээллүүд нь дэлхийн олон оронд тархаж байсан болохыг онцлоод өнөөдрийн энэ үзэсгэлэнг үзсэн хүн бүр Ардчилал гэдэг нь тасралтгүй үйл явц гэдгийг ойлгож мэдрэх болно хэмээсэн.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр, Японы гэрэл зурагчин Хироюки Усами, МоАХ-ны анхны тэргүүлэгчдийн төлөөлөл Д.Дарьсүхбаатар, МоАХ-ны анхны гишүүдийн төлөөлөл Б.Хишигбат нар "Монголын Ардчилал Японы хэвлэлд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн туузыг хайчлав.

"Монголын Ардчилал Японы хэвлэлд" гэрэл зургийн үзэсгэлэнд 70 гаруй гэрэл зураг болон 1989-1996 онуудад Японы "Санкэй",  "Ёмирү", "Никкэй", "Асахи", "Маиничи" болон бусад сонин, хэвлэл дээр Монголын талаар гарч байсан мэдээ, нийтлэлийн хуулбаруудыг орчуулгын хамт дэлгэн үзүүлсэн байв. Төрийн ордны Төрийн түүхийн музейд болсон үзэсгэлэнгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж