Улаанбаатарын бэл, бэнчинтэй, боломжийн амьдралтай болгон Зайсан руу тэмүүлэх болсон. Сөүлийн Ганнамтай зүйрлүүлэн жишихүйц өндөр зэрэглэлийн орон сууц болохоороо Зайсангийн барилга байшингууд өндөр үнэтэй юу гэвэл үгүй ажээ. Зайсан толгой нь хотынхоо өмнө хэсэгт байрладаг хэдий ч Туул голын цаад эрэгт учир голын жаварт утаа тогтох нь бага байдагтай холбоотой юм байна. Өнөөдөр орон сууцны үнэ ханшид олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн дотор хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын чанарын байдал болсон гэсэн сонирхолтой судалгааг судалгаа менежментийн Real Properties компани гаргажээ. Тус компаниас гаргасан "Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 11 дүгээр сарын тойм"-д дурдсан шинэ хуучин орон сууцны үнэ ханш болон үнэ ханшид нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Хуучин сууц үнэ цэнээ алдаагүй байна
Улаанбаартын нийт орон сууцны 51,8 хувь нь Баянзүрх, Баянгол дүүрэгт, тэр дундаа 32,1 хувь нь Баянгол дүүрэгт байдаг ажээ. Тиймээс ч хуучин болоод шинэ орон сууц авах, зарах, солих, зөрүүг тооцон солилцоо хийх гэхчилэн орон сууцтай холбоотой бүхий л зарын 56,2 хувийг дээрх хоёр дүүргийн иргэд өгсөн байх ажээ. Хуучин орон сууцны эрэлт багассан хэдий ч нийлүүлэлт буюу зарах хүсэлтэй хүмүүс олон байгаа нь зарын сонинуудад хийсэн судалгаа харуулжээ. Өнгөрсөн сард 1-4 өрөө хуучны орон сууц зарахаар 1100 орчим зар тавигдсанаас 295 зард анализ хийжээ. Нийт зарын 22 хувийг нэг өрөө, 49 хувийг хоёр өрөө, 20 хувийг гурван өрөө, найман хувийг дөрвөн өрөө байрны зар эзэлж байгаагаас зах зээлд хамгийн эрэлттэй нь 1-2 өрөө хэвээр байгааг харуулж байна. Харин үнийн хувьд Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт орон сууц хамгийн үнэтэй байгаа бол Сонинохайрхан дүүрэгт хамгийн хямд байгаа ажээ.
Хуучин орон сууцны үнэ чухам юунаас хамаарч байгааг тогтооход хамгийн түрүүн барилгын хийц, байршил, өрөөний тоо, хэмжээнээс гадна насжилтаас гадна агаарын чанарын индекс онцгой нөлөөлөх болсон байна. Дээхэн үедээ бол хотын төвд, А зэрэглэлийн бүсэд байр орон сууцтай байх нь бахархал байсан бол хүмүүс өдгөө аль болох цэвэр агаартай орчинд байр орон сууцтай байхыг илүүд үзэж байна. Хүйтний эрч чангарсан ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын агаарт хүхэрлэг хий, азотын давхар исэл, жижиг ширхэглэлт тоосонцор нэмэгдэж, тэр хэрээр хүүхэд багачуудын дунд ханиад томуу дэгдэж байгаа нь хүмүүсийн сонголтод онцгой нөлөөлж байгаа юм байна.
Баянзүрхэд шинэ орон сууц олон байна
Өнгөрсөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд шинээр 162 барилга, орон сууцны төсөл хэрэгжиж байгаа ажээ. Тэдгээрийн 69 хувь нь Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байрлалтай бол зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёр сая 358 мянган төгрөг байна. Орон сууцны барилгуудаас хамгийн өндөр үнэлгээтэй нь хоёр сая 855 мянган төгрөгөөр үнэлэгдсэн байна.
Шинээр баригдаж буй барилгын ердөө хоёрхон хувь нь Чингэлтэйд, долоон хувь нь Сонгинохайрхан болон Сүхбаатарт, 15 хувь нь Баянгол дүүрэгт, 27 хувь нь Хан-Уулд, 42 хувь нь Баянзүрх дүүрэгт тус тус баригдаж байгаа юм.
Шинэ орон сууцны хувьд өрөөний метр кв тутамд хоёр сая төгрөгөөр нэмэгдэж байгаа бол барилгын хийцийн хувьд бүрэн цутгамал бол, давхрын тоо өсөх тусам байрны үнэ өсч буй ажээ.
Түүнчлэн хотын төв хэсгийн орон сууц хараахан үнэ цэнээ алдаагүйг дурдах нь зүйтэй болов уу. Судалгаа хийсэн “Real Properties” компани хотын төв хэсэгт аль дүүргийн ямар хороодыг багтааснаа мөн дурджээ. Тус компани баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар Сансарын аюулгүйн тойрог, Зүүн 4 замыг өнгөрөн Нарантуулын баруун урд уулзвар Шинэ нарны гүүрний уулзвар баруун 4 зам гэсэн авто замаар зааглан энэ тойрог дотор орших орон сууцны барилгыг хотын төв гэж үзсэнээ дурджээ. Тэгэхээр энэхүү судалгааны хотын төв хэсэгт Чингэлтэй дүүргийн 1-6-р хороо, Сүхбаатар дүүргийн 1-8-р хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 25 дугаар хороод тус тус багтаж байгаа юм байна.
Д.ЦЭЭНЭ