Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 34 настай нэгэн эмэгтэй амь насаа
алджээ. Тэрбээр хэн нэгэн гэмт хэрэгтэнд бус тангараг өргөсөн эмчээс
тусламж хүсээд амь насаа алдлаа. Талийгаач 34 настай Т.Золжаргал нь
жирэмсэн болоод таван сар болж байсан бөгөөд ургаа хөндүүлэхээр
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч
Н.Алтанцэцэгт хандсан аж. Ураг бүрэлдсэний дараагийн гурван сарын
хугацаанд эхчүүдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, өөрсдийнх нь
хүсэлтээр үр хөнддөг. Гэтэл талийгаач эмэгтэйн ураг хугацаанаасаа хоёр
гаруй илүү байсанг мэдсээр байсан атлаа эмэгтэйчүүдийн их эмч хүн үр
хөндөхийг зөвшөөрч хүний аминд хүрчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж
байгаагаар үр хөндсөн их эмч “Ачит эх” хувийн эмнэлэгт ажиллаж байхдаа
одоогоос гурван жилийн өмнө III сарын 7-ны өдөр хугацаа хэтэрсэн
ургийг хөндөх гэж байгаад бас нэг эмэгтэйн амийг егүүтгэж байсан аж.
Тухайн үед хууль хяналтын байгууллага гэм буруутай үйлдэлд нь
хариуцлага тооцон эмчлэх эрхийг нь цуцалсан юм. Гэсэн ч тэрээр
эмэгтэйчүүдийн үзлэг хийж, үр хөндөлтөө үргэлжлүүлсээр байсаныг
цагдаагийнхан тогтоогоод байна.
Үр
хөндүүлсэн эмэгтэй их хэмжээний цус алдаж эхлэнгүүт тус эмнэлгийнхэн
харьяа III төрөх газар хүргэсэн гэнэ. Эмэгтэйн бие ямархуу байдалтай
байсан, амийг нь аврах боломж байсан эсэхийг тус эмнэлгийн ерөнхий эмч
Д.Бат-Очироос тодрууллаа.
-Та баярын өдөр ажиллаж байсан уу. Талийгаачийн биеийн байдал ямар байсан бэ?
-Таванжин
овогтой Золжаргал гэдэг 34 настай, дөрөв дэх удаагийн
жирэмслэлттэй, таван сар хагастай ураг тээсэн эмэгтэй манай төрөх
газар шөнийн 02.00 цагийн үед ирсэн. Хүнд хүн ирлээ гээд бид нар
дуудагдаж ирсэн л дээ. Талийгаач эмэгтэй энэ сарын 6-нд анх
Н.Алтанцэцэг эмч дээр очоод тариа хийлгэсэн гэсэн. Маргааш нь дахин
очиход арай болоогүй байна гээд явуулсан юм билээ. Тэр өдрийн 19 цагийн
үед цус гараад байхаар нь дахин эмч дээрээ очиход III хороололд нэг
эмнэлэг рүү дагуулж яваад, дараа нь “Хатагтай” эмнэлэг дээр тэднийг
аваачсан гэж нөхөр нь ярьж байна лээ. Манайд ирэхдээ ухаангүй, даралт
нь унасан, маш их хэмжээний цус алдсан, амьсгалах төдий байсан. Ингээд
бид ямар арга хэмжээ авч болохыг зөвлөлдөөд Гавьяат эмч Б.Бүлтэн, мэс
заслын зөвлөх их эмч н.Жаргалбадрах, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
гээд олон туршлагатай эмч нарын бүрэлдэхүүнтэй яаралтай мэс засал
хийсэн боловч мэс заслын орон дээр 03.15 цагт амьсгал хураасан.
-Амийг нь аврах боломж үнэхээр байгаагүй юу. Тэр эмч ямар тариа хийсэн юм бол?
-Эх
баригч, их эмчийнхээ хувьд ямар тариа хийсэнг гадарлаж байна.
Гэхдээ тухайн үед тэр хүн чухам яг ямар тариа хийснийг нь мэдэхгүй.
Амийг нь аврах гэж түүнд гурван литр гаруй цус хийж, шаардлагатай бүх
эмчилгээ хийсэн ч биеийн байдал нь маш хүнд байсан учир тус
болсонгүй. Талийгаачийн сав нь цоорсон учир ураг, сав, умай нь
хэвлийдээ хөвж байсан. Ядаж нэг цагийн өмнө авчирсан бол амийг нь
аврах боломж байсан байх.
-Н.Алтанцэцэг эмч өмнө нь ийм хэрэг үйлдэж, хүний амь нас хохироож байсан гэсэн. Эмчлэх эрхгүй хүн байсан юм биш үү?
-Тэр
үнэн. Одоогоос хоёр жилийн өмнө байх, нэг эмэгтэйд үр хөндөлт хийгээд
III сарын 7-ны өдөр хүндэрлээ гээд манай эмнэлэгт авчирч байсан. Тэр
эмэгтэй бас амьсгал хурааж байсан юм. Зүй нь 12 долоо хоногоос илүү
тээлттэй ургийг хөндөх ёсгүй. Түүний эмчлэх эрхийн тухай би мэдэхгүй
гэв.
Үр хөндөх хугацаанаас хэтэрсэн ургийг
хөндөх үндэслэл байдаг юм байна. Жирэмсний хяналтын явцад ураг
гажигтай болох нь тогтоогдсон, эхийн эрүүл мэнд хүндэрсэн, цаашид тээх
боломжгүй, амь насанд халтай үед эмч нарын зөвлөгөөнөөр орж энэ
асуудлыг шийддэг гэнэ. Нийслэл хотод албан ёсны бүртгэлтэй
эмэгтэйчүүдийн 100 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 20
эмнэлэг үр хөндөх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж болох магадлан
итгэмжлэлтэй аж.
Т.Золжаргалыг амьсгал хураасны
дараа ар гэрийнхэн нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл
гаргасан аж. Цагдаагийнхан хэргийн газарт ажиллаж, шаардлагатай
баримтыг цуглуулжээ. Гэхдээ одоогоор эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа
гэнэ. Үр хөндөлт хийсэн их эмч Н.Алтанцэцэгийн гэм буруутай эсэх нь
одоогоор тогтоогдоогүй байгаа учир Ганцхудагт саатуулалгүй гадуур
шалгаж эхэлжээ.
Х.СҮрэн