МАН-ын сайдад нэр дэвшигчид хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

МАН-ын сайдад нэр дэвшигчид хэн бэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН Шийдлийн Засгийн газарт туршлагатай боловсон хүчнүүдээ сайд болгохоор нэр дэвшүүлжээ.

Бүлгийн дарга С.Бямбацогтын тодотгосноор Шадар сайдад УИХ-д гурван удаа сонгогдож байсан, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд зэрэг албыг хашиж байсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийг, Сангийн сайдад Сэлэнгэ аймгийн Засаг дарга, тус аймгийн Санхүү хэлтсийн дарга, одоо УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-д гурван удаа сонгогдсон, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан, одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролыг нэр  дэвшүүллээ гэлээ.

Зам тээврийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан МАН-ын Бага хурлын гишүүн Д.Цогтбаатарыг, Хөдөлмөрийн сайдад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдаар 8 жил ажилласан, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Н.Чинзоригийг, Зам тээврийн сайдад НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн н.Төмөрхүү нарыг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ.

Үндсэн чиглэлийн сайд УИХ-ын гишүүн байж болно, бусад салбарын сайд гаднаас томилогдоно гэсэн чиглэлийн дагуу зургаан сайдынхаа дөрвийг гаднаас хоёрыг УИХ-аас томилж байгаагаа мэдэгдлээ.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын тодотгосноор ажлын дадлага туршлага, боловсрол, мөн 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшин олонхийн санал авсан ч УИХ-ын гишүүн болж чадаагүй Н.Чинзориг, Ш.Төмөрхүү нарт МАН дэмжлэг үзүүлж сайдад нэр дэвшүүлсэн болохоо мэдэгдсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж