Засгийн газрын гишүүдийн нэрсийг тодруулахаар УИХ дахь намын бүлгүүд дотроо хуралдаж, зөвшилцөж, Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Улс төрд бялуу хуваана гэж том зодоон болж байна. Ер нь энэ том том улстөрийн бүлэглэлүүд улс эх орны том эрх ашиг гэхгүй албан тушаал суудлын төлөө зодоон хийж байна.
Монгол Улсын их хурлын гишүүн хүн ингэж зодолдоод, бялууны хэрүүл хийгээд байх ямар ч шаардлага байхгүй. Ерөнхийлөгчийн хэлж байгаачлан мэргэжлийн Засгийн газар, Монгол Улмын ерөнхий сайд Их хурлаасаа сонгогдоод бусад сайд нь гаднаас байх нь зөв зүйтэй гэж харж байна.
Миний хувьд УИХ-ын гишүүний ажлаа хийгээд явна. Би гишүүний ажлаа хийнэ гэдгээ аль эртнээс хэлсэн. Тэгэхээр энэн зүйлийг УИХ-ын гишүүд, улстөрийн намууд өөрсдөө ухамсарлаад явах ёстой. Одоо ингээд бүлэг фракциуд нь ойлголцохгүй, намууд нь сандал суудлаа булаацалдаад байна. Ийм хүндрэл байгаа учраас төрийн ажил урагшлахгүй, эдийн засгийн хямрал улам даамжирна. Би ер нь өнөөдрийн Монголын улстөрийн гутамшиг гэж харж байгаа” гэв.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ