Зарим ажиглагчид банкирууд банкнуудаасаа их хэмжээний бонус авч байсан нь банкнуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж санхүүгийн хямралд орж, засгийн газруудаас их хэмжээний мөнгө гаргаж банкуудыг дампуурлаас татаж гаргахад хүргэсэн гэж шүүмжилсэн. Шинэ зохицуулалтаар бонусын 40 хувийг 3-5 жилийн дотор өгөх болно. Түүнчлэн нийт бонусын 50 хувь нь бэлэн мөнгө биш харин тухайн банкны хувьцаа, үнэт цаас байх ёстой гэж заасан байна. Ингэсний үр дүнд банкируудын бонус нь тухайн банкны эрүүл ажиллагаа, үйл ажиллагааны амжилттай илүү уялдах болно гэж үзсэн байна.
Шинэ зохицуулалтыг Европын Холбооны гишүүн улсууд болон Европын Парламент дэмжиж байгаа бөгөөд албан ёсоор батлахын тулд санал хураалтаар шийдэх л үлдээд байна. Бонусаас гадна банкны гүйцэтгэх захирлуудыг ажлаасаа гарахад өгдөг цалин, урамшууллыг мөн уг хуулийн төслөөр зохицуулсан байна.
Т.Бадрах