Тендерийн хуулийг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Тендерийн хуулийг дэмжихгүй

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж гурван асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай  буюу Тендерийн хуулийг дэмжих шаардлагагүй гэсэн бол  Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай хуулийн  төслүүдийг дэмжихээр болсон байна. Тендерийн хуулийг дэмжихгүй гэсний  шалтгаан нь олон улсын тендер шалгаруулалтад  баримталдаг ил, тод хариуцлагатай байх, өрсөлдөх тэгш боломжтой,  үр ашигтай, хэмнэлттэй  байх зэрэг зарчмыг зөрчсөн гэж  үзжээ. Мөн улстөрийн алба хаагч тендерийг өөрсдөө мэдэж шийдэж байхаар зохицуулалт хийсэн нь эрх мэдэлтний оролцоо бага байх гэсэн зарчмыг алдагдуулж байна гэлээ. Түүнчлэн орон нутагт эрх мэдэл шилжүүлэх асуудал нэлээд хумигдахаар байгаа, тендерийн шалгаруулах хугацааг 10-15 хоногоор тооцсон нь үр дүн хариуцлага бага байна гэж үзжээ.

Шинэ Засгийн газар бодлого үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулах шаардлагатай гэжээ. Учир нь өмнөх Засгийн газрын үед өргөн баригдсан хуулийн төсөл нь шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бодлоготой нийцэж байгаа эсэхийг эргэж харах  шаардлагатай гэлээ.

МАН-ын бүлгийн хэлэлцсэн дараагийн асуудал нь Зөвшөөрлийн тухай хууль юм. Засгийн газар жил гаран ажилласан энэ хуулийн төсөлд лиценз, зөвшөөрлийн тоог цөөлөх, тусгай зөвшөөрөл өгөх чиглэлээр үүсээд байгаа хүнд суртал, авлигыг таслан зогсоож баялаг бүтээгчдээ дэмжих ёстой гэж  үзжээ.  Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай хуулийн төслийг мөн дэмжинэ гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж