Д.Зоригт: АН-ын гишүүд “Засгийн газраа авч үлдэнэ” гэсэн ч долоон гишүүн ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: АН-ын гишүүд “Засгийн газраа авч үлдэнэ” гэсэн ч долоон гишүүн ирсэнгүй

УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал өргөн барьснаар шинэчлэлийн Засгийн газар өчигдөр гишүүдийн 54.5 хувийн саналаар огцорлоо.
 
Уг санал хураалтад 10 гишүүн оролцоогүй бөгөөд долоо нь АН-ын гишүүн байв. Харин үлдсэн нь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Ч.Улаан, Ц.Оюунбаатар нар байсан бол Бие даагчдын зөвлөлийн гишүүн С.Ганбаатар ч мөн оролцсонгүй. Эрх баригч намын цөөнгүй гишүүн санал хураалтад оролцоогүйтэй холбогдуулан АН-ын гишүүн Д.Зоригтоос зарим асуултад хариулт авлаа.
 
-Засгийн газар огцорлоо. Танай намын долоон гишүүн энэ санал хураалтад ирсэнгүй. Хэрвээ намын гишүүд нь Засгийн газрынхаа эсрэг санал дарж унагасан тохиолдолд намаас хөөх хуулийн заалттай байдаг байх аа? 
 
-Тийм хуулийн заалт бий. Энэ талаар маш тодорхой заасан байгаа. Гэхдээ намаас хөөх асуудлыг бид, энд шийдэхгүй. АН-ын Хяналтын хороо гэж бий. Тэр байгууллагын шийдвэрийг харна.
 
-Та энэ заалтыг тодруулна уу. Ирээгүй гишүүд ямар нэгэн шалтгаан хэлсэн үү? 
 
-Олонхийн бүлгийн гишүүд гарын үсэг зурж, эсрэг санал өгсөн. Мөн цөөнгүй гишүүн эс үйлдэл буюу ирцээ бүрдүүлж, санал хураалтад оролцсонгүй. Энэ тохиолдолд тухайн гишүүдийг намаас хөөх заалт намын дүрэмд маш тодорхой бий. 
 
 
-Танай намынхан бүлгийн хуралдаан дээрээ саналаа нэгтгэж чадаагүйгээс нэр бүхий гишүүд санал хураалтад оролцсонгүй гэж ойлгож болох уу? 
 
-Өчигдөр /уржигдар/ гэхэд манай намын гишүүдийн цөөнгүй нь “Засгийн газраа авч үлдэнэ” гэж байсан. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ тодорхойгүй шалтгаанаар долуулаа ирсэнгүй. 
 
-Одоо тэгэхээр дараагийн Засгийн газрыг хэрхэн бүрдүүлнэ гэсэн үг вэ? 
 
-Ямар ч байсан хуулийн хугацаа буюу 14 хоногийн дотор дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх ёстой. 
 
-Дараагийн Засгийн газрыг зөвшилцлөөр бүрдүүлнэ гэсэн үг үү? 
 
-Улс орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна. Ийм үед парламентад суудалтай намууд зөвшилцөж таарна. Одоо ингээд яриа хөөрөө эхлэх байх гэж бодож байна. 
 
 
-2015 оны төсвийг батлахад есхөн хоногийн хугацаа үлдэж байна. Засгийн газар огцорсонтой холбоотойгоор дахин засварлана гэсэн үг үү. Энэ асуудлыг ямар байдлаар шийдэх бол? 
 
-Төсвийг ямар ч байсан хугацаанд нь шийдэх байх гэж бодож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар дагаад танхим тэр чигээрээ огцорно гэсэн үг. Тийм учраас үүрэг гүйцэтгэх хүмүүсийг сая томилчихлоо. Шадар сайд Д.Тэрбишдагва ахлаад ирэх оныхоо төсвийг батлуулах байх. Нөгөө талаас Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсноор ирэх оны төсөвт тодотгол хийж таарна гэсэн үг. 
 
 
М.Өнөржаргал
эх сурвалж: Info.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж