Д.Зоригт: Би өөрийн хүсэлтээр гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан | News.MN

Д.Зоригт: Би өөрийн хүсэлтээр гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Би өөрийн хүсэлтээр гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьсан

УИХ өнөөдөр гурван гишүүнээр бүл нэмж, 73-уулаа боллоо. Хэдийгээр өмнө нь Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигч тангараг өргөнө гэж яригдаж байсан ч Г.Батхүү л өнөөдөр тангаргаа өргөсөн. Харин Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Д.Зоригт УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр нэрээ татсан байна. Энэ талаар Д.Зоригтоос тодрууллаа. 
 
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс нэрээ татсан гэсэн. Яагаад нэрээ татах болов?
 
-Өвөрхангай аймгийн ард түмэн УИХ-д төлөөлөлгүй нэлээд хугацааг өнгөрөөлөө. Тиймээс ард түмнийхээн сонголтыг хүндэтгээд УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс өөрийн хүсэлтээр өргөдөл гаргаж татгалзсан. Өвөрхангай аймгийн  иргэд УИХ-д төлөөлөлтэй болох, УИХ-ын үйл ажиллагаа ч гацахгүй үргэлжлүүлэх үүднээс нэрээ татсан. 
 
-МАН, АН хоёр нам тохироо хийсэн гэж өчигдөр МАН-ын гишүүд мэдэгдэж байсан. Таныг намаас чинь дарамталсан уу?
 
-Намаас дарамталж, нэрээ тат гэсэн зүйл огт байхгүй. Өвөрхангай аймгийн иргэдээ бодож би өөрийн хүсэлтээр ийм шийдвэр гаргасан. 
 
-Тангараг өргөсөн Г.Батхүүгээс илүү таныг гишүүн болох байсан гэх хүмүүс байна. Гэтэл яагаад Г.Батхүү өнөөдөр тангараг өргөж байгаа юм бол?
 
-Энд улстөрийн наймаа, намын даалгавар, тохироо байхгүй. Би зөвхөн өөрийн хүсэлтээ гаргасан. Шүүхийн процессийн дагуу явагдаж байгаа С.Чинзоригт холбогдох хэрэг үнэн зөвөөр шийдэгдээд, хууль зөрчөөгүй байвал С.Чинзориг УИХ-ын гишүүн болох боломжтой болж байгаа. Г.Батхүү гишүүний өмнөөс бол би юм ярихгүй. Энэ бол цэвэр миний хувийн сонголт. 
 
-Та өргөдлөө хэзээ өгсөн бэ. Бүлгүүд өчигдөр үдийн хавьд тохиролцоонд хүрсэн гэж байсан?
 
-Би өргөдлөө өчигдөр үдээс хойш өгсөн. Намын бүлгүүд тохиролцоо хийсэн эсэхийг би мэдэхгүй байна. 
 
 
Ш.ЧИМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж