“Цаашид ч иргэдийн оролцооны төлөө явна”

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

“Цаашид ч иргэдийн оролцооны төлөө явна”

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн босгон дээр ШАХ-ийн Гүйцэтгэх захирал А.Саруултай ярилцлаа. А.Саруул Ардчилсан Германы Иена хотын Их сургууль дүүргэсэн. 1999 онд ХБНГУ-ын Марбургийн Их сургуульд "Монголын ардчиллын боломж" сэдвээр улс төрийн доктор цол хамгаалсан. Барилгын Зургийн Институтд социологч, МУИС, ШУТИС-д герман хэл, философийн багш зэрэг олон ажил хийж иржээ.

-Та анх хэрхэн МоАХ-ны эгнээнд нэгдсэн бэ?

-1988 онд төгсөж ирээд Улсын барилгын зургийн институтийн эрдэм шинжилгээний секторт социологчиор ажилласан. Манай байгууллага 1989 оны ардчиллын хөдөлгөөний хошуучлагчдын нэг байлаа. Нууц хурлууд зохион байгуулж, сонсгол дээр Баабараар яриа хийлгэж, анх СБ талбай дээр ажил хаялт зарлаж, суулт хийж байв. Талбайгаас ажил руугаа ирэхэд институтын хүүхнүүд шатаар эгнэж зогсоод, биднийг муухай харж "гэртээ нөхрийнхөө хоолыг хийгээд сууж байхгүй, онгироо юмнууд" гээд ширэв татацгааж байв. Нямсүрэн ахлаад, бид дагаад л, Саранцацралт, Туул гээд тун олон идэвхтэй залуус байсан. Манай байгууллагын МАХН-ын хорооны талаар "цаасаар ажил явуулдаг" гэсэн дүгнэлт гарсан тухай Ц.Сүхээ эгч надад дуулгахад би хотын намын хорооноос дүгнэлтийг нь авчраад, бид том цаасан дээр график зурж, шатны хажуугийн самбарт өлгөн, өглөөний сонсгол дээр бөөн л юм болгож байлаа. МХЗЭ-ийн дарга нь ямар ч утгагүй оноо тавьдаг, намын даргаа дагаж намирсан нөхөр байв. Оноогоо ямар учиртайг ч хэлэхгүй, юм л бол оноо тавьж, загнана. Залуучууд утга учиргүй сүрдүүлгэд дургүйцэн, эвлэлийн батлахаасаа зургаа хуулж, тэр нөхрийн өмнө батлахуудаа хаяад эвлэлээс гарч байв. Манай байгууллага, УБДС, СБ талбай, Ялалтын талбай, Залуучуудын соёлын төв, ер нь хаана л цуглаан болно би тэнд очиж дэмждэг, хуралд нь сууж байлаа. Ер нь нэг ч жагсаал алгасаагүй. Хүмүүстэй уулзаж ярина, маргана. СБ талбай дээр санал асуулга, судалгаа авах ажилд идэвхтэй оролцож байв. МоАХ-ны анхдугаар Их хуралд байгууллагынхаа төлөөлөгчөөр орж, үнэхээр сайхан үг, илтгэл сонссон. Ийм олон хүн үзэл бодол нэгтэй явдагт их баярлаж билээ. 1994 онд улс төрийн ухаанаар хамгаалах боломж олоод Герман явсан. "Хонхны дуу"-ны цомог манай байгууллагын, найз нарын минь сүлд дуу байсан даа.

-Ардчиллыг сонгосон учир юу вэ?

-Намайг дээд сургууль төгсөж байхад перестройка эхэлсэн. Москвагийн Их сургуулийн профессор манай сургууль дээр лекц уншихад оюутнууд нь дэмжиж, багш нар нь эмээсэн байдалтай байсан. Яг санаанд нийцсэн илтгэл байсан. Герман оюутнууд нийгэмдээ сэтгэл хангалуун бус байсан үе. Манай хотод 1987 онд хэд хэдэн жагсаал болж, жагсагчдыг стадионд барьж хорьсон. Хоёр ч герман найз маань 24 цагийн дотор гэр орноо орхин, Баруун Герман руу хөөгдөн гарсан. Нэг нь "Надтай битгий уулз, чамайг аягүй бол мөрдөж байгаа шүү" гэж хэлээд сураггүй болсон. Манай ангийн хамгийн ухаантай, эсэргүү юм ярьдаг залуу төгсөөд мөн л хавчигдаж, шар айрагны газар зөөгч болж байв. Анги бүр нэг мэдээлэгчтэй, тэр нь ангийнхныгаа матаж хөөлгөх зэрэг эвгүй л байлаа. Германд баруун, зүүний мэдээг харьцуулж үзнэ. Чернобылийн станц дэлбэрэхэд барууныхаар бодит байдлыг мэдээлж байхад зүүнийхэн ямар ч аюулгүй, ганц хүн түлэгдсэн мэт тархи угааж байв. Тухайн үед Монголд Украинаас жимсний чанамал олноор нь бэлэглэж байсан нь учиртай. Хэн ч авахгүй учраас ах дүүгийн тусламж болгоод бидэнд өгсөн хэрэг. Зарим улс оюутнуудаа Украинаас шууд татаж байв. Манай Монгол "ах дүүгийн найрамдалдаа үнэнч" гээд бүгд мэдээ ч үгүй үлдсэн. Сурагч байхдаа учрыг нь олохгүй ч хүн үгээ хэлэх эрхгүй байгааг бүдэг бадаг ойлгож байсан. Айдас хүйдсийг ч харж байсан. Дарга нарыг шоолоод шоронд орсон хүмүүсийг мэднэ. Манай гэрийхэн Лоохууз гуай гээд ухаалаг хүний талаар магтаж ярьдаг байлаа. "Үнэн" сонин нь унших ч юмгүй. Ер нь хүүхэд ч гэсэн бачимддаг байсан цаг. Эвлэлд элсэх гээд хөгийн жүжиг тавьдаг байсан. Намын даргаас хүмүүс их эмээнэ. Гэтэл Германд хэдийгээр коммунист улс ч гэлээ улс төрийн товчоогоо фашинг хэмээх хаврын баяраар ёстой нэг шоглоно. Монгол таг чиг … хөлдүү. Ер нь намын даргын аяар хөдөлдөг нийгэм, Оросын колони байх огт таалагддаггүй байсан. Оросыг шүүмжилсэн хэн ч хоолноосоо сална. Үнэндээ монголчууд оросуудад дургүйцсэнээр ардчиллын давалгаа анх өрнөсөн. Кремлиэс хараат байснаа мартаж болохгүй. Үндэсний үзэлтнүүдэд халтай он жилүүдийг бид мартах учиргүй. 

-Санаанд тод үлдсэн дурсамжаасаа хуваалцвал?

-12 сарын 10-ны Залуучуудын Соёлын төвийн гадаа Хүний эрхийн түгээмэл тунхагийн тухай ярьж, МоАХ байгуулагдсаныг зарласан, хаврын жагсаал цуглаанууд, өлсгөлөн, СБ талбай дээр шаардах бичиг өгч, ордноос гарч ирсэн Лувсанцэрэн гуайд гардуулсан…МоАХ-ны анхдугаар их хурлын индэр дээрээс "Цахилгаан гэж нөхөр цонхоороо гараад зугтсан" гэж хэлж байв. Тэр үед хэний санаанд багтах вэ, том дарга хүн иргэдээсээ зугтана гэж. Мөн манай ах телевизээр МИУС-ийн багш нарын хамт "Далай ээжийг зоосны нүхээр харж болохгүй" хэмээн шаардаж байсан нь үнэхээр бахархмаар. Бат-Үүл тэргүүтэй нөхөд шөнө дөлөөр нууц бичиг нааж, Дарь.Сүхбаатар нар "Шинэ толь" сонин гаргаж, анхдугаар их хурлын танхимд орж ирэхэд "Ардчилал" сонины дугаарыг сандлын түшлэгүүд дээр тарааж тавьсан байсан, СБ талбай дүүрэн хүн, уур цан савсуулан жагсдаг байсан гээд мартагдашгүй олон дурсамж бий. "Анхны 7" гэж байх ёстой гээд С.Зориг, Элбэгдорж, Буян Жагаа, Дарь Сүхбаатар, Нинж, Бошигт гуай зэрэг олон идэвхтнүүдийн зохион байгуулах хуралд сууж байтал С.Зориг "Анхны 7-д эмэгтэй хүн байвал яасан юм, чи Германд философ сурсан хүн, чиний онолын мэдлэг хэрэгтэй" гэв. Зарим нь дэмжиж байв. Надад их хэцүү санагдаж "Би эхлээд илүү ихийг сурах ёстой, одоо та бүхнийг дэмжиж л явна" гэж хэлээд больж байсан.

-Өлсгөлөнгийн үеэр ч юм уу, сэтгэл санаа түгших үе байсан уу?

-Сэтгэл түгшилгүй яахав. Тэр үед хүмүүс олуулаа талбай дүүргэдэг байсан учраас итгэлтэй байсан ч санаа зовж байлаа. ТВ-ээр дугуй ширээний уулзалт гарч, огцруулах шаардах бичгийн агуулгыг сонсоод их баярласан. Өлсгөлөн зарлаж байхад лам нар ирж мөргөл үйлдэхэд үнэхээр баярласан. МАХН, тэдний дэмжигчдийн ухуулга үнэхээр бүдүүлэг, бохир санагдаж байлаа. Одоо ч тэр хэвээрээ байна. Миний үеэл, талийгаач Раднаагийн Тулай өвөг эцгийнхээ чонон дээлийг өмсөөд, өлсгөлөнд оролцож байсан. Аав нь мэдээж, хүүдээ санаа зовж бухимдаж байсан.

2008 онд сонгуулийн луйврыг эсэргүүцсэн тайван цуглааныг МАХН-ын удирдлага үл ойшоосноос иргэдийн бухимдал дээд цэгтээ тулсан. Усны машинаар шүршихэд л хүмүүс тарах байтал албаар байрыг эзгүй орхин, хүмүүсийг турхирах хэрэг байсан юм уу? Хэдэн өдрийн дараа нөхдийнхөө хамт хэвлэлийн бага хурал зарлаж, амандаа скоч наан шууд талбай руу алхсан. Гэр бүлийнхнээс зарим нь дэмжиж суусан. Тэр үед ная хүрч явсан Рагчаа эмээ ч ирж суусан. СБД цагдаа дуудлаа гэхээр нь ямар ч мэдэгдэл хүлээлгүй очиж уулзсан, шүүгч Туяа шууд 14 хоног өгсөн. Ингээд шүүгчийн ажлын өрөөнөөс яллагдаад, Дэнжийн мянга руу ачигдсан. Тэнд хэн ч хүмүүждэггүй, зүгээр л өлсөж цангасан, хэрэлдсэн, хир дагандаа баригдсан хөөрхийс байдаг. Хоолонд нь хоргол хөвөөд л…ГУЛАГ-ийн нормтой. Хадам аав, хүргэн хүү гээд гэр бүлийн бизнесийн алба байна билээ. Үнэгүй боол авч барилга, ногооны талбайд ажиллуулна. Хараал ерөөлийг ч сурсан даа.

-Ер нь олон сайхан зүйл бий боллоо, гэсэн ч хүмүүс сэтгэл дундуур байх шиг ээ?

-Өнөөгийнх шиг ингэж эрх баригчдыг зүхэх боломжгүй байсныг залуучууд төсөөлөхгүй байх. Мэдээж онолын хувьд олон нам байна, сонгууль явж байна гээд зөв л байна. Харин ардчиллын амин сүнс амилж бүрэн чадсангүй. Тэр бол иргэд улс төрд оролцох, бие даан шийдвэр гаргах эрхтэй байх явдал. Иргэдэд төрийн буруу шийдвэрийг залруулах, бие даан санал хураалт явуулах эрх өгсөнгүй. Хууль батлахаас өмнө иргэдээр хэлэлцүүлдэггүй. Иргэдэд хуулийг цуцлах эрх олдсонгүй. Иргэд бие даан шийдвэр гаргах, орон нутгийнхаа асуудлыг шийдэх эрхээ олж авсангүй. Иргэдийн нийтийн хурал гээд ямар ч амьгүй, эрхгүй, утгагүй бүтэц. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь намын хавсарга. Нутгийн удирдлагын холбоо гэж ТББ нь аанай л намын байгууллага. Ардчилал иргэдийн амьдралд мэдрэгдсэнгүй, иргэд эрхээ шаардахаас илүүтэй дарга нарыг зүхэх төвшинд байна. Ардчилал нь ялж чадаагүй байхад хэдийнээ бүх гажиг буруу бүхнийг ардчиллын буруу хэмээн хар сурталчилгаа их хийж байна. Авторитар дэглэмийн сонгодог шинж бол сөрөг хүчнээ хүлээн зөвшөөрөхгүй, юм л бол эрүүжүүлэх, том тоглогчдын хувийн чанартай, тэрсэлдээнд улс төрийг ашиглах явдал. 2008 он хүртэл ардчилал ялсангүй, авторитар дэглэм л тогтсон хэрэг. Ийм нөхцөлд юун иргэдэд эрх өгөх вэ! Одоо иргэдийн оролцооны хуулиа баталж, иргэдэд нь хууль санаачлах, хуулийг залруулах санал хураалт явуулах, бие даан санаачлага гаргах, шийдвэр гаргах тэр бүх эрхийг нь өгөх хэрэгтэй. Томчуудыг дагаж талцдаг нийгэм хэзээ ч авилгаас салахгүй, хэзээ ч хөгжихгүй…цаашид иргэдийн оролцооны төлөө явна аа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Б.ХАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж