Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачилан боловсруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2014.12.05/ Төрийн ордны Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Батхүү болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн асуудал эрхэлсэн дэд дарга Ч.Жаргалсайхан, Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр, Зам тээврийн яамны мэргэжилтэн А.Энхболд, Хууль зүйн яамны мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн багш А.Эрдэнэтуяа, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн хуульч Я.Мөнхжаргал нар болон холбогдох албаны бусад хүмүүс оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү үг хэллээ. Тэрээр хуулийн төсөлд орсон зарим зүйл заалтын талаар танилцуулаад, зарим тоон мэдээллийг өгсөн юм.Тухайлбал, 2013 онд улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан бол 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Улсын хэмжээний үзүүлэлтүүдийг урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 6 пунктээр буюу 14,0 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 14 буюу 7,7 хувиар өслөө. Орон нутагт 30 хүүхэд, нийслэлд 7 хүүхэд амь насаа алджээ. Амь насаа алдсан хүүхдийн насны байдлаас харахад 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54,0 хувийг эзэлж байна. Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдол 1107 бүртгэгдсэн нь урьд оны үзүүлэлтээс 255 пункт буюу 29,9 хувиар буурсан хэдий ч учирсан хохирол өссөн байна. Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76,8 хувь нь явганаар, 21,4 хувь нь тээврийн хэрэгсэлээр зорчигч, 1,3 хувь нь дугуйгаар, 0,5 хувь нь бусад замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна. Нийслэлд 8-14 насны хүүхэд 44,2 хувийг, 0-7 хүртэл насны хүүхэд 38,4 хувийг, 15-17 насны хүүхэд 17,4 хувийг эзэлсэний 62,6 хувь нь эрэгтэй хүүхэд, 37,4 хувь нь эмэгтэй өртсөн гэсэн тоон үзүүлэлт гарав. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад зам тээврийн осолд өртдөг байна. Энэ маршрутаар явахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг боловч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байна.
Улсын хэмжээнд 2014 онд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байгаа бол, цагдаагийн байгууллагын танилцуулгаар 498 нас баралт бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 26,5 хувиар, гэмтсэн хүний тоо 8,0 хувиар өсчээ. Иймээс дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагыг үндэслэн, түүнчлэн олон улсын ба гадаад орны туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан тухай хууль санаачлагч танилцууллаа.
Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан гаргасан юм. Хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш 6 удаа нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжил, олон улсын жишиг, олон улсын гэрээ болон зарим хууль тогтоомжид нийцэхээргүй болж хуучирсан байна. Тиймээс хуулийн үзэл баримтлал, агуулгад бүрэн хэмжээний өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид ажиллаж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр хуулийн зүйл заалт бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн чухал саналуудыг хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.