Зул сарын баярт умбасан тансаг харш. Ноёд хатагтай нар вальс эргэж, алиа салбадайнууд үзүүлбэр үзүүлэн, шидтэнгүүд хүүхдүүдэд бэлэг тараана. Харин цөмөөхэй нэртэй, муухай царайтай модон хүүхэлдэйг бэлгэнд авахыг хэн ч хүссэнгүй. Клара охин л Цөмөөхэйг хайрлан энхрийлж тэврэн бүжиглэнэ. Баяр өндөрлөж хүүхдүүд зүүд нойронд умбах цагаар адгийн царай муут модон хүүхэлдэй амилан үзэсгэлэнт ханхүү болон хувирч Кларатай бүжиглэнэ. Ханхүү харгис хэрцгий хулганын хаанд хорлогдон үзэшгүй муухай царайтай модон тоглоом болсон байж. Зул сарын ийм нэгэн шидэт үдшийг хүүрнэдэг Цөмөөхэйг бүжгэн жүжгийн оршил хэмээн үздэг. Тиймээс зул сарын баярын улирал эхлүүт дэлхийн хэдэн зуун театр өөр өөрийн өвөрмөц тавилттай Цөмөөхэйг амилуулж сая сая хүүхэд багачууд сонгодог бүжгийн ид шидтэй танилцаж эхэлдэг уламжлалтай. Яг өдийд дэлхийн 200 гаруй орны тайзнаа Цөмөөхэй амилаад буй.
“Цөмөөхэйгүй зул сар бол оргилуун дарсгүй шинэ жил” хэмээн The Improper Bostonian сэтгүүл тодорхойлжээ. Тэгвэл “Монголын балетын хөгжил сан”-н тэргүүн, Бостон Балет-н гоцлооч, гавъяат жүжигчин Д.Алтанхуяг шинэ жилийн оргилуун дарс болгон бүрэн хэмжээний “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг монголынхоо үзэгчдэд зориулан шинэчлэн тавьж байна.
АНУ-н бүжгэн жүжгийн шилдэг таван компанийн нэгд эрэмбэлэгддэг Бостон Баллет улсынхаа хэмжээний хамгийн шилдэг Цөмөөхэйн шагналаараа мөн алдартай. Өнгөрсөн жилийин зул сарын баярын үеэр нийт 42 удаа “Цөмөөхэй”-д бүжиглэлээ гэж Алтанхуяг ярьсан байдаг. Харин энэ жил Бостон Балетынхаа уран сайхны удирдагч Микки Ниссиний тавилтаас сурсан мэдсэнээ өвөртлөн Улаанбаатарынхаа жаврыг зорьсон хэрэг. “Цөмөөхэйг тавих албан ёсны эрхийг Бостон Балетаас авсан. Тайз чимэглэл, хувцаснууд тэндээс ирж байгаа. Японоос 12 бүжигчин ирнэ. Хамгийн гол нь монголын хүүхдүүдэд зориулан тавигдаж байна” хэмээн Д.Алтанхуяг өөрийн амилуулж буй Цөмөөнхэйн онцлогийг тэмдэглэв.
Бүжгийн авъяастай, бүжиглэх дур сонирхолтой 250 хүүхдээс шигшигдсэн 180 хүүхэд Цөмөөхэйд бүжиглэхээр орой бүр бэлтгэлээ базааж буй. Тэднээс 5 нь Клара охинд шалгарчээ. “Манай Кларанууд их хөөрхөн. Бүжигчдээ шалгаруулахдаа бүжгийн элементийг сайн гүйцэтгэсэн гэхээсээ өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаад нь түлхүү анхаарсан”.
Дэлхийн мянга мянган бүжгийн жүжигчдийн мөрөөдөл болсон Бостон Балетын гоцлол бүжигчин Алтанхуяг надтай ярилцангаа балетын оймстой хөлөө ээлжлэн өвөр дээрээ авч сунгалтдаа бэлтгэнэ. “Долдугаар ангид сурч байх үеэсээ балет монголоор хэмжигдэхгүй, дэлхийн урлаг юм байна гэж ойлгож эхэлсэн. Зорилго бий болсон юм уу даа. Энийг л би сурчихвал гээд л бэлтгэлээ хийнэ… Харанхуй шөнө зааланд ганцаараа үлдэх үед бас айна аа. Гэсэн ч үсрээд л, бүжиглээд л. Харин өөртөө итгэлтэй болж ирсэн үе бол 2001 онд Японд болсон Азийн балетын бүжигчдийн олон улсын тэмцээнд түрүүлсэн үе. Үнэндээ бол түрүүлэх ямар ч итгэлгүй, мундаг хүмүүсийг харъя л гэж бодож очсон. Түүнээс хойш тэмцээн бүрт түрүүлэх гэж ордог болсон”.
Мэдээж дараа нь Алтанхуягийн амжилтын үе эхэлсэн. Комаки Балетын эзэн Асами Маки Японд бүжиглэх урилга ирүүлж харин тэнд бүжиглэж байхдаа Бостон Балетын уран сайхны удирдаачийн анхааралд өртсөн хэрэг. Түүнээс хойш найман жил өнгөрчээ. “Бостон бол европжуу хот. Их сургуулиуд, Бостон балет, Бостон Симфони Оркестр зэрэг газруудаараа алдартай. Ер нь үзэгчдээ анзаарч байхад тийм эрдэмтэн, ийм профессор гэсэн хүмүүс их суугаа харагддаг” хэмээн амьдардаг хотынхоо талаар сонирхуулсан юм.
Бүжгийн жүжигчдийн өвөрмөц ертөнцийн тухай тэрээр “аль ч оронд ялгаагүй хүмүүс биднээс та нар ажлынхаа дараа юу хийдэг вэ, өдөржин бэлтгэл хийх үү гэхчлэн хачирхан асуудаг юм. Уг нь бид ялгаагүй л хүмүүс. Зүгээр мэргэжлийнхээ онцлогоос болоод өөрийн мэдэлгүй этгээд гэмээр үйлдэл гаргадаг байж магад” хэмээн мушийв.
“Амаргүй үе бий. Өөрийн биеэ яг л цэцэг шиг арчилж, булчин шөрмөсөө аргадаж авч явахыг шаарддаг. Бүжгэн жүжиг бол төгс байхын урлаг гэж ярьдаг. Төгс төгөлдөр байхаас өчүүхэн дутаахыг тэвчиж чаддаггүй урлаг гэж манайхан ярьцгаадаг юм. Үнэн л дээ”.
Балетын өрсөлдөөн эдүгээ Азийн орнуудад хүчтэй өрнөж байна. Хятад, Солонгос, Японы балетын театрууд дэлхийд алдараа олчхож. Энэ тухай Алтанхуяг “Балет өөрөө цогц бүтээл. Тайз, хөгжим, бүжигчид, бүжиг дэглээчид гээд. Хятад гэхэд л тэр бүгдийг цогцоор нь цуглуулж, босгож чаддаг орон. Тиймээс хятадын төв театрын сайн бүжигчдэд гадаадад гарах сонирхол нэг их байдаггүй байх” гэв.
“Хар хун” киноны гол дүрээр Оскарын шагнал авсан Холливудын жүжигчин Натали Портмэн шагнал гардуулах ёслолын тайзнаас уг кинонд хамтран ажилласан Нью Йорк Балетын гоцлооч Бэнжамин Милпий-тэй хайр сэтгэлийн холбоотой болсоноо зарлан шуугиан тарьж байв. Дараа нь сурвалжлагчид Бэнжаминтэй хэдийнээс хайр сэтгэлтэй болсоныг нь асуухад “тайзан дээр хослон бүжиглэж байхдаа…” гээд “…бүжгэн жүжигт хослон бүжиглэх хичнээн романтик гээч” гэмээн дуу алдсан байдаг.
“Бүжиглэх үе үнэхээр романтик л даа. Тайз чимэглэл, хөгжим гээд нийгмийн ердийн хэвшлээс салгаад шал өөр орчинд оруулчихдаг. Яах аргагүй ид шидтэй урлаг гэж мэдрүүлдэг” хэмээн Алтанхуяг балетийн урлагийн гайхамшгийг тодотгосон юм.
Бостон Балетын бүжигчдийн ажлын хуваарь сар жилээрээ төлөвлөгдөн нарийн гардаг. “Миний хувьд бүтэн жилийн нилээн шахуу ажлын хуваарьтай байгаа. Гэтэл би Цөмөөхэйг зохион байгуулна гээд найман долоо хоногийн чөлөө хүссэн. Нилээн л юм болж байж шийдүүлсэн” гэсэн юм. Тэрээр жил бүр эх орондоо нягт нямбай төлөвлөсөн төсөлтэйгөөр цөөхөн хоног ирээд буцдаг билээ. Харин энэ удаагийнх хамгийн урт нь. Бас хамгийн завгүй нь бололтой. Нүсэр тоглолтын зохион байгуулалтыг хангахын зэрэгцээ өөрөө бэлтгэлээ базаан бүгдийг амжуулж явна.
“Цөмөөхэйг дэлхийд тавигддаг тэр ая дангаар нь тавьж, ид шидийн энэ урлагийн гайхамшгийг хүүхэд залуусынхаа сэтгэлд хүргэн мэдрүүлэх нь миний мөрөөдлүүдийн нэг. Монголынхоо бүжгийн жүжгийн хөгжлийг дэмжиж ажиллах нь манай сангийн болоод миний мөрөөдөл төдийгүй үүрэг маань юм”.
С.ЭНХЦЭЦЭГ
Холбоотой мэдээ