Монголын жүдочид эхний өдөр медальд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Монголын жүдочид эхний өдөр медальд хүрсэнгүй

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээн Токиогийн “Их дуулга”-аар үргэлжилж байна.

Японы Токио хотод болж буй уг тэмцээнд 65 орны 470 орчим жүдоч өрсөлдөж байгаа юм.

Эхний өдөр болсон хөнгөн жингийн барилдаанд манай улсаас зургаан бөх татамид гарсан бөгөөд нэг нь ч медалийн төлөөх өрсөлдөөнд шалгарч чадсангүй. Тодруубал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар, мөнгөн медальт Д.Амартүвшин нар гуравдугаар тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ дуусгав. Дээрх хоёр тамирчин хоёулаа торгуулиар ялагдсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг Японы шилдэг жүдоч Харүна Асамид дийлдсэнээр үзэгчдийн суудалд шилжлээ. Гурван ч том тэмцээнээс дараалан алтан медаль хүртээд байсан олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг 66 кг-ын жинд барилдан, Италийн бөх Элио Вердег дийлсэнгүй. Тэрээр цаг дуусахад гуравхан секунд дутуу байхад алдаа гаргаснаар ийнхүү цэвэр ялагдсан юм.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон эхний тойрогтоо Оросын бөх Юлия Рижоваг ялсан ч дэвжээний эзэн Шишимид дийлдэв. Харин 57 кг-ын жинд Д.Сумъяа гуравдугаар тойрогт Японы Тукаса Ёшидад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Маргааш эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Д.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдана.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж