Стресс тест хийх 91 банкийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Стресс тест хийх 91 банкийг зарлалаа

“Стресс тест” хийх 91 банкны нэрийг Европын Холбоо зарлалаа. Эдгээр банкны тоонд Их Британийн дөрвөн том банк болох “HSBC”, “Royal Bank of Scotland”, “Lloyds”, “Barclays” нар багтаж байгаа бөгөөд Европын банкны титанууд болох “Deutsche Bank”, “BNP Paribas” нар мөн орж байна. Уг тест нь Европын банкнууд ирээдүйд учирч болох санхүүгийн шоконд хэр бэлтгэлтэй байгааг сорих юм байна. Европын Холбооноос гаргасан жагсаалт нь анх зургаадугаар сард дэвшүүлж байсан банкны тооноос хамаагүй олон банкийг хамруулсан байна. Уг жагсаалтыг зарласан Европын Холбооны Банкны Шалгалтын Хороо дээрх банкнууд нь нийтдээ Европын Холбооны банкны секторын 65 хувийг төлөөлж байгаа бөгөөд улс бүрийн банкны секторын 50-иас дээш хувийг төлөөлүүлэхээр давхар бодолцсон гэж мэдэгдсэн байна.

Их Британийн дөрвөн банк Европын Холбооны шалгалтыг амжилттай давж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Их Британийн Санхүүгийн үйлчилгээний зохицуулах газар үзэж байна гэж “BBC”-гийн бизнесийн албаны редактор Роберт Пестон ярьж байна. Энэ шалгалт-туршилтыг явуулснаар Европын банкнууд “эрүүл бөгөөд бат бөх” байгааг харуулах болно гэж Францын эдийн засгийн сайд Кристин Лагарде ярьжээ. Европын зарим банкнуудын төлбөрийн балансанд Грек, Испани, Португаль зэрэг улсуудын бонднууд сөргөөр нөлөөлж байгаа талаар сэжиг таамаг байгаа. Санхүүгийн хямралын үеэр дээрх орнуудын гаргасан бонднууд үнэ цэнээ их хэмжээгээр алдсан. Банкнууд мөн капиталын илүү хатуу шалгуурыг хангах ёстой болж байгаа бөгөөд өмнөхөөсөө илүү татвар, нэмэлт зохицуулалтуудад хамрагдаж байгаа.

Энэ бол Европын банкнууд анх удаагаа шалгалт-туршилтаар орж байгаа тохиолдол биш. Өнгөрсөн жил 22 банкинд Европын Холбооноос шалгалт хийсэн юм. Харин энэ жил анх удаагаа илүү олон банкийг хамруулж байгаа бөгөөд Германы “Landesbanken” гэх мэт санхүүгийн хувьд хамгийн томуудад багтахгүй ч сул талаараа санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэхэд нөлөөлдөг банкнуудыг хамруулж байгаагаараа онцлог байна. Шалгалт, туршилтыг 7 сарын 23-нд явуулах болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж