Сайд нарын талаар гишүүд юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2014.12.05-нд нийтлэгдсэн

Сайд нарын талаар гишүүд юу хэлэв?

Төрийн ордонд сандал суудлын хуваарилалт хийгдэж, бялуугаа яаж хуваахаа сэм ярилцаад эрхэм гишүүд зав алга. МАН-ынхан  засагт орж ажиллахдаа нэлээн гуйлгасан шигээ үндсэн чиглэлийн Сангийн яам, Шадар сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яамыг авахаар зэхэж байгаа бол  Шударга ёс эвсэл Шадар сайдын суудал өгсөнгүй гэж гомдоллож байна. Шударга ёс эвслийнхэн  чуулганы хуралдаандаа ч суулгүй хэсэг бүлгээрээ Ерөнхий сайдын үүдийг сахиж, сэтгүүлчдэд ч мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа. Сураг сонсвол эвслийнхэнд Монгол Улсын сайд буюу хэл ам татлаад байгаа яамгүй сайдыг өгөх гэтэл мөн л гэдийжээ. Харин нэг ч яамгүй үлдэх нь тодорхой болоод байгаа ИЗНН-ынхан нөхцөл байдалтайгаа эвлэрэв бололтой, чимээгүй байхыг хүссэн юм.

Хуулиараа өнөөдрийн 18.00 цаг хүртэл Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх хугацаа бий. Тэгэхээр МАН даруй удирдах зөвлөлөө хуралдуулж, хэнийг сайдад дэвшүүлэхээ шийдсэний дараа, Шударга ёс эвслийн гомдлыг нэг тийш цэгцэлж, АН–ын бүлэглэлүүд сайдын нэрээ тохиролцсоны дараа  бүрэлдэхүүний асуудал орж ирэх нь.  МАН дотор ч сайдын суудлын төлөөх ширүүхэн өрсөлдөөн өрнөж байгаагаас хэнийг дэвшүүлэх асуудал удааширч байгаа бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Сангийн сайдад Ж.Эрдэнэбат, Я.Содбаатар, Шадар сайдад У.Хүрэлсүх, С.Бямбацогт, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол нарын нэр яригдаж буй. Нэгэнт нэг яаманд хоёр хүний нэр яригдаж байгаа учир санал хураалтаар шийдэж магадгүй байна. Албан тушаал горилоогүй гэж ам амандаа шаагилддаг ч адаг сүүлд нь албан  тушаалын төлөөх тулаан ил тод өрнөж байна. Энэ цаг үед Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн С.Оюун: Биднийг оруулсангүй гээд хамгийн түрүүнд гомдоллоод баймааргүй байна. Ер нь бол манайд яам олдохгүй нь ойлгомжтой болсон.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: 2012 онд манайд урилга өгсөн. 2014 онд ч урилга өгсний дагуу ажлаа хийгээд л явсан. Хүмүүс боорцог хувааж байгаа мэт яам оногдох гэж яриад байх юм. Яам оногдох гэдэг утгагүй л дээ. Шинэ Засгийн газар бүтцээ оруулж ирэхдээ  бидний баримтлаад байгаа үнэ цэнэ болох “Ногоон хөгжил” гэдэг үгийг авч хаясан байсан. Тэрийг нь нэг хүний санал илүүтэйгээр байнгын хороонд батлуулаад УИХ-аар олонх нь дэмжсэн. Мэдээж хэрэг ИЗНН, АН- бусад намуудтай үнэ цэнээ баримталж ажиллахаас биш сандал суудал гол биш. Тийм ч учраас би твитертээ нэг шүлэг зохиож бичсэн.

Одтой тэнгэр орчиж
Ордон  тэр чигээрээ хөдөлж
Албан тушаалын  төлөө
Арсалдан тэмцэлдэж байна даа… гэж. Гоё шүлэг байгаа биз.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Бялуу хуваах том зодоон энэ улстөрд явж байна. Том том улстөрийн бүлэглэлүүд улс орны эрх ашгийг хойш тавьж, албан тушаал хөөцөлдөж байна. УИХ-ын гишүүд ингэж зодолдоод, бялууны хэрүүл хийгээд байх шаардлагагүй. Ерөнхийлөгчийн хэлж байгаачлан мэргэжлийн Засгийн газар байгуулаад явах нь зөв. Миний хувьд, УИХ-ын гишүүний ажлаа хийгээд явна. Бүлэг фракциуд нь ойлголцохгүй, намууд нь сандал суудлаа булаацалдаад байна. Ийм хүндрэл байгаа учраас төрийн ажил урагшлахгүй, эдийн засгийн хямрал даамжирна. Өнөөдрийн Монголын улстөрийн гутамшиг. МҮДН  хуралдаа ирэхгүй байна. Тэгэхээр фракциуд ойлголцохгүй байна гэж дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Санал бодол зөрөлдөж байгаа зүйл бий. Гэхдээ өнөөдөртөө багтаад асуудлаа шийдчих байх. Нам дотор бол нэг хүн  Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байхад нөгөө нь гаднаас томилох тохироотой байна. Сайд хийж чадах хүмүүсийн нэр яригдаж байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайдад Пүрэвсүрэн, бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдад, Хуульзүйн сайдад Д.Дорлигжав магадлал өндөр байна.

УИХ-ын Ж.Батзандан: Би хүний нэр яримааргүй байна. Засгийн газрын бүтцийг ажиглахад боломжийн зүйл харагдаж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн яамыг Эрүүл мэнд, спортын яам гэж оруулж ирсэн нь нийтийн биеийн тамир гэдэг утгаараа бодлогын хувьд зөв болсон. Аж үйлдвэрийн буюу хүнд үйлдвэрийг тусад нь гаргасан нь зөв. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалыг нэгтгэсэн нь зүйтэй. Яамгүй сайдын тухайд  шүүмжилмээр зүйл харагдаж байгаа. Гэхдээ шинэ Засгийн газрыг ажилд нь оруулж, ядаж нэг жил ажилласных нь дараа шүүмжлэх хэрэгтэй байх.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь: Өнөөдөр хэн аль яамыг удирдах асуудлыг шийдэж, УИХ-ын даргад өргөн барих учиртай. Тиймээс намууд бүтцийн байгууллагаа, манайх  бол удирдах зөвлөлөө хуралдуулж бүлгээр яриад сайдуудаа тодруулна. Бүлгийн хувьд үндсэн чиг үүргээс бусад яамдын сайдыг гаднаас  мэргэжлийн байх зарчим барьж байгаа. Манайд Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам оногдож байгаа. Бусад яамдын тухайд эцэслэн шийдэгдээгүй байна. 

УИХ-ын гишүүн Су.Батболд: Засгийн газрын бүтэц бүэлдэхүүнийг батлах хугацаа өнөөдөр18.00 цагаар дуусгавар болно. Одоо манай намын удирдах зөвлөл хуралдах гэж байна. Үдээс хойш  сайд нарын нэрс өргөн баригдана. Манай нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дан дээлтэй байх шаардлагыг тавьж ирсэн учраас үндсэн чиг үүргээс бусад яамдад гаднаас хүн томилогдох байх. Хэн дэвшиж байгаа талаар мэдээлэл надад алга.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Бидний ярьж байсан Үндсэн хуулийн өөрчлөлт, улстөрийн хямралаас гарах зарчмыг гол болгоогүй, өмнөх МАНАН-тай адил болж байгаа учраас “Шударга ёс” эвсэл  үүнд орох шаардлагагүй гэж үзэж байгаа. Нэг сайдаа хоёр болгох, эсвэл зүгээр нэг яамыг Шадар сайд болгох гээд байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Том мөнгө зарцуулдаг яам авах гэж хичээж байна. Ийм л тэмцэлдээн явж байна. Анхнаасаа хамтарсан Засгийн газарт Шударга ёс эвсэл орох шаардлагагүй байсан. Би бүлгийн гишүүддээ МАНАН-ийн Засгийн газарт байх шаардлагагүй гэдгийг хэлсэн.

Ийнхүү ордон доторх албан тушаалын төлөөх яриа хөөрөө, ил далд өрсөлдөөн ид хүчээ авч байна. Үдээс хойш гэхэд сайдуудын нэрс тодорч асуудал нэг тийш болохыг л хүлээх л үлдлээ.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж