Төрийн ордонд өнөөдрийн турш нам, фракц, бүлэглэлээрээ сайдад нэр дэвшигчдийг ярилцсаны эцэст Шийдлийн танхимд ажиллах сайд нарын нэрс эхнээсээ тодроод байна.
Засгийн газар нь 19 сайд, 15 яамтай ажиллахаар болсноос одоогийн байдлаар 17 сайдын нэр тодорхой боллоо. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг хамгийн тэргүүнд сайд нараа тодруулсан бол араас нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, сайд нарынхаа нэрсийг тодрууллаа.
АН-аас есөн сайд дэвшүүлснээс зургаа нь давхар дээлтэй
Эрх баригч хүчин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн С.Баярцогтыг, Гадаад хэргийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Хууль зүйн сайдад Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавыг, Аж үйлдвэрийн сайдад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлсэн байна. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад одоогийн сайд Л.Гантөмөр, Уул уурхайн сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнийг, Хүнс хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Р.Бурмааг, Эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг тус бүр нэр дэвшүүлжээ. Нийт есөн сайдад нэр дэвшүүлснээс гурав нь парламентын гаднаас бусад нь давхар дээлтнүүд гэж тодорхойлж болно.
МАН-ын зургаа сайдын хоёр нь давхар дээлтэй
МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн зургаан сайдын дөрөв нь парламентын гаднаас нэр дэвшсэн бол хоёр нь давхар дээлтэй. Үндсэн чиглэлийн яамдын сайд нар УИХ-аас байх ёстой гэсэн зарчим барьж, Сангийн сайдаар УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролыг дэвшүүлсэн байна. Шадар сайдад МАН Засагт орох эсэхийг шийдэх үеэс нэр нь дуулдсан УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайдад найман жилийн турш Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд хийсэн С.Чинзориг, Зам тээврийн сайдад 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан Н.Төмөрхүү, Барилга хот байгуулалтын сайдад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг нэр дэвшүүллээ.
МАХН-ын хоёр сайд хэн бэ?
Шийдлийн Засгийн газарт хамтрахаа мэдэгдсэн МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг гурван сайдын нэрийг санал болгох ёстой. Эвслийг бүрдүүлэгч МҮАН Монгол Улсын сайдад намын дарга М.Энхсайханыг нэр дэвшүүлжээ. Гэвч эвслийг бүрдүүлэгч МАХН хоёр сайдын нэрээ тодруулж чадахгүй байна. Тус нам сайдуудаа тодруулахаар хуралдаж байна. Батлан хамгаалахын сайдад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлэх болов уу гэсэн таамаг бий бол Эрүүл мэндийн сайдад сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Удвал уу, эсвэл өөр нэр дэвшүүлэх үү гэдэг тодорхойгүй байна. Уг нь МАХН-ын хоёр сайдын нэр тодорхой болчихвол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын даргад сайд нарынхаа нэрийг өргөн мэдүүлэх юм.
МАХН-ыг хүлээн сайдад нэр дэвшигчдээ өргөн мэдүүлж чадахгүй хүлээж сууна. Яг одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол улсын Ерөнхийлөгчтэй сайд нараа зөвшилцөж байна.
Дөрвөн яам ерөнхий чиг үүргийнх байна
1. Гадаад хэргийн яам
2. Сангийн яам,
3. Хууль зүйн яам
4. Байгаль орчин, аялал жуучлалын яам
Чиглэлийн яамд
5. Аж үйлдвэрийн яам
6. Барилга, хот байгуулалтын яам
7. Батлан хамгаалах яам
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
9. Зам, тээврийн яам
10. Уул уурхайн яам
11. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Хүнс, хөдөө аж ахуйн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэнд, спортын яам
АН-аас нэр дэвшсэн сайдууд.
1. ЗГХЭГ-ын дарга: С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд: Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд: Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр
МАН-аас нэр дэвшсэн сайдууд.
1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар
“Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвших сайд.
1. Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд: ?
3. Эрүүл мэнд, спортын сайд: ?
Г.ДАРЬ