-Сая та илтгэлдээ “Ардчилсан хүчний холбоо Засгийн газрыг унагаахын төлөө байгууллага биш ээ” гэж хэлсэн. Таны хэлсэн үг, анхдугаар их хурлын үр дүн үүнийг нотолж чадах болов уу?
-Бид сая Монголын нийгэмд юу нь гацчихаад байгаа, гацааг яаж арилгах талаар маш тодорхой саналууд хэллээ шүү дээ. Rull of low буюу хууль дээдлэх ёс гэдэг юм байхгүйгээс ардчилсан нийгмийн инститүциуд ажиллахгүй байна. Ард түмнээс сонгогдсон парламент, Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой атал шийдвэрүүд дандаа ард түмний олонхийн эсрэг гарч байгаа шүү дээ.
-Хэрвээ нийгмийн шинэчлэлийн хүрээнд та бүхний дэвшүүлсэн зорилт хэрэгжихгүй бол яах вэ. Засгийн газрыг огцруулах уу?
-Засгийн газрыг огцруулах нь манай холбооны туйлын зорилго биш. Бидний хувьд Засгийн газрын олж харж чадахгүй байгаа маш олон боломжит хөтөлбөрүүдийг санал болгоно. Олон түмэнтэйгээ зөвлөсөн маш сайн хөтөлбөрийг ил тод болгож, хэрэгжүүлэхийн төлөө л явна.
-Холбоо байгуулагдсан цагаас л эхэлж яригдсан зүйл л дээ. Төрийн эрх барилцаж байгаа намын төлөөлөл болсон УИХ-ын гишүүд, намын лидер гэгддэг хүмүүс яагаад парламент дотор энэ үгээ хэлж, хэрэгжүүлж болохгүй байгаа юм бэ гэж. Үүсгэн байгуулагчид дотор Засгийн газрын гишүүд хүртэл байгаа шүү дээ?
-Өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа механизм маань өөрөө буруу байгаад байгаа учраас шийдвэр дандаа буруу гараад байна. Бид энд шийдвэрээ гаргаад, доош нь хүргэдэг механизмаар л явж ирлээ шүү дээ, яг ерэн оноос өмнөх шиг. Хуучин УТТ гэж байсан бол өнөөдөр УИХ-д олонхи намын шийдвэр л гарч байна шүү дээ. Одоо бид дээрээс биш, доороос санал санаачлагуудыг гаргадаг, түүнийг шийдвэр болгож хувиргадаг байя, эсрэгээр нь явья л гэж байна.
-Та өөрөө жишээ нь УИХ-ын хамгийн том байнгын хороог толгойлдог, дээр нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн хүн. Гэтэл тэнд хэн, хэний төлөө шийдвэр гаргаад байгаа юм бэ, яагаад өнөөдөр энд ярьж байгаа зүйлээ тэнд ярихгүй байна?
-Би Гүйцэтгэх зөвлөлд байхаа больсон, ээлжтэй учраас энэ жил Г.Батхүү гишүүн Гүйцэтгэх зөвлөлд орсон. Ардчилсан хүчний холбоог зөвхөн Ардчилсан намтай холбож ойлгохгүй байхыг би та нараас байнга хүсч байгаа. Нам бус, төрийн бус байгууллага учраас ардчилсан үзэлтэй, Монголоо шинэчилье гэсэн бодолтой бүх хүнд нээлттэй. Бидний үйл ажиллагаа Ардчилсан намын хүрээнээс хэдийн халиад явчихсан гэсэн үг. Мэдээж УИХ-ын гишүүний хувьд ажиллах боломж өчнөөн байгаа. Гэхдээ ард түмэнтэйгээ зөвлөөгүй шийдвэр явцгүй юм байна гэдэг нь ойлгогдлоо. Энэ зөвлөлдөх механизм, хамтдаа шийдвэр гаргах боломжийг хайж байгаагаараа л онцлог юм. Бид хөгжлийн салаа зам дээр байна. Жишээлэхэд, Тавантолгойн асуудал дээр маш их маргаан гарч байна. Эхнийх нь гадаадын компанид лицензээ маш өндөр үнээр зараад, их өндөр орлого олоод, дараа нь татварын хэдэн төгрөгөөс илүү орлогогүй болох нэг зам байна. Тэгвэл сая, сая 500 мянгаа нэг удаа өгөөд л өнгөрнө. Хоёр дахь нь лицензээ төрийн мэдэлд байлгаад, хамгийн их ажлын байр гаргах төслүүдийг хэрэгжүүлж, нүүрсээ түүхийгээр нь биш боловсруулж гаргах. Тэгвэл эхлээд орж ирж байгаа компаниудаас мөнгө авах боломжгүй болчихож байгаа юм. Өнөөдрийн уушиг дээр үү, маргаашийн өөх дээр үү гэдэг л сонголт. Энэ шийдвэр нэг удаа гараад 30 жил хөдлөхгүй учраас хамгийн хариуцлагатай шийдвэр байх ёстой. Тийм учраас Тавантолгойн асуудлаар бас ард түмнээсээ асууя. Нэг удаа 1.5 саяыг аваад “баяртай” гэх үү, эсвэл өнөөдрөөс эхлээд Тавантолгой дээр ажиллаж байгаа камазуудыг монгол жолоочтой болгоод, ажлын байр гаргаад, маргааш кокс химийн үйлдвэр байгуулаад байнгын орлоготой болох замыг сонгох уу.