Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цөөн асуултад хариулт авлаа.
-АН-ын бүлэг шинэ Засгийн газарт орж ажиллах гишүүдээ сонгосон уу?
-УИХ-аар өчигдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа намын бүлгүүд сайд нарынхаа нэрсийг Ерөнхий сайдаар дамжуулан УИХ-д оруулж ирэх үүрэгтэй. Хуулийн эцсийн хугацаа өнөөдөр дуусна. Сайд нарын нэрс өнөөдөр өргөн баригдах ёстой. АН-ын хувьд үндсэн чиглэлийн сайдууд буюу дөрвөн яамны сайд УИХ дотроосоо байх хэрэгтэй гэсэн бодлого барьж байна. Бусад чиглэлийн яамны сайдуудыг УИХ-ын гаднаас томилъё гэсэн зарчим дээрээ тохирсон.
-Танай “Шонхор” фракц жишээлбэл С.Эрдэнэ сайдыг хөдөлгөхгүй гэж байр сууриа илэрхийлсэн тухай дуулсан?
-Нам дотроо фракцуудад хуваагддаг нь ил тод байдаг зүйл. Фракцуудад ч ярьж байгаа нэг зарчим бол Засгийн газрын гишүүдийн 50 хувийг УИХ-аас, үлдсэнийг УИХ-ын гаднаас томилно гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгсөн гэж би сонссон.
-Тэгвэл ХАХНХЯ үндсэн чиг үүргийн яам биш шүү дээ. Энэ тохиолдолд ямар хувилбар байж болох вэ?
-Өнөөдөр фракцын хуралд би сууж амжаагүй. Хоёрдугаарт, ер нь ажлын хэсэгт ерөнхий тохиролцоо ойлголцолд хүрсэн. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд өнөөдөр асуудал яригдана. Ямар ч байсан фракцуудад хуваарилагдаж байгаа яамдын сайд нарын 50 хувь нь дан дээлтэй байна гэсэн зарчим дээрээ хатуу зогсоно.
-АН-ынхан дотроо ойлголцож тохиролцож чадахгүй байна гэсэн яриа бий?
-Ойлголцож таарна, хууль хугацаатай. Хуулийн хугацаандаа ажил явах ёстой. Мэдээж 100 хувийн ойлголцол гэж хаана ч байхгүй. 80 хувийн ойлголцолтой байхад асуудал урагшилна.
-Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайдуудаас суудалдаа үлдэх сайдууд хэр олон байгаа вэ?
-Би хүний нэр яримааргүй байна. Ямар ч байсан Засгийн газрын бүтцийг ажиглахад бас боломжийн зүйл харагдаж байна. Тухайлбал, Эрүүл мэндийн яаманд спортыг нийтийн биеийн тамир гэдэг утгаар нэгтгэж оруулж ирсэн нь бодлогын хувьд зөв болсон гэж үзэж байгаа. Аж үйлдвэр буюу хүнд үйлдвэрийн яамыг тусад нь гаргаж байгааг цаг үеийн шаардлагад нийцсэн гэж харж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг нэгтгэж, нягт уялдаатай энэ хоёр салбарыг нэг удирдлагаар хангах болж буй нь зөв.
-Яамгүй сайдын албан тушаал гаргаж ирлээ шүү дээ?
-Үүнд шүүмжлэлтэй хандаж болно. Гэхдээ шинэ Засгийн газрыг эхлээд ажил хийхийг нь харах хэрэгтэй. Шүүмжилж муу талаас нь харахаас илүүтэй дэмжиж, ажилд нь оруулах нэн тэргүүний шаардлага боллоо. Засгийн газрыг шүүмжлэх маш амархан, гэхдээ байгуулсан Засгийн газраа нэг жил ажиллах бололцоогоор хангая гэж бодож байна. Мэдээж ажлын явцад алдаа гарвал засаж, залруулаад явах байх.
-Засгийн газрын бүтэц буцаад данхайлаа?
-Парламентад суудалтай бүх нам Засгийн газарт орсон учир бүтэц 15 яамтай батлагдсан. Яамгүй сайдын суудал бий болж байна. Эдийн засгийн хямралын нөхцөлд ихэнх улс оронд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагддаг. Мөн нөгөө талаас олонхгүй Парламентийн үед үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагддаг. Тэгэхээр миний бие улс төрийн намууд бүгд Засгийн газарт орсон энэ тохиолдолд боломжийн хувилбар гэж харж байна.
эх сурвалж: gogo.mn