Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2014.12.05/ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан билээ.
Тэгвэл яг одоо Төрийн ордонд Байнгын хороод хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогтын дэмжих шийдвэр гаргасан бол үргэлжлүүлэн Хууль зүй, Нийгмийн бодлогын байнгын хороод хуралдлаа.
Хуулть зүйн Байнгын хорооны хуралдааны үеэр З.Баянсэлэнгэ гишүүн Хууль зүйн сайдад нэр дэвшигчээс "Өмнөх сайдын шинэчлэлийн бодлоготой ажлаа хэрхэн уялдуулж ажиллах вэ?" гэсэн асуулт асууж, үүнд Д.Дорлигжав "Шинээр шинэчлэлийг эхлүүлэхгүй. Өмнө батлагдсан хуулиудын уялдаа холбоог сайжруулж ажиллана. Хуулийн байгууллагад хүний эрх зөрчигдөх явдал байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Салбартаа ахиц гаргахын тулд эрх зүйн шинэчлэлийг бүрэн гүйцэтгэн ажиллана" гэсэн хариулт өглөө.
Энэ мэтчилэн холбогдох Байнгын хороод Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх бөгөөд үүний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулахаар яаравчилж байна.
Б.ЭНХ