Хонгконгийн засаг захиргааг “боомилно”

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Хонгконгийн засаг захиргааг “боомилно”

 

Хонгконгийн жагсагчид автозамуудыг хааж, хөдөлгөөнийг хязгаарлахын оронд Хятадаас хараат Ерөнхийлөн захирагч Люн Чун Иний засаг захиргааны үйл ажиллагааг “боомилох” шинэ аргыг хэрэглэхээр болжээ. Хонгконгийн жагсаалыг тэргүүлэгчид Люн Чун Иний тэргүүлсэн засаг захиргааны үйл ажиллагааг тасалдуулахын тулд иргэд, аж ахуй нэгжүүдийн татвар, нийтийн орон сууцанд оршин суугчдыг түрээс төлөхөө зогсоохыг уриалсан байна.

 

Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардсан олон мянган хонгконгчууд хоёр сар гарангийн хугацаанд эсэргүүцэл, суулт зарлан гудамж талбайд хоноглосоор өнөөг хүрсэн юм. Гэвч Хонгконгийн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид ардчилалын төлөө жагсагчдыг хөөж туун, олноор нь баривчлах болсноор эсэргүүцлийн жагсаалын утга учир алдагдаж мөргөлдөөн, сөргөлдөөн болж хувирах эрсдэл үүсээд байжээ. Түүнчлэн автозам, санхүүгийн дүүргүүдийг хаасан нь олон нийт болон бизнес эрхлэгчдийн зүгээс эсэргүүцэл дагуулсан аж. Иймд Хонгконгийн оюутны холбооны лидерүүд эсэргүүцлийн өөр хэлбэрт шилжиж, санхүүгийн дүүргүүдээс хаалт, хашлагуудыг өөрсдөө зайлуулахаар шийдсэн байна.

 

Хонгконгчууд удирдлагаа Бээжингээс хараат бусаар бие даан сонгохыг хүсч, сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм. Гэвч Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн Ерөнхийлөн захирагчид нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзлоо өөрчлөх бодолгүй байна. Хонгконг нь нэг улс, хоёр систем бодлогын хүрээнд Хятадаас хараат байдлаар оршдог юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж