Мексикийн Герреро мужийн Игуала хотод хоёр сар гаруйгийн өмнө сураггүй болсон багшийн коллежийн 43 оюутны нэгнийх нь цогцсыг хэн болохыг нь тогтоожээ. Шатсан цогцост ДНК болон бусад шинжилгээ хийснээр хэн болохыг нь тогтоож, ар гэрийхнээр нь таниулсан байна. Хохирогчийн нэрийг Александр Мора гэдэг бөгөөд өнгөрсөн есдүгээр сард бусад оюутны хамт цагдаа нартай мөргөлдсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр ор сураггүй болжээ.
Игуала хотод өнгөрсөн есдүгээр сард мөргөлдөөний үеэр цагдаа нар гал нээснээс зургаан хүн амь үрэгдэж, 25 хүн гэмтэж бэртэн, олон тооны оюутан ор сураггүй болсон юм. Энэ хэрэгт нийт 70 орчим хүнийг баривчилжээ. Үүнд жагсаалын эсрэг хүч хэрэглэх тушаал өгсөн Игуала хотын дарга, цагдаагийн газрын дарга нарыг, мөргөлдөөний үеэр гал нээж, оюутнуудыг хулгайлсан цагдаагийн алба хаагчид, “Guerreros Unidos” бүлэглэлийн хэд хэдэн гишүүн багтжээ. Игуала хотын цагдаа нар эсэргүүцлийн жагсаал хийж, мөргөлдөөн гаргасан хэсэг оюутнуудыг баривчлан, “Guerreros Unidos” гэмт хэргийн бүлэглэлд хүлээлгэн өгснөө хүлээжээ. Гэмт хэргийн бүлэглэл оюутнуудыг Герреро мужийн Кокула гэх өөр нэг жижиг хотод аваачин амийг нь хөнөөж, цогцосыг нь хогийн пункерт шатаасан байжээ.
Үүний зэрэгцээ энэ хэрэг Мексикийн цагдаа болон хар тамхи, гэмт хэргийн бүлэглэлүүдийн хоорондох холбоо сүлбээг илчилж, Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетогийн Засгийн газрын эсрэг ард олны эсэргүүцлийг нэмэгдүүлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС