Сайд нарын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Засгийн газрын танхим маргааш бүрдэж, ажилдаа орно. Шийдлийн танхимд Ерөнхий сайдаас гадна 18 сайд ажиллана. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг онцоллоо.

Шадар сайд У.Хүрэлсүх

Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, улстөрөөс явж байсан У.Хүрэлсүх Ч.Сайханбилэгийн танхимд Монгол Улсын Шадар сайдаар ажиллахаар болж, улстөрд эргэн ирлээ. Батлан хамгаалахын их сургуулийг Улстөрч мэргэжлээр төгссөн тэрээр баялаг намтартай нэгэн. Хэлэх гэснээ хэнээс ч дальдралгүй хэлж, хийе гэснээ зоригондоо хийж явсан түүнийг “Хадгаламж” банкнаас сох дутсан 14 тэрбум төгрөгийн хэрэгт  хамаатуулж ирсэн ч тэр бүрт “Холбогдолгүй” гэдгээ няцаасан хариултыг өгсөөр ирсэн юм. Мөн тэрээр хоёр жилийн өмнө чуулганы танхимын өмнө УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг “шанаадаж” дуулиан тарьж байлаа. Намыг нь элдвээр гоочилсон хэнд ч зохих хариуг нь өгнө гэдэг түүний хувьд Шадар сайдын алба шинэдэхгүй. Учир нь Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж, Хөвсгөлд далайд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай сураггүй болоход аврах ажиллагаа явуулахаар нисдэг тэрэг хөлөглөн Хөвсгөлийг зорьж байв.

Монгол Улсын сайд  М.Энхсайхан

Ч.Сайханбилэгийн засгийн газарт өмнө байгаагүй “Монгол Улсын сайд” гэх орон тоонд тэр очсон. Шударга ёс эвслийн бүлэгт буй МҮАН-д хоёр суудал өгөх гэхээр ихэдчих гээд нэгийг өгөх гэхээр багадчих гээд байсан болохоор “Монгол Улсын сайд” гэх томдуу суудал бэлдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл сайдын суудал дээр хэнийг тавих вэ гэдэг сонголтыг биш хэнд ямар суудал бэлдэх вэ гэдэг тохирооны үр дүн гэж үздэг. Улсын бага хурлын гишүүнээс эхлээд Байнгын хорооны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга. Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан бөгөө Ардчилсан намаас гарч Үндэсний шинэ намыг байгуулан даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний ардчилсан нам болгон солиход даргаар нь сонгогдсон гээд сууж болох даргын суудалд бүгдийг нь дамжиж. 2012 оны сонгуулийн дараа МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад тэрээр Монголын төмөр зам ТӨК-ийн захирлаар томилогдсон ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэх шалтгааны улмаас халагдсан. Гэвч удалгүй “Тавантолгойн цахилгаан станц” төслийн удирдагчаар томилогдсон гэдгээс ч харсан УИХ-д суугаагүй хэдий ч улс төрийн тоглолтод гишүүдээс ч илүүтэй нөлөөлөх чадвартай цөөхөн хүний нэг гэдэг нь батлагдана. Мөн Оюутолгой, Тавантолгойг урагшлуулах даалгавартайгаар энэ засагт яамгүй сайдад нэр дэвшиж байгаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт

Ч.Сайханбилэгийн танхимд ажиллах сайд нараас хамгийн их гар нийлэх хүн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Баярцогт. Эдийн засагч, хуульч эрх зүйч мэргэжилтэй түүнийг Сангийн сайд болж магадгүй гэх “бор шувуу” Ерөнхий сайдыг тодруулахтай зэрэгцэн дуулдсан ч Шийдлийн Засгийн газрын “гал тогоог” барих боллоо. С.Баярын Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад гол ажлыг нугалж, ачааны хүндийг үүрсэн боловч зарим улстөрч түүнээс “Ял асуух нь” бий.  Мартсан оффшор данс ч нэрмээс болдог. Тухайн үед тэрээр “Оффшор дансанд 1 сая ам.доллар л байсан, түүнийгээ би Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бусад орлоготой нэгтгэн мэдүүлсэн” гэх тайлбар хийсэн ч тусыг эс олж, улстөрийн хариуцлага хүлээхээр болж, УИХ-ын дэд даргаас чөлөөлөгдөж байв. Одоо харин Шийдлийн танхимд хэр зөв ажиллахаас олон зүйл хамаарна.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат 

Ардын намд улсын сан хөмрөгийг атгах кадр олон байсан ч энэ удаад УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар зүтгүүлсэн нь “Сэлэнгийн түшээд биенээ лоббидчихов уу” гэх хардлагыг төрүүлээд байна. 2012 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин, С.Баярцогт гишүүний хамтаар сонгогдсон юм. Санхүүч мэргэжилтэй тэрээр Сэлэнгэ аймгийн төсвийг боловсруулж, баталж байснаас улсын төсөв атгаж байгаагүй. Харин санхүү эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсын төсвийг залуурдах болж буй нь олны анхаарлыг татаад байна.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлуулах үеэрээ “Сайд нараа томилуулж авсны дараа 2015 оны төсөвт тодотгол хийнэ” гэдгээ мэдэгдсэн. Ирэх оны төсвийг 1 их наяд төгрөгөөр танах, Оюутолгой төслийг хөдөлгөх, Өрийн удирдлагын тухай хуулийг батлах зэрэг асар их ажил түүнийг хүлээж байна.

Эрчим хүчний сайд Д.Зоригт

Арван жилийн 41 дүгээр дунд сургууль, ЗХУ-ын Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг төгссөн. 1982 оноос гараагаа эхэлж Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Комплексимпорт” нэгдэлд мэргэжилтэн, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдэлд орлогч дарга, “Материалимпекс” нэгдлийн нэгдүгээр орлогч захирал, Төрийн өмчийн агентлагийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга гэж өгссөн. Түүнийг Монгол шуудангийн Д.Зоригт гэж тодорхойлдог. Монгол шуудан банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд салбартаа хямрал гарахаас өмнө банкаа Хадгаламж банкинд өгч өөрөө 2008 онд гишүүнээр сонгогдсон гэгддэг. Түүний эдийн засагч мэргэжлийг нь ашиглаж салбарынх нь голдуу хуулийн төслүүд дээр суулгадаг. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд УИХ-д хууль, сайн хуульчдын хүчээр дахин сонгогдсон нэгэн. Шинээр байгуулагдах засгийн газарт Сангийн сайдын суудал дээр МҮДН фракцид суудал ногдох нь тодорхой болохтой зэрэгцэн мөрийтэй тоглосон гэх хэрэгт холбогдож, хэвлэлээр нэг хэсэг нэрээ дуудуулсан. Намуудын тохиролцооны дүнд Сангийн яам МАН-д шилжсэн цагаас эхлэн энэ талаарх шуугиан ч намдсан.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

75-р сургууль, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. 1990 оноос 2000 он хүртлэх намтар нь улс төрийн ихэнх албан тушаалтнуудтай л адил. Тодорч эхэлсэн үе нь 2000 он. Энэ цаг үеэс эхлэн Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаад улмаар 2009 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр томилогдсон. Ингээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласаар л байна. С.Эрдэнийш өөрсдийн танил тал, хамаатан саднаар хүрээлүүлж, команд бүрдүүлж ажилладаг хэмээн шүүмжлэгддэг бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд удирдаж байсан салбар, сууж байсан суудлаа Ч.Сайханбилэгийн засагт ч хэвээр хадгалж үлдсэн хоёр сайдын нэг. “С.Эрдэнийн вант улсаар хэн ч оролдож чадахгүй” гэх ажиглагчдын үг үнэн байсныг тэрээр баталлаа. Улс төрд олон жил болсон түүнд олон ч хэрэг холбогдох нь тодорхой. Хамгийн сүүлд л гэхэд түүнийг өөрийн ажиллаж байсан яамныхаа мэдлийн шинээр баригдаж буй албаны барилгын зураг төслийг дураараа өөрчилж, зарим өрөө тасалгааг орон сууцны зориулалтаар ашиглах гэж байсан гэдэг зэм хүртэж байсан. Мөн Баянгол дүүргийг түүний бас нэгэн “вант  улс” гэх нь бий.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн бууриа сэлгэж Засгийн газрын танхимд ажиллах боллоо. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн цагаасаа дипломат албуудыг хашсаар 2009 оноос Ерөнхийлөгчийн зөвлөх болсон байна. Тиймээс Гадаад хэргийн яам мэргэжлийн сайдтай болно гэсэн үг.

Тэрээр хийх ажлынхаа тухай Ерөнхийлөгчид илтгэхдээ “Гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, түрүү, түрүүчийн Засгийн газрын гол чиглэлүүдийг үргэжлүүлэн ажиллах болно. Дээрээс нь төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлын зохицуулалтыг хангахад онцгой анхаарч ажиллана. Ойрын зорилт гэвэл энэ онд болсон ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр ярьсан тохирсон зүйлийг ажил хэрэг болгоход анхаарах. 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах том зорилт бий” хэмээн тодорхойлжээ.

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар

Сү.Батболдын фракцийн хүн. Төрийн албанд 20 жил ажиллаж буй тэрээр У.Хүрэлсүхийг сонгодог МАН-ын бага хурлын үеэр намын генсект хүчтэй яригдаж байсан. Өмнө нь Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд. МАН-ын засгийн газарт Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан хугацаандаа ч холбогдож шалгагдах зүйлд орооцолдоогүй аж. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний их сургуулийг төгссөн. ХБНГУ, Голланд, Швейцар, АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Ардын Намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

МАН өмнөх туршлагаасаа хазайсангүй, гүйцэтгэх засаглалын төвшинд эмэгтэй улстөрчөө нэр дэвшүүллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга тэрээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдсон туршлагатай парламентч. Хэдийгээр эзэмшсэн мэргэжил нь хариуцах салбараас нь хол боловч байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр парламентад дуу хоолойгоо ямагт илэрхийлсээр ирсэн түшээ юм. Тэрээр хийх ажлаа  “Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ногоон бүсийг нэмэгдүүлж экологийн тэнцлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана” хэмээн тодорхойлжээ.

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг

1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. Захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд дарга гээд бусдын адил аажуухан өгссөн. Хамгийн товчоор тодорхойвол “сонгуульд одгүй хүн”. Сонгогдох боломжоо хоёр ч удаа алдсан бөгөөд гишүүн болохынхоо оронд Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх, намынхаа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга зэргийг хийж байсан. Холбогдож байсан ганц л хэргийн түүх байдаг нь “Зөөлөн эх”. Яамнаас Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрөл олгосон атлаа дараа нь шалтгаангүйгээр цуцалснаас үүдэж залилангийн хэрэг 2004 оны үед нэлээд газар авч байжээ. Түүний мэргэжсэн салбар нь нийгмийн хамгаалал. Угтаа бол түүнийг хөдөлмөрийн салбарт биш нийгмийн хамгааллын сайд болгоход жинхэнэ тохирох байв.  Өнгөрсөн сонгуулиар Өвөрхангайд ялсан ч АН-ынханд саналаа луйвардуулсан. Түүнийг  улстөрд залуу, шинэ хүн гэхэд хэцүү.  Гэхдээ нам нь түүнийг гудамжинд хаяагүй гэдгээ харуулж, жил гарны настай сайдын суудлаар шагнав.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой зузаан найзууд, Увс фракцийнх гээд бичвэл Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжавт нөлөөтэй улстөрчид олон. Мөн улстөрд тэр шинэ хүн биш, Ардын их хурлын депутат, Бага хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал гээд хариуцлагатай албыг хашиж байжээ. 2009 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдож, ажилласан түүнийг улстөрд эргэн ирж байгааг 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшихтэй нь холбоотой хэмээн хэвлэлүүд бичиж буй. Тэрээр хийх ажлаа “Хууль зүйн салбарын бүтцийг оновчтой болгож, ажил үүргийн хуваарийг давхцуулахгүй болгох тал дээр ажиллана” гэжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдад Р.Бурмаа

“Давхар дээлтнүүдийг эсэргүүцнэ. УИХ-ын гишүүн хүн сайдаар ажиллах нь буруу” гэх үгийг хамгийн олон, хамгийн чангаар хэлж байсан хүн бол Р.Бурмаа. Гэвч тэрээр одоо өөрөө давхар дээлтэн болж магадгүй нь. 52-р сургууль, БНБАУ-ын Техникийн их сургууль, МУИС-ийн Англи хэлний сургууль, Удирдлагын хөгжлийн институтыг тус тус төгссөн. Электроникийн инженер, Удирдлагын арга зүйч мэргэжилтэй. ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхлээд Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн, Хүүхдийн төлөө төвийн дарга гээд ажилласан. Сонгогчдын Боловсрол төвийн тэргүүн болж байж л олны танил болсон. Дараагаар нь Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Сонгуулийн тогтолцоо, үйл явц, квот зэргий олон жилийн турш шүүмжилний үр дүнд 2012 оноос гишүүнээр сонгогдон гарч ирэх боломжтой болсон. Улмаар Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байжээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн яамыг удирдах болж байна. Түүний хувьд “шинэ дугуй” бүтээнэ гэсэн үг. Үе үеийн УИХ, Засгийн газрын төвшинд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх шаардлага байна гэдгийг ярьж ирсэн ч бие даасан яам байгуулж, бодлогыг зуруулах шийдвэрийг гаргаагүй юм. Ингэснээр аж үйлдвэрийн бодлого аль нэг яамны хавсарга байдлаар хавчуулагдаж ирсэн гэж тодорхойлж болно. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын үед Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барих шийдвэр гарсан ч одоо хэр нь суурь тавигдаагүй. Тэгвэл цаасан дээр зурагдсан төслийг ажил хэрэг болгох нь шинэ сайдын хүлээх үүрэг ч үлдэж байгаа 1.6 жил богино хугацаа. Аж үйлдвэр барихад хугацаа их шаарддаг гэх нь бий. Хэрвээ тэр салбартаа дорвитой ажил хийж чадахгүй бол Ц.Нямдорж нараас эхлээд “барьж идэх” гишүүн УИХ-д цөөнгүй. МҮДН фракцид харьяалагддаг тэрээр Н.Алтанхуягийн танхимыг байгуулагдсан цагаас нь унах хүртэл хамгаалсанаараа хэд, хэдэн дайсантай болсон юм. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ардчилсан намынхаан та нар энэ Д.Эрдэнэбатыгаа зайлуулаач ээ” гэж хашгирч байсан юм. Харин одоо Ч.Сайханбилэгийн танхимд ажиллах итгэлийг намын нөхдөөсөө хүлээлээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид

УИХ-ын гаднаас сонгогдож буй, салбарын асуудлыг мэддэг, дээрээс нь дипломатчийн туршлагатай гэдгээр нь сайдад нэр дэвшүүлжээ. Шонхор фракцийн төлөөлөл. Намтрын хувьд төрийн албанд 29 жилийн түүхтэй. 1958 онд төрсөн. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Улаанбаатар хотын 24-р дунд сургууль, МУИС, Физик математикийн ангийг төгссөн. Японд Шиншюгийн дээд сургуулийг Ээрмэлийн технологийн инженер ээр төгссөн. Мөн тус улсад дипломатын сургалтанд нэг жил сууж байсан. Говь компанид үйлдвэрийн дарга, Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд мэргэжилтэн, Гадаад харилцааны яамны Азийн газар зөвлөх, Монгол Улсаас япон улсад суугаа элчин сайдаар тус тус ажиллаж байгаад 2012 оноос Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан нэгэн. Ардчилсан консерватив үзэлтэй. Ардчилсан оронд боловсрол эзэмшсэн. Ардчиллыг дэмждэг гэдэг ч 1990 оноос өмнө МАХН-ын гишүүнээр хэсэг хугацаанд бүртгэлтэй байсан түүх ч бий. Тиймээс сайдын суудал, эрх мэдлийн төлөө намаасаа урвасан гэх шүүмжлэлийг ч зарим улстөрчийн зүгээс гаргаад байгаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг намын нөхөд нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад дахин зүтгүүллээ. Ерөнхий сайдад нэр дэвших санаа байсан ч Үндэсний зөвлөлдөх хорооны төвшинд дэмжлэг бага тул амбицаа дарж, сайдынхаа албанд хэвээр үлдэх лобби хийсэн нь алдсангүй. Гэхдээ сайдынхаа суудлыг хамгаалж үлдэхэд нэлээд хүч хаясан байх магадлалтай. Учир нь намууд сайд нараа тодруулахаар чөлөө завгүй хуралдах завсар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Гантөмөр хоёр нам дотроо сэлэм эргүүлж мэдэхээр ууртай байгаа тухай “бор шувуу” Төрийн ордонд ниссэн билээ.

Боловсролын салбарынхны хувьд хуучин сайдаа үлдсэнд дээр дооргүй баярлаж буй юм байх. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тус салбарыг хариуцахдаа тоогдсон нь энэ бололтой. Хүүхэдтэй ёс зүйгүй харилцсан багшийн багшлах эрхийг түдгэлзүүлж хариуцлага тооцдог болсон нь эцэг, эхчүүдийн зүгээс “коко” авсан. Харин сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай танил тал нэг нь ажилтай төрөлтэй болж, албан тушаал ахидаг, цалин хөлс өндөр авдаг системийг л унагаж чадахгүй байгаа сураг сонстоно. Уг нь ерөнхий боловсролын дунд сургуульд багшлах багшийг сонгон шалгаруулахдаа шалгалт авдаг болжээ. Ингэснээр сургуулийн захиралд өгдөг байсан авлигад ямар нэг байдлаар хязгаарлалт болж байгаа ч шалгалтын хэсгийнхэн нь “Нэг сая төгрөг өгчихвөл шалгалтад тэнцүүлнэ” гэх ханш тогтоож, амжсан байна. Үүнтэй салбар хариуцсан сайд нь “дайн зарлаж” зогсоохгүй бол түмний хүүхэд л хохирно.

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайдад нэр дэвшлээ. Мэргэжлийн хүн томилогдоод өөд татаж чадаагүй салбарыг мэргэжлийн бус хүн удирдахаар юу болж дуусах вэ гэдэгт санаа зовних хүн олон байгаа ч МАХН-ынханы хувьд “ротаци” гэдэг зүйл чухал байж, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо гэдэг шиг сайдын суудал руу зүтгүүллээ. Уг нь сайдын алба түүний хувьд шинэ зүйл биш, М.Энхболдын Засгийн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан юм. Энэ туршлагаа бодсон уу, Эрүүл мэндийн яамыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар солих “наймааг” тус намынхан хийх гэж оролдсон ч МАН зөвшөөрөөгүй тухай сонстоно.

Зам тээврийн сайд Н.Төмөрхүү

2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн тойрогт МАН-аас С.Чинзоригийн хамт нэр дэвшиж, сонгогчдын олонхийн санал авсан ч насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх үндэслэлээр мултарсан нэгэн. Өнгөрөгч сонгуулийн дараагаас л нэр нь тодорсон бөгөөд Зам тээвэр, Барилга Хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болохоор шийдсэн. “Тусгаар тогтнолын ордон”-г барьсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж буй бөгөөд түүний компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт, зэрэг 10 гаруй чиглэлээр ажиллаж буй. Өнгөрөгч сонгуулиар гишүүн болж чадаагүйгээс нэлээд хэмжээний өртэй болж орхисон гэдэг. НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Сонгуулийн үеэр бага насны хүүхэд сурталчилгаандаа ашигласан гэдгээс гадна анкетаа худал бүрдүүлсэн гэх хэрэгт нэр холбогдсон. Тэрээр 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн гэж бичиж МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны эрхлэгчийн тодорхойлолтод “Н.Төмөрхүү нь 1994 онд МУИС-д элсэн орсон боловч төгсөөгүй” нь сонгуулийн үеэр дэлгэгдэж байжээ.

Батлан хамгаалахын сайд  Ц.Цолмон

Түүний Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга гэх суудал Батлан хамгаалах яамны сайдын энд очиход ихээхэн түлхэц болжээ. 2012 онд Монголын Үндэсний шинэ намынхаа хамтаар хадаг барин очиж МҮАН-ын квотоор гишүүнээр сонгогдсон ч явцын дунд МАХН-д элссэн юм. Ингээд тэрээр МАХН-ын квотоор сайд болох нь тэр. Намтар түүхийн хувьд онцгойроод байх зүйл байхгүй ч улс төрийн тоглолтод хашир туршлагатай байдаг чанар нь хэргээ гаргасан аж. Архангай аймгийн дунд сургууль, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, Намын дээд сургууль, Москвагийн Дипломатын академи тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. 1976 оноос Махконсервын комбинатад цахилгааны инженер, Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд инженер, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч, Гадаад явдлын яаманд хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан. Мөн Хөдөлмөрийн сайдаар томилогдон ажиллаж байгаад ЮНЕСКО-ийн Үндэсний комисст Ерөнхий нарийн бичгийн дарга, Болгар улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, Оросын Холбооны Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын албыг, Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Шинэ Намын даргаар тус тус ажиллаж байжээ. Хэд, хэдэн намын өвөр дамжсан түүнийг МАХН дотроос эсэргүүцэх хүн багагүй байсан гэх.

Г.ДАРЬ, Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж